“Оюу толгой”-н баяжмал дахь алтны үйлдвэрлэл буурчээ
2016 оны 10 сарын 24

oyutolgoi

Монголын эдийн засаг зэс, нүүрс зэрэг түүхий эдийн экспортоос шууд хамааралтай. Өнгөрсөн 2012 оноос эхлэн түүхий эдийн үнэ унаж, 2011 онд дэлхийд хамгийн өндөр буюу 17 хувьтай байсан манай улсын эдийн засгийн өсөлт буурсаар 2015 онд 2.3 хувь болсон билээ. Энэ нь улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлж, Засгийн газрын төсвийг хумьсан талаар гадны хэвлэлүүдэд бичсээр байна.

Энэ сарын 21-ний өдөр “The Diplomat”-д: Монголын төсвийн алдагдал ДНБ-ийх нь 20 хувьтай тэнцэж байна. Харин нийт өрийн хэмжээ нь ДНБ-ийх нь 200 орчим хувьтай тэнцэж буй нь тус улс сүүлийн хэдхэн жилийн хугацаанд ийм их хэмжээний өр тавьсантай холбоотой хэмээн бичжээ.

oyutolgoi

Эдийн засгийн шинжээчид Монголын дунд болон урт хугацааны өрийг удирдах илүү их боломжтойг онцолж байна. Тухайлбал, ирэх жилүүдэд түүхий эдийн ханш сэргэж эхэлвэл Монгол руу орох хөрөнгийн урсгал эрчимтэй нэмэгдэнэ гэжээ. Зөвхөн энэ онд гэхэд нүүрсний үнэ 150 хувиар өсч, зэсийн үнэ тогтворжсон.

Монголын хамгийн том зэсийн орд болох “Оюутолгой”-н төсөл нь удахгүй Монголын эдийн засгийг сэргээж, бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ асар их хэмжээний орлогыг бүрдүүлэх юм. 2018 он гэхэд Монголын ДНБ-ий өсөлт 7 хувьд хүрч, 2019 онд энэ хэмжээ хоёр оронтой тоонд хүрнэ гэж шинжээчид таамаглажээ.

Гэвч өнөөдрийн байдлаар, “Оюу толгой” компаний 2016 оны III улирлын үйлдвэрлэлийн тайлан мэдээнээс үзэхэд, боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлынхтай харьцуулбал 4.0 хувиар, зэсийн үйлдвэрлэл II улирлаас 9.9 хувиар, баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 47.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

oyutolgoi

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.