Ерөнхийлөгчид гомдох шалтгаан Н.Алтанхуягт байхгүй
2016 оны 12 сарын 12

images-1

Намын даргаа хэрхэн тодруулахаас эхлээд олон маргаан дагуулсан АН-ын VI Их хурал хоёр өдрийн турш хуралдсанаар хөшгөө хаав. Үндсэн дүрэм, үзэл баримтлалын шинэчлэл, сонгуулийн ялагдал гээд Их хурлыг чиглэсэн олон асуулт, хүлээлт байсан ч олны анхааралд хамгийн их өртсөн хүн нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байв. Саяхан л УИХ-д 35 суудалтай байсан намынх нь амжилтыг ес болгож бууруулсан болохоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт ярих юм их бий байсан болов уу. Гэвч Н.Алтанхуягийн Их хурал дээрээ хэлсэн үг эцэстээ төрийн тэргүүнийг чиглэснээр өндөрлөсөн. Өнгөрсөн хавраас ярьж эхэлсэн түүний яриагаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажил, амьдралтай нь салшгүй холбоотой АН-ыг байнга “хад мөргүүлж” ирсэн гэлтэй. Тийм ч байж болох.

Гэхдээ АН эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилийн түүхээс харвал эсрэгээрээ байх аж. Харин ч АН-ын ялалтад Ерөнхийлөгчийн оруулсан хувь их байна.

Жишээ нь, Улсын дээд шүүхээс Н.Энхбаярт МАХН гэсэн нэрийг олгуулж, МАН-ыг хоёр хуваасны хүчинд АН УИХ-д олонхи биш ч олуулаа болж, Засгийн газраа байгуулах эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, МАХН-ыг улс төрийн намаар бүртгэх тухай Дээд шүүхийн 2011 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоол АН-ын хувьд ялалт байв. Энэ тогтоолын асуудлаар МАН-ын Хяналтын хорооны дарга Л.Дондог, Ёс зүйн хорооны дарга Н.Цагаанхүү нар тухайн үед Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаж байлаа. Тэгэхэд саяхан улираан томилсон Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг “Улсын Дээд шүүхийн тогтоол гармагц биелэгдэх шинжтэй болдог талаар хуульд тодорхой тусгасан тул та бүгдийн гомдлоор Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг хянах, улмаар хүчингүй болгох бүрэн эрх Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид байхгүй болохыг мэдэгдье” хэмээн тайлбарлаж байжээ.

Энэ дагуу МАХН гэсэн брэнд нэр, Н.Энхбаяр гэсэн хүчтэй улстөрчийн хослол юу болдгийг улс орон даяараа харсан. Үр дүнд нь МАН ялагдал хүлээж, “Шударга ёс” эвсэл хэмээх гуравдагч хүчин тодорч байв. Цаашлаад Монголын парламент анх удаа хоёр биш гурван хүчнээс бүрдсэн билээ. Мөн Н.Алтанхуяг монголын ардчилсан түүхэн дэх хамгийн их мөнгөтэй Засгийн газрыг тэргүүлэхээр болсон юм. “Чингис”, “Самурай”, “Хөгжлийн банк”-ны гээд ээлж дараалсан бонд үүний бэлээхэн жишээ.

Гэтэл АН-ын даргын тамгыг одоогийн төрийн тэргүүнээс хүлээн авч 2012 оны сонгуулийн ялалтын ашгийг хамгийн их хүртэж Ерөнхий сайд болтлоо дэвшиж явсан Н.Алтанхуяг яагаад Ц.Элбэгдоржийг элдвээр цоллох болов оо. Хамгийн цагаанаар таамаглахад нийтийн санаа бодлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг хичээж байж мэдэх юм. Түүний тэргүүлсэн Засгийн газарт байсан шиг хөрөнгө Монголын аль ч Ерөнхий сайдын танхимд байсангүй. “Чингис”, “Самурай” бондыг ээлж дараалан босгосон ч энэ их хөрөнгийг олон салаагаар гоожуулж байсан нь мөн л түүнд хамаатай ясуудал.

Хөгжлийн банкаар дамжуулан олгосон эдгээр бондын зарцуулалтыг МАН-ынхан шалгаж, эхнээс нь ноцтой баримтууд дэлгээд эхэллээ. Энэ бүхний хариуцлагаас түүнд наалдах нь дамжиггүй. Ийм үед нэр хүнд, нөлөөтэй томоохон хүн эсвэл бүлэглэл өөрийг нь оролдоод байгаа мэтээр олон түмэнд ойлгуулж, өмгөөлүүлж асуудлыг өөр зүгт эргүүлэх технологи байдаг. Үүнийг л ашиглав уу даа. Хэзээнээс л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээх улстөрчийг элдвээр “маажиж” өөрийгөө олонд таниулах оролдлого тасардаггүй. Өнгөрсөн парламентад УИХ-д суусан бие даагчид түүнтэй л арсалдаж байгаа мэтээр шоуддаг байлаа. Аль аль нь ард түмний баатар болох гэсэн хэлтэй амтай болгон түүнд элдэв асуудал нааж тодрохыг оролддог. Монгол Улсыг ардчилсан чөлөөт нийгэмд шилжихэд оруулсан хувь нэмрээ оруулж явсан, өөртөө үнэт зүйл тээсэн удирдагч бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Нэг хэсэгт нь түүнтэй жөтөөрхөж гэрэлд харагдах хүсэл байдаг бол нөгөө зарим нь зөвхөн түүн рүү дайрч гэмээнэ л нийтийн өмгөөлөлд багтах арга саам хайдаг бололтой. Гэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд Ерөнхийлөгч рүү шороо цацаж яваа нь муухай л харагдаад байгаа юм даа.

Ж.БАЯРСАЙХАН

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

Хариулт үлдээх

Your email address will not be published.