Г.Ганзориг: Хамтдаа шийдэл олох цаг болсон
2017 оны 5 сарын 27

ГОЛОМТ БАНКНЫ ЭДИЙН ЗАСАГЧ Г.ГАНЗОРИГ: “ЗЭЭЛИЙН ХҮҮГ ГАНЦХАН ТОВЧЛУУР ДАРААД БУУРУУЛАХ БОЛОМЖГҮЙ ЮМ. ХАМТДАА ШИЙДЭЛ ОЛОХ ЦАГ БОЛСОН”

-Олон жилийн турш бизнес эрхлэгчид болоод иргэдийн бухимдлыг төрүүлж ирсэн зээлийн хүүг бууруулах уралдааныг Голомт банкнаас зарлажээ. Ийм санаачилга яагаад гарах болов?

-Зээлийн хүү өндөр байх нь бүх талдаа хохиролтой. Өндөр хүүтэй зээл авсан ААН-д учрах зээлийн дарамт их байснаар үйл ажиллагаа нь доголдож, зээл эргэн төлөгдөх магадлал буурна. Энэ нь чанаргүй зээлийг өсгөөд байгаа юм. Манай улсын хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ 9%-тай байна. Энэ бол сүүлийн 5 жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм. Энэ дундаа уул, уурхайн салбарын чанаргүй зээл 40%-ийг эзэлж байна. Мэдээж үүнд олон зүйл нөлөөлж байгаа ч, зээлийн хүү өндөр байгаа нь хамгийн их жин дарж байна. Банкны хувьд зээлийн хүүг бууруулж, урт хугацаанд үр ашигтай, найдвартай ажиллах харилцагчидтай байхыг л зорьдог.

Гэтэл өнөөгийн эдийн засгийн байдал эсрэг зүг рүү яваад байна. Иймээс эдийн засагч, судлаачид хамтарч байж урт хугацаанд хэрэгжих боломжтой гарц олох хэрэгтэй байна. Яагаад банк санхүүгийн салбарынхан бүгд хамтрах ёстой вэ гэвэл аль нэг арилжааны банк эсвэл удирдах байгууллага ганцхан товчлуур дараад л хүүг буулгачих боломжгүй шүү дээ.

Эх үүсвэрийн өртөг нь зээлийн хүүний суурь болдог. Энэ нь тухайн банкны, цаашлаад тухайн улсын зээлжих зэрэглэлээс хамаарч байдаг. Нэг үгээр хэлбэл зээлийн хүү ямар байх нь ганцхан банкны асуудал биш улс орны хэмжээнд яригдах сэдэв юм. Иймд бид яг нэг зүг рүү хамтдаа хөдлөх цаг хэдийн болжээ.

Зээлийн хүү өндөр байгаа асуудал нийгмийг хамарсан сэдэв болсон, мөн дефляцитай байгаа энэ үеийг ашиглаж, банк санхүүгийн салбарынхан зоригтой алхамууд хийж эхэлбэл бодитой үр дүнд хүрэх юм болов уу хэмээн харж энэхүү уралдаанаа зарласан. Үр дүнд хүрнэ гэж найдаж байна.

-Арилжааны банкууд зээлийн хүү тогтоох дээр ер нь ямар оролцоотой байдаг вэ?

-Зээлийн хүүг тогтоохдоо хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгийг харгалздаг. Өмнө нь хэлсэнчлэн гол суурь нь эх үүсвэрийн өртөг юм. Манай улсад хадгаламжийн хүү 15%-тай байгааг бүгд мэдэж байгаа. Үүн дээр банкууд үйл ажиллагааныхаа зардлыг нэмж тооцдог.

Өнөөдөр Монгол Улсын санхүүгийн салбарт 25 мянга орчим хүн ажилладаг. Үүнээс банкны салбарт талаас дээш хувь нь ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн цалин орлогыг бүрдүүлэх учиртай үйл ажиллагааны зардлыг зээлийн хүүд тусгахад хамгийн ихдээ 1%-иар л нэмэгддэг.

Тэгвэл хамгийн гол жин дарах хэсэг нь нь эрсдэлийн шагнал буюу тухайн зээл төлөгдөхгүй байх магадлал байдаг. Хамгийн сүүлийн статистик мэдээллээс харахад системийн хэмжээнд нийт зээлийн 9% нь төлөгдөхгүй байна. Энэ нь яах аргагүй зээлийн хүүн дээр нэмэгдэж таардаг.

Гэтэл нөгөө талаас зээл төлөгдөхгүй байгаа шалтгаан нь өндөр хүүнээс болж байна. Эсрэг зүг рүү яваад байгаагийн шалтгаан нь энэ. Ингээд бодохоор зээлийн хүү дор хаяж 25% болж байгаа юм. Бидний оролцоо бол ердөө л зах зээлийг бодитоор үнэлэх явдал байдаг.

-Тус уралдаанд оролцох сонирхолтой хүмүүс хэрхэн оролцох вэ?

-Голомт банкны вэб хуудасны эхний нүүрэнд “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги” гээд постер байгаа. Түүн дээр дарахаар манай уралдааны удирдамж гарч ирнэ. Тэнд ерөнхий шаардлага нь бий.

Миний зүгээс уралдаанд  оролцох хүсэлтэй хүмүүсийг тэрхүү шаардлагыг жишиг гэдэг талаас нь хараасай гэж хүсч байна. Уралдааны маань гол зорилго нь  зөв санал, шийдлийг олоход оршиж байгаа болохоор формат, бичилтийн хэлбэр зэрэг төдийлөн нөлөөлөхгүй.

Уралдаанд хэн ч оролцох боломжтой гэдгийг анхаараарай. Удирдамж дээр эдийн засагчид гэсэн байгаа, тэр зөвхөн жишиг юм шүү. Шаардлага биш.

Ингээд нийт уралдаанд оролцогчиддоо өндөр амжилтыг хүсье. Зээлийн хүүг бууруулах шинэлэг санаа тань монголын банк санхүүгийн салбар төдийгүй бизнес эрхлэгчдийн хувьд шинэ гарцыг нээж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.