Оюутолгой тендер будлиулж, компаниудыг хохироожээ
2016 оны 11 сарын 21

Сүүлийн үед Оюутолгойтой холбоотой таагүй мэдээлэл хөврөх болсон. Тэгвэл тус компанитай холбоотой бас нэгэн ноцтой мэдээлэл дэлгэгдлээ.

Оюутолгой компани өнгөрсөн есдүгээр сарын 6-ны өдөр гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд зориулагдах бетон зуурмаг нийлүүлэх тендерийг зарлаж байгаагаа өөрийн вэб сайтад мэдээлжээ. Ингэхдээ тендерийн материал хүлээж авах хугацааг есдүгээр сарын 19-ны өдөр гэж мэдэгдсэн байна. Зарлагдсан долоо хоногийн хугацаанд буюу есдүгээр сарын 19-ны өдөрт багтаан хэд, хэдэн компани материалаа Оюутолгой компанид хүргүүлсэн аж. Оюутолгой компанийн тендер анх зарласан мэдээллийн дагуу бол есдүгээр сарын 19-ны өдөр компаниудын мэдээллийг авч дуусаад 20-оос шалгаруулалтаа эхлэх ёстой байжээ.

Гэтэл тодорхой бус шалтгаанаар тендер хүлээж авах хугацааг есдүгээр сарын 26-ны өдөр буюу долоо хоногоор хойшлуулсан байна. Энэ долоо хоногийн хугацаанд өөр компаниуд нэмж материалаа ирүүлсэн нь тодорхой. Ингээд зогсохгүй тендерийн сонгон шалгаруулалт болж албан ёсны хариуг мэдэгдэх хугацаа болох үед буюу аравдугаар сарын 11-ны өдөр есдүгээр сарын 6-ны өдөр зарласан тендерээ өөр нэр, дугаараар дахин зарласан байна. Тус тендерийг зарлахдаа компаниудын материалыг хүлээж авах эцсийн хугацааг арваннэгдүгээр сарын 8-ны өдөр гэжээ. Энэ бол тендерийн хууль, дүрмийг зөрчсөн хамгийн ноцтой үйлдэл юм.

Тодруулбал, эхний удаад тендер зарлахдаа компаниудад боломж олголгүйгээр маш давчуу буюу долоо хоногийн хугацаанд материал бүрдүүлэх шаардлага тавьсан. Тэгснээ тус тендерээ долоо хоногоор дахин сунгаж бүр сар орчмын дараа өөр, нэр дугаараар зарласан нь бетон зуурмаг нийлүүлэх энэхүү тендерийг жинхэнэ утгаар нь бантан болгож орхисон гэж хэлж болохоор байна.

Нэгдүгээрт, Оюутолгой компани зарласан тендерийн хугацаагаа тодорхойгүй шалтгаанаар сунгаж цаашилбал дахин зарласан нь зарим нэг компанид давуу эрх олгосон байх магадлалтай байна. Учир нь долоо хоногт материал бэлтгэх сарын хугацаанд бэлдэх хоёр тэс өөр юм. Оюутолгой компани эхний удаад тендерт оролцсон  компаниудын материалыг харж байгаад дараагийн компаниудад мэдээлэл өгсөн байх ч магадлалтай.  Хоёрдугаарт аливаа тендерийг зарлахдаа оролцогч бүх компаниудад материалаа бэлдэх хугацааг хангалттай буюу 30-45 хоногоор олгох ёстой. Гэтэл Оюутолгой компани тендерийн түүхэнд байгаагүй буюу хамгийн богино хугацааг зааж долоо хоногт материалаа ирүүлэхийг компаниудаас хүссэн байна. Ингээд болоогүй зарласан хугацаанд нь материалаа ирүүлсэн компаниудынхаа дунд сонгон шалгаруулалт явуулалгүй дахин тендер зарлаж.

Энэ талаар Оюутолгой компани өнөөдрийг хүртэл тодорхой тайлбар хийгээгүй нь хачирхалтай. Холбогдох хуулиар бол тендерийн материал хүлээж авч дууссан бол шаардлага хангасан аль нэг компанийг сонгон шалгаруулах ёстой. Мөн тендер зохион байгуулагч нь аль нэгэн компанид давуу эрх олгохгүй гэсэн хуультай. Цаашилбал хэд, хэдэн компани материалаа ирүүлсэн байхад дахин тендер зарлах учиргүй. Тендерийг нэг л удаа зарлах бөгөөд тэр дагуу зохион байгуулах ёстой юм. Гэтэл нэг тендерийг хоёр удаа зарлаж маш ойлгомжгүй байдлыг компаниудын дунд үүсгэсэн байх юм. Нөгөөтэйгүүр Оюутолгой компани тендер зарласан нэртэйгээр сонгох компаниа аль хэдийн тодруулчихсан байдаг магадлал дээрх жишээнээс харагдаж байна. Тэгэхээр аль ч талаас нь харсан бетон зуурмаг нийлүүлэх энэхүү тендерийг будлиантуулж орхисон байх талтай байна.

Ер нь тус компани Монгол улсын холбогдох хуулийг зөрчиж тендер будлиантуулж ирсэн юм биш биз дээ гэх хардлага зөвхөн энэ жишээнээс төрж байна. Мөн үйл ажиллагаагаа явуулж ирсэн хугацаандаа аливаа тендерийг дээрх шиг явуулж аль нэгэн компаниуд давуу эрх олгосоор ирсэн юм биш биз дээ гэх мэт асуултууд олон нийтэд төрж буй за.

Энэ мэтчилэн тендер будлиулж компаниудыг хохироосон мэдээлэл олон гардаг ч үүнийг шалгаж тогтоодог хуулийн байгууллага өнөөдрийг хүртэл чимээгүй явж ирсэн. Тэгвэл Монгол улсын хамгийн том зэс, алтны олборлолтын компани болох Оюутолгойтойд гарсан энэхүү хууль бус тендерийг хуулийн байгууллага шалгаж үнэн мөнийг тогтоох уу?. Аль эсвэл чимээгүй харсаар байх уу.

Хариулт үлдээх

Your email address will not be published.