Д.Заяабаатар: Монголч эрдэмтэн бүрийг би Монголыг дэлхийд төлөөлсөн түүхийн элч гэж боддог
2017 оны 2 сарын 20

Монголоо дэлхийд таниулж, эх орныхоо нэрийг олон улсад өргөнө гэдэг маш том бахархал. Тэр тусмаа дэлхийн эрдэмтдийн анхаарлыг Азийн Монголын зүгт татаж, тэдний сонирхлыг үүх түүх, соёл, зан заншлынхаа нууцаар “барьж” чадна гэдэг хэр баргийн аавын хүүгийн чадах зүйл биш. Үүгээр ч зогсохгүй дотоод, гадаадын эрдэмтдийн дундах монгол судлалыг шинэ шатанд ахиулахын тулд нөхцөл бололцоондоо тулгуурлан байж болох бүхнийг хийж байгаа хүний нэг нь Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Д.Заяабаатар юм. Түүнтэй дэлхийн монгол судлал болоод монгол хэл шинжлэлийн өнөө ба ирээдүйн талаар ярилцлаа.

МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ БОЛ МОНГОЛ УЛС

-Таныг өнгөрсөн наймдугаар сард дэлхийн монголч эрдэмтдийг нэгэн дор цуглуулж, Монгол судлалыг дэлхийн хэмжээнд хүргэхээр зорьж ажиллаж байхад тань анх танилцаж байлаа. Та аль нутгийн хүн бэ. Танай удамд хэл шинжлэл ч юм уу, монгол судлалын чиглэлийн эрдэмтэн судлаач бий юү?

-Би Говь-Алтай аймгийн Шарга сумын хүн. Шаргын говийн хүүхэд. Миний аав ээж жирийн нэг малчин, тэмээчин хүмүүс. Миний төрсөн нутаг өвөлдөө хөрсөн дээрээ цочир хүйтэрч, зундаа хамгийн их халдаг өвөрмөц тогтоцтой. Би олуулаа өссөн. Тэр үеийн олон хүүхэдтэй айл ямар байдаг байсан тийм л эгэл бор орчинд өсөж торнисон. Миний аав Далай гэж сайхан буурай байсан. Миний сэтгэлд хамгийн том орон зайг эзэлдэг хүн бол аав минь. Монгол эр хүн гүдэс шулуун, олонтой нийцтэй, ноён нуруутай, жудагтай байх ёстой гэсэн тийм нэг суурь хэмжүүр байдаг л даа, надад. Миний аав тийм л монгол эр хүн байсан. Сумын заан цолтой. Хэрвээ надад эр хүний жудаг, эерэг зан чанар байдаг бол тэр бүхэн ааваас минь л үлдсэн гэж боддог. Харин миний ээж Гампил гэж насаараа мал дагасан хүн бий. Одоо ч Шарга сумандаа амьдарч байна. Миний ээжийн аав нь “Цагаан морьт лам ах” гэж олонд хүндлэгдсэн эрдэм номтой, цагтаа Төвдөд сурч эрдмийн цол хүртэж явсан лам хүн байсан. Нагац ах маань төрийн шагналт, гавьяат багш Чоймаа. Миний сайн сайхан, өөрийнхөө хэмжээнд амжилттай явж байгаагийн утга учир нь миний аав ээж хоёрын минь ач, буурал аавын минь буян хишиг гэж сүсэлж явдаг.

Би 1994 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Улаанбаатарт оюутан болохоор ирж байлаа. 1998 онд сургуулиа дүүргэсэн. Оюутан болж ирсэн цагаасаа хойш бор зүрхээрээ зүтгэж явна. Сургуулиа төгсөөд сургуульдаа туслах ажилтнаар үлдэж, 2001 онд багш болсон. Түүнээс хойш монгол хэл, монгол судлалаар дагнан багшилж, ажиллаж байна.

-Таныг залуудаа гадаадын нэр хүндтэй сургуулиудад Монголоосоо зочин профес­сороор очиж ажилласан хүмүүсийн нэг гэдэг юм билээ. Энэ талаараа дурдвал?

-Их сургуулийн буянаар 2004-2006 онд БНСУ-ын Дангугийн их сургуульд зочин багшаар ажилласан. Солонгост Монгол судлалын анхны салбарыг үүсгэсэн, улсдаа дээгүүрт ордог хувийн сургууль. Тэндээс буцаж ирээд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн сургалтын албаны даргаар ажилласан. Түүнээс хоёр жилийн дараа буюу 2008 оноос 2011 он хүртэл сургуулийнхаа захирлын сонгуульт ажлыг хийсэн. Ингээд 2011-2014 онд Японы Осака их сургуульд зочин профессороор уригдаж ажиллаад ирсэн. Осакагийн их сургууль бол Японы гурав дахь том сургууль. Энэ том сургуульд сонгон шалгаруулалтаар тэнцээд ажилласандаа баяртай явдаг. Тэндээсээ буцаж ирээд МУИС-даа профессороор ажиллаж байна. Мөн Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын зөвлөлийн нарийн бичгийн дарга буюу Ажлын албыг нь давхар хариуцан ажиллаж байна.

-Монгол судлалыг хөгжүүлэх, дэлхийн монголч эрдэмтдийгдэмжин идэвх­жүүлэх ажлыг зохион байгуулж буй хүмүүсийн нэг нь та. Магадгүй хамгийн их оролцоотой нь та ч байж мэдэх юм. Монгол судлалыг хөгжүүлэхийн ач холбогдлын талаар та ярьж өгөөч?

-Монгол судлал гэхээр монгол хэл, түүх төдийгөөр хязгаарлах ойлголт нэг үе байлаа. Харин одоо байдал арай өөр болсон. Мэдээж хэл, түүхийн судлал бол монгол судлалын тулгуур багана мөн. Монгол Улсын төрөөс монгол судлалыг хөгжүүлэх, сурталчлах талд анхаарах хэрэгтэй гэж үзэж, тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж, ялангуяа гадаадад монгол судлалыг хөгжүүлэхийг бодлогоор дэмжих чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэр гаргасан. Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар, харьяа яам гээд бүх шатанд энэ тал дээр анхаарал хандуулж байна. 2014 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол судлалын тусгай сан, УИХ-ын тогтоолоор Ерөнхий сайдын дэргэд Монгол судлалын зөвлөл байгууллаа. 2012 онд монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Ингээд монгол судлалын хамрах хүрээг өргөжүүлэх, хэл, соёл түүхээр хязгаарлалгүй орчин үеийн нийгэм, эдийн засаг, хууль, эрхзүйн судалгааг хөгжүүлэхэд гадаадын судлаачдын анхаарлыг татах чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна. Монгол судлалыг нийгэм, хүмүүнлэгийн бүх чиглэлээр жигд хөгжүүлье гэсэн бодлого барьж байна гэсэн үг. Мөн дотоодын монгол судлалд чанарын ахиц гаргах зорилготой.

-Үүний цаад учир нь дэлхийн монгол судлалын төв бол Монгол Улс юм шүү гэдгийг л харуулах, цаашид хөгжүүлэх гэж ярьж байсан?

-Дэлхийн монгол судлалын төв нь Монгол Улс мөн юм гэдгийг дэлхий дахинд таниулах ёстой. Энэ бодлогыг илүү хүчтэй, илүү бодитой байлгахыг зорьж байна. Үүний цаана дотоодын монгол судлал хүчтэй байх ёстой гэсэн санаа явж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай эрдэмтэд өөрсдөө мэдлэгтэй, хүчтэй, судалгааны бүтээлүүд нь чанартай, үнэ цэнэтэй байж байж дэлхийн монгол судлаачид бидэнтэй хамтрах сонирхолтой байх болно, биднийг улам илүү хүлээн зөвшөөрнө гэсэн үг.  Монгол хэмээх тусгаар улс монгол судлалаа өөрсдөө зангиддаг, бүтээл туурвилын шилдэг нь монголчуудаас гардаг байх нь хамгийн чухал зүйл.

ДЭЛХИЙН ЭРДЭМТЭД МОНГОЛЫГ ШИНЭЭР ХАРДАГ БОЛСОН

-Монгол эрдэмтэд монголоо мэдэхгүй байна гэх шүүмжлэл гардаг байсан. Үүнтэй холбоотойгоор энэ бодлого хүчтэй гарч ирсэн үү?

-Ерөнхийлөгчийн ивээл дор таван жил тутамд болдог олон улсын монголч эрдэмтдийн чуулга уулзалт өнгөрсөн наймдугаар сард болж, 29 орны 400 гаруй монголч эрдэмтэн оролцож, чуулсан. Дэлхий дахинд болдог монгол судлалын хамгийн өргөн оролцоотой том үйл ажиллагаа л даа. Олон улсын монгол судлалын холбоо гэж дэлхийн монголч эрдэмтдийг нэгтгэсэн төрийн бус байгууллага бий. Энэ байгууллага Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Уг байгууллагад дэлхийн бараг бүх монголч эрдэмтэн гишүүнчлэлтэй. Энэ нь монгол судлалын төв бол Монгол улс гэдгийг баталж, монгол судлаачид хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл юм.

-Монгол судлалыг хөгжүүлэхийн ач холбогдол юу юм бэ?

-Үүнийг бид маш зөв ойлгох ёстой. Монгол судлал гэдэг бол монголчуудыг гадаад ертөнцөд нээх, хамгийн зөвөөр таниулах, сурталчлах гүүр юм. Монголыг, монголчуудыг гаднынхан олон талаас нь сонирхож байна. Үүнтэй зэрэгцэн Монголыг одоо байгаагаас нь тэс өөр, муу талаас нь хар бараан, балар эртний хоцрогдмол соёл, амьдралын хэвшилтэй мэтээр сурталчилж, уран сайхны хэтрүүлэгтэйгээр таниулахыг оролдсон нэвтрүүлэг, нийтлэл ч цөөнгүй гардаг. Тиймээс бид өөрсдийн үүх түүх, соёл, өнөөгийн байдлаа гадна ертөнцөд үнэн зөв таниулахад монголч эрдэмтэд хамгийн чухал үүрэг, нөлөөтэй. Тэд бол  мэргэжлийн судлаачид, судалгааны ажил хийж буй хүмүүс. Судалгаа бол шинжлэх ухааны үндэслэлтэй бодит баримтад тулгуурладаг. Тиймээс монголч эрдэмтэд “Монгол” хэмээх судлагдахууныг шинжлэх ухааны өнцгөөр харж, бодит мэдээллийг хүргэнэ гэсэн үг. Тэд Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, соёл, урлаг, түүх, хэл гэх мэтээр чиглэл бүрээр нь судалж байна. Тэдний судалгаанаас бид өөрсдийгөө хамгийн бодитой харах боломжтой. Өөрөөр хэлбэл, монгол судлал бол бид өөрсдийгөө харах толь гэж хэлж болно. Монгол судлалын хамрах хүрээг цаашид ч хөгжүүлэх, өргөжүүлэх ёстой. Засаг төрийн өөрчлөлтөөс үл хамааран үеийн үед төрийн бодлогын тогтвортой анхаарах ёстой хэсэг бол монгол судлал. Монгол судлал бол Монгол Улсын оршихуйн дотоод дархлаа, монгол үндэстнийг дэлхийтэй холбох гадаад сурталчилгаа юм.

-Монгол судлалын төвүүд ихэвчлэн ямар судалгаа,үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Монгол судлалын төвүү­дийн үйл ажиллагаа янз бүр. Тухайлбал, 16 оронд монгол судлалын сургалт, судалгаа явуулж байна. Зарим газар зөвхөн судалгаа дагнасан нь ч байна.

Монгол судлалын хамгийн хүчтэй төвүүд Япон, Солонгос, Хятад гэх мэт Азийн орнууд. Монгол судлалаар суралцаж байгаа оюутан, ажиллаж, судалгаа хийж байгаа эрдэмтдийн тоогоороо ч Азийн орнууд түүчээлж байна. Социализмын үед дэлхийн монгол судлалын өнгийг европчууд тодорхойлж байсан бол 1990-ээд оноос хойш суларсан. Гэхдээ сүүлийн хоёр жилд сэргэж эхэллээ. Тухайлбал, европын зарим их, дээд сургууль монгол судлалыг хөгжүүлэхийн тулд ихээхэн идэвхжиж байна. Манай улсаас тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлээд эхлэхээр тэндэх үйл ажиллагаааа илүү эрчимжиж байна. Энд Унгар, Польш, Чех, Австрали, Германы их сургууль дахь монгол судлалыг онцлон хэлж болно.

-Олонх хүнд Европын орнууд монголчуудад тусална уу гэхээс монголчууд Европын орны их, дээд сургуульд тусламж, дэмжлэг хүргүүлнэ гэдэг сонин сонсогдож байгаа байх л даа. Яг юугаар дэмжлэг үзүүлэх вэ?

-Сургалтын тоног төхөө­рөмж, хэрэглэгдэхүүнээр хангах, тухайн сургуульд ажиллаж байгаа профессорын цалингийн тодорхой хувийг Монголын Засгийн газраас гаргах, бүтээлээ хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх зэргээр анхаарч байна. Хэдийгээр гаднын орнууд манайхаас хөгжилтэй, чинээлэг гэж бодож болох ч гаднын монгол судлалын төвүүд тухайн нэгж дотроо материаллаг баазаар ядмагдуу, бүрэн хангамжтай байж чаддаггүй тал бий. Гэхдээ тэдгээр төвүүдэд ямар нэг дэмжлэг, эд материалын тусламжийн хир хэмжээ туйлын чухал биш. Тухайн төвийг Монголын Засгийн газар дэмжиж байгаа гэдэг нь л маш их урам.

ЕВРОПУУД МОНГОЛЫН НИЙГЭМ, УЛС ТӨРИЙГ, АЗИУД ХЭЛ, СОЁЛ,
УЛАМЖЛАЛТ АНАГААХЫГ ИЛҮҮТЭЙ СУДАЛЖ БАЙНА

-Дэлхийн улс, орнууд Монголыг юуг илүүтэй судалж байна вэ?

-Японд өдгөө Монголын түүхийг, тэр дундаа манжийн үеийн түүхийг өргөн хүрээнд судалж байна. БНСУ-ын хувьд монгол хэлний судалгаа хүчтэй байсан бол одоо нүүдэлчдийн соёлыг илүүтэй судалж эхэлсэн. Дээр нь Монголын уламжлалт анагаах ухааныг судлаад эхэллээ. Унгарт монгол хэл, аман зохиол, сурвалж, бурхан шашны судалгааг эрчимтэй байна. Польшид шашны түүх, Германд Монголын орчин үеийн нийгмийг илүүтэй сонирхож байна. Австралид Монголын улс төр, нийгэм, Америкт Монголын эзэнт гүрний үеийн түүх голчилж байхад Хятадад хамрахгүй салбар гэж байхгүй. Харин хойд хөршийн хувьд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны суурийг тавьснаасаа хойш Монгол судлалын хамгийн хүчтэй төв байсан. Одоо ч байсаар байна. Гэхдээ хамрах хүрээ, судлаачийн тооны хувьд өмнөхөөсөө хумигдсан. Харин түүх, соёлын үнэ цэнэтэй дурсгалууд, Монголын түүх, сурвалж бичгүүдтэй холбоотой баримт сурвалжууд Орост үлэмж хэмжээгээр хадгалагдаж байна. Тэдгээрийг судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах талд Оросын эрдэмтэд идэвхтэй ажилладаг.

-Монголыг дэлхийд таниул­на гээд бүхнээ дэлгэхийг зарим хүн таашаадаггүй. Гэхдээ орчин цагт хамаг байдгаа нууж хаагаад суух нь бас өрөөсгөл. Манайд гаднынханд үзүүлж, судлуулж болох, болохгүй зүйлс гэсэн цензур байдаг байх?

-Тухайн эрдэмтэн судлаач юу сонирхож байна вэ, түүнийгээ л судална. Харин бидэнд үзүүлэх, эс үзүүлэх баримт гэж мэдээж байлгүй яахав. Судлаачдаа бид дэмжинэ гээд бүхнээ дэлгээд байж бас болохгүй. Хуулийн хүрээгээр хязгаарлагдах зүйл бий. Бас судал, биднийг сурталчил гэчихээд юм бүхнийг хааж нуугаад байж болохгүй. Үзүүлж, судлуулж болох баримт бичгийг аль болох хүнд сурталгүй, олон шат дамжлагагүйгээр ашиглуулах хэрэгтэй, тийм боломжийг бүрдүүлэх ёстой. Дэлхийд цорын ганц байгаа эх сурвалжийг үзэх гээд ирэхэд нь хааж нуугаад байж болохгүй шүү дээ. Арай гэж нөгөөх эх сурвалжаа аваад ганц цаг ч үзэж амжаагүй байхад нь хураагаад авчихдаг байж таарахгүй. Тиймээс энэ чиглэлд судлаачдыг нөхцөл боломжоор хангаж ажиллах асуудлыг холбогдох байгууллагуудад тавьдаг.

-Гэхдээ түүхэн эх сурвалжуудыг үзэх, судлахад манайх хаалттай шахуу орны тоонд ордог гэх яриа байдаг юм билээ?

-Үнэндээ энэ талын бодлогоо эрс шинэчлэх хэрэгтэй. Холбогдох байгууллагууд ч дотоод журам дүрмээ өөрчилж, цаг үетэйгээ нийцүүлэх цаг нь болсон. Номын сан, музей, архивын газрын үндсэн нэг үүрэг бол үйлчилгээ үзүүлэх шүү дээ. Тухайн номын сан, музей, архивын газарт хэчнээн хүн ирж, сурвалж хэрэглэгдэхүүнийг уншиж, судалж шинжлээд, ашиглаж байна, түүгээр л тухайн байгууллагын нэр хүнд, олон нийтэд үйлчлэх үүргээ биелүүлж чадаж байгаа эсэх нь тодорхойлогдоно. Гэтэл зорьж ирдэг хүнгүй, ирснийг нь ахиж зүглэхээргүй болгоод буцаачихдаг бол ямар нийтийн үйлчилгээний байгууллага байх вэ дээ. Эрдэм шинжилгээний  үйлчилгээн дэх хэн нэг хүнээс хамааралтай хүнд суртал, олон шат дамжлагыг аль болох хялбаршуулах шаардлагатай.

-Энэ тухай цөөнгүй жил ярьж байгаа. Өөрчлөгдөж шинэчлэгдэж сайжирч байгаа зүйл алга уу?

Байна аа. Бид өнгөрсөн жил Монголын үндэсний номын сантай ярилцаж тохирсны дагуу Дандаа чинсан Дэмчигдорж гэдэг хүний хятад хэлнээс орчуулсан “Юань улсын судар”-ын эх бичвэрийг 18 ботиор хэвлэж гаргалаа. Энэ эх сурвалж дэлхийд ганцхан хувь. Монгол хэлээр ганц хувь хадгалагдаж байгаа нь манай  Үндэсний номын санд байгаа гэсэн үг. Бид өнгөрсөн жилээс Үндэсний номын сантай хамтраад “Сурвалж бичгийн өв цуврал” эхлүүлсэн. Энэ цувралаар дэлхийд ганц хувь ховор эх сурвалжийг судалгааны эргэлтэд оруулах зорилготой. Юань улсын түүх бол Монголын түүхийн нэг бүдэг хэсэг. Тиймээс энэ сурвалжийг хэвлээд судлаачдын гарт хүргэснээр уг хэрэглэгдэхүүнийг өөрийн гэртээ, ажлын өрөөндөө ашиглах боломж бүрдэнэ. Тэр хирээр Юань улсын түүхийн судалгаа өргөжинө, уг сурвалжийн жинхэнэ эх хувийн үнэ цэнэ өснө. Гадаад, дотоодын судлаачид талархалтай хүлээж авсан. Цаашдаа энэ мэтээр ховор эх сурвалжуудыг эх бичвэрээр нь хэвлэж судалгааны эргэлтэд оруулна, судлаачдын гарт хүргэнэ.

-Судлаачдад эх бичвэр, эх сур­валж гэдэг хамгийн үнэ цэнэтэй зүйл. Ингэж хэвлэж гаргаснаар яг хүссэн зүйлийг өгч чадах болов уу?

-Хамгийн чухал зүйл бол эх бичвэр, жинхэнэ эх. Тиймээс бид эх бичвэрийг тэр чигээр нь фото хуулбараар  оруулсан. Энэ бол дэлхийд ганцхан хувь эх сурвалжийг тэр чигээр нь судлаачдын гарт тавьж байгаа явдал. Судлаачдын хувьд ч маш том боломж.

-Хувь хүмүүст ховор эх сурвалжууд хадгалагдаж байдаг. Судалгаанд оруулъя гээд авчирч өгөх нь хэр олон бэ?

-Хүмүүст  ховор, нарийн нандин эх сурвалж хадгалагдаж байгаа, түүнийгээ зарим нь мэдэхгүй хадгалсаар яваа ч гэдэг юм уу тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Түүхэн сурвалжийн талаар хоёрхон жишээ дурдъя л даа. Чоймаа багшийн судалж хэвлүүлсэн “Хураангуй алтан товч”-ийн хулсан үзгийн ховор эх монгол хүний гарт бүрэн бүтнээрээ үе дамжин уламжлагдаж ирсэн байдаг. Мөн “Шар тууж”-ийн ховор эхийг доктор Чулуун хэвлүүлсэн.

-Түүхэн, ховор эх сурвалж хадгалж байгаагаа мэдэж, та бүхэнд авчирч өгсөн хүмүүсийг урамшуулдаг уу?

-Бидний хувьд ингэж тэгж урамшуулна гэсэн тодорхой зүйлгүй. Гэхдээ тэр хүний хувьд түүхийн гэрч, ховор нандин сурвалжийг хадгалж, судалгааны эх хэрэглэгдэхүүн болгож өвлүүлж байгаа нь бахархалт хэрэг. Үнэхээр ховор чухаг сурвалж байвал мэдээж бид ярьж тохирч, судалгааны эргэлтэд оруулах талаар анхаарна.

-Монгол судлал гаднынханд сонирхолтой судлагдахуун хэвээрээ байсаар байна уу?

-Зарим улс орон өөрсдийнхөө түүхийг судлаад ирэхээр гарцаа байхгүй Монголтой холбогдоод ирдэг. Тэр сэжмээр Монгол судлал руу ордог хэсэг байна. Нөгөө талаар дэлхийн улс үндэстний эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний байгууллага аливаа судлагдахуунаа сонгохдоо тухайн улс дэлхийн түүхэнд ямар байр суурьтай байсан бэ гэдгийг хөөж судалдаг. Энэ үүднээс нэгэн үе дэлхийн түүхэнд оройлох үүрэгтэй байсан монгол үндэстний түүх, соёл тэдний анхаарлыг татдаг. Дэлхийн түүхэнд арилшгүй мөртэй ийм үндэстний өнгөрсөн, одоо, ирээдүй дэлхийн судлаачдын сонирхлыг татах нь гарцаагүй. Үүнээс гадна аливаа содон зүйл дэлхий нийтийн анхаарлыг татдаг. Монголчууд бидний нүүдлийн соёл дэлхийд содон сонирхолтой хэвээр байна. Суурин иргэншилтэй улс үндэстэн өөрсдөдөө тулгарч байгаа саад бэрхшээлийг даван туулах гарц сэжмийг нүүдлийн соёл, ёс заншил, амьдралын хэвшлээс эрж хайх ч тохиолдол бий. Үүнээс гадна монголчууд 1990-ээд оноос хойш бүх улс, оронд нээлттэй боллоо. Ингэхээр Монголын өргөн уудам нутаг, хөрс шороон дор байгаа байгалийн баялаг руу дэлхийн улс, орнууд бизнесийн зорилгоор анхаарал хандуулж эхэлсэн. Энэ үүднээс сонирхож байгаа улс оронд бидний соёл, амьдралын хэв маяг, сэтгэлгээ, эдийн засаг, нийгэм, улс төрийн байдал бас хамааралтай болно. Энэ бас нэг өнцөг мөн. Цаашид ч дэлхий нийтийн судалгаанд Монгол өндөр байр суурьтай байна. Гэхдээ саармагжих уу, эрчимжих үү гэдэг нь бидний бодлогоос шууд хамаарна.

МОНГОЛ ХЭЛ МӨХӨХГҮЙ, САНАА АМАР БАЙЖ БОЛНО

-Монгол үндэстэн 500 жилийн дараа мөхнө гэх Гумилевын үг байдаг. Гаднын монгол судлаач, эрдэмтдийн судалгаанд иймэрхүү хандлага гарч ирж байна уу. Сүүлийн үед зарим хүн монгол гаднын хэл, соёлд хэтэрхий уусч байна, удахгүй монгол үндэстэн үгүй гэх мэтээр ярьж, бичиж байна л даа. Энэ талаар таны бодол?

-Дэлхий даяаршиж байна. Монгол бол дэлхий доторх нээлттэй улс, дэлхийн нэг хэсэг. Тиймээс бид дэлхийтэй бүх талаар харилцаа холбоотой байх нь зүйн хэрэг. Ёс заншил, үүх түүх юу байдаг бүхнээ хамгаална гээд бүгдээс нууж хаагаад байж болохгүй, чадах ч үгүй. Дэлхийн улс, үндэстний нэг эд эсийн хувьд монгол хэл, соёл, ёс заншилд гаднын нөлөө цаг хугацааны эрхээр тодорхой хэмжээгээр нэвтэрнэ. Мөн гаднын үг хэллэг орж гарах нь зүй ёсны үзэгдэл. Гэхдээ хэм хэмжээтэй, хязгаартай байх ёстой. Энэ үүднээс улс үндэстнийхээ төлөө санаа зовниж, харь үг хэллэг, соёл хэтэрхий нэвтэрлээ хэмээн шүүмжилж байгаа хүмүүсийг би ойлгодог. Гэвч хэт туйлшрал бас байна. Бүх зүйлийг мөхөл сүйрэл рүү битгий түлх. Монгол судлал, монгол хэл мөхлөө гээд яриад байх. Гэтэл хэл мөхнө гэдэг чинь гаднын үг хэллэг орж ирэхээр мөхчихдөг зүйл биш шүү дээ. Хэлний мөхөл гэж байна. Тээгч буюу тухайн хэлээр ярих улс, үндэстэн үгүй болөол хэл мөхнө. Үндэстэн байж байгаа ч харь хэлний хэтийдсэн нөлөөнд автаад ирэхээр хэрэглээ нь шахагдаж, мөхөж болно. Өнөөдрийн монгол хэлний хувьд соёлын харилцан нөлөөллөөс тодорхой хэмжээгээр эвдэрч байгаа нь үнэн. Гэхдээ мөхлийн хэмжээнд очсон, очихоор аюул тулгарсан зүйл байхгүй.

-Хэл судлалын эрдэмтэн, судлаачид монгол хэл хэт харийн болж, мөхөхөд ойртож байна гэж ярьж байхыг сонссон. Иргэд тухайн чиглэлийн эрдэмтэн, судлаачийн үгийг л үндэслэлтэй гэж үзнэ шүү дээ?

-Энэ тал дээр санаа амар байж болно. Гэхдээ хэл, соёлын эрлийзжилт, саармагжилт, харьжих хандлагыг засан залруулах ёстой. Зарим эрдэмтэн, судлаачийн сэтгэл зовнил нь хэтийдэхдээ тийм зүйл хэлсэн байж мэднэ. Хэл судлалын хүмүүсийн байнга анхаарч, эмнэж байх ёстой зүйл бол монгол хэлний хэрэглээнд гарч байгаа алдаа мадаг шүү дээ. Тэр үүргээ л сайн гүйцэтгэх хэрэгтэй.

-Монгол судлаачдад зориулсан хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлмээр зүйл юу байна вэ?

-Шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн хэвлүүлэх чиглэлээр “Монгол судлалын шилдэг өв” цувралыг эхлүүлсэн. Эхний дугаарт нь Б.Ренчин гуайн бүтээлүүдийг хэвлүүлсэн. Ирэх онд академич Бира, Дамдинсүрэн нарын бүтээлийг хэвлүүлэхээр төлөвлөж байна. Энэ мэтээр монгол судлалын шилдэг эрдэмтдийн бүтээлийг тодорхой шалгуураар энэ цувралаар хэвлүүлнэ. Хоёр дахь нь Монгол сурвалж бичгийн өв, баримт бичгүүдийг цувралаар хэвлүүлж эхэлснийг дээр дурдсан. Гурав дахь нь, дэлхийн монгол судлалд гарсан шилдэг бүтээлүүдийг монгол хэл рүү хөрвүүлж, монгол эрдэмтэн, судлаачдын хүртээл болгоно. Мөн монгол эрдэмтдийн шилдэг судалгааны бүтээлийг англи хэлээр орчуулж, гадагш түгээнэ.

-Дэлхийн монгол судлалыг илүү хүртээмжтэй болгохын тулд хийхээр төлөвлөж буй ямар ажил байна вэ?

Дэлхийн монгол судлаач эрдэмтэд Монгол руу ирэхэд визний туслалцаа үзүүлдэг болъё гэсэн саналыг холбогдох албаныханд тавьж байна. Мөн энэ чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явуулах гэж байгаа судлаач эрдэмтдэд зохих ёсны хөнгөлөлт үйлчилгээ үзүүлэх талаас нь ярилцаж байна. Мөн номын сан, архивт суухад нь тусгай үнэмлэх олгодог байя гэсэн санал гаргаад байна. Хээрийн шинжилгээ, судалгаагаар ирж байгаа эрдэмтэн, судлаачдад тодорхой тусламж, дэмжлэг үзүүлдэг болно. Үүнээс гадна монголч эрдэмтдийн хурал таван жил тутамд нэг удаа болж байгаа нь цаг хугацааны хувьд арай хол болоод байгаа юм. Тиймээс Ази, Европын монголч эрдэмтдийн гэх мэтээр бүсчилсэн уулзалтыг хоёр жил тутамд хийж байхаар санал гаргаад ярилцаж байна. Ингэхдээ тухайн үйл ажиллагааны зардлын тодорхой хувийг Монголын талаас шийдэж өгдөг байх юм.

-Монголч эрдэмтдээс хамгийн их юм хийж байгаа эрдэмтнийг цохож хэлнэ гэвэл?

-Монгол судлаач эрдэмтэн бүрийг Монголыг дэлхийд төлөөлсөн элч л гэж би хүндэтгэн боддог. Тиймээс би хэн нэгнийг онцолж хэлэмгүй байна. Тэд аливаа судалгаагаа баримттай, шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн байх ёстой гэсэн зарчимд тулгуурлаж бичдэг. Биднийг сайн, муугийн алинаар ч бичиж болно. Гагцхүү дээрх зарчим л яг таг байх ёстой. Бидний түүхийг заавал гэгээнээр гарга гэж тулгах эрх бидэнд байхгүй. Үнэхээр сөрөг зүйл хийсэн нь үнэн л бол түүнийг үнэн мөнөөр нь баримттай гаргаж тавьж болно шүү дээ.

-2012 оноос хойшхи гадаадын монгол судлалыг дүгнэж хэлээч?

-Одоогоос дөрвөн жилийн өмнөх монгол судлал чин үнэнийг хэлэх унтаа, намжмал байдалд байсан. Харин өнгөрсөн дөрвөн жилд дэлхийн монгол судлал сэрж сэргэсэн, монгол судлалын төв Монголд бий гэдгийг ойлгож, мэдэрсэн гэж бодож байна. Өнгөрсөн наймдугаар сард болсон Монголч эрдэмтдийн хурлаар сүүлийн хэдэн жилд монгол судлаачид монгол руу харж, хийж бүтээхийн урам зориг авсан, сэргэсэн сэртхийсэн юм байна гэдгийг мэдэрсэн. Үүний цаад учир нь Монголын төр засгийн зөв бодлого байсан. Монгол судлалыг төрийн бодлогоор дэмжье, хөгжүүлье, монгол судлал бол төрийн бодлогын цөмд байх ёстой зүйл гэж үзсэн нь хамгийн том ололт байсан. Энэ бүхэн монгол судлал цаашид улам өргөжих, эрчимжин хөгжих, дэлхийн олон оронд монгол судлалын төв шинээр бий болохын эх суурь болсон.

-Одоогоор монгол судлалын төв шинээр байгуулъя гэж хандсан улс бий юү?

-Хамгийн сүүлд Итали, Канад, Туркээс монгол судлалын төв байгуулмаар байна гэдэг саналыг ирүүлээд байна.

-Дэлхийн монгол судлаачид ингэж ажилладаг юм байж. Тэгвэл Монголын монгол судлаачдын өнөөгийн байдал ямар байна вэ?

-Монгол судлаачид эрвийх дэрвийхээрээ л ажиллаж байна. Дотоодын монгол судлал дээр дутагдаж буй нэг асуудал бол санхүүжилт, санхүүгийн дэмжлэг. Гэхдээ дэмжлэг туслалцаанаас түрүүнд тавих нэг чухал зүйл бол санаачилга. Хэн санаачилгатай, идэвхтэй, хийж буй ажлынхаа чанар, чухлыг бусдад зөв ойлгуулж чадаж байна тэр хүн дэмжлэг, эх үүсвэрээ олж авч чадна. Ингэж байгаа салбар байна. Ямар ч санаачилга, идэвх, хийж байгаа зүйлгүй атлаа чадаж байгаагаа өөчлөх, муучлах хандлагатай судлаачид ч байна. Энэ бол тухайн байгууллагыг удирдаж байгаа удирдлагын менежмент, зохион байгуулалттай шууд холбоотой.

-Та идэвх санаачилгаараа хамгийн мууг нь нэрлэж чадах уу?

-Аль нэгийг нь шууд нэрлэж хэлмээргүй байна. Тэнд ажлаа сайн хийж байгаа хүмүүс ч бий. Бас хийхгүй атлаа бусдыгаа өөлөөд сууж байдаг хэсэг ч бий. Монгол судлалыг хөгжүүлэх гэж хичээж байгаа эрдэмтэн, судлаачид өөрсдөө мэдэж байгаа учраас энэ удаа дурдмааргүй байна. Харин сайныг нь бол хэлэх хэрэгтэй. Дотоодын монгол судлалаас Түүх, археологийн хүрээлэнгийн удирдлагын зохион байгуулалт, менежмент, судлаачдын хөдөлмөрийг онцолмоор байна. Сүүлийн хэдхэн жилд энэ салбарын үйл ажиллагаа хэрхэн сэргэж, гадаад дотоодын харилцаа холбоо, судалгаа шинжилгээний үр дүн яаж сайжирсныг бид бэлхнээ харж байна. Гадаадын эрдэмтэн судлаачид Монголын түүхчид, археологчидтой хамтарч ажиллах сонирхолтой, судалгаа, шинжилгээний тал дээр нэгдмэл санаа зорилго, ойлголттой байхыг чухалчилдаг болсон нь илт мэдрэгдэж байгаа. Тэдэнтэй хамтрахын тулд Монголд ирж байна, харилцаа холбоогоо бэхжүүлэхийн тулд олон төсөл, арга хэмжээ зохион байгуулж байна. Тэр байтугай гадаадад хадгалагдаж байсан судалгааны шинжилгээний материалуудаа нууж дараад байдаг байсан бол одоо гэрэл зураг, сурвалж бичгээ судлуулахаар, хэвлүүлэхээр хандаж байна. Энэ бол тухайн салбарын үйл ажиллагаа зөв байна, манай түүх, археологчдын хийж байгаа зүйл дэлхийн судлаачидтай хөл нийлж байна гэсэн үг. Хамгийн сүүлд гэхэд л тус хүрээлэнгээс Археологийн өв гэсэн зургаан ботийг гаргачихлаа.

МОНГОЛ ХЭЛ СУДЛАЛД ЭРС ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ

-Та хэлний салбарын хүн. Монгол судлалыг хариуцаж байгаагийн хувьд энэ чиглэлээрх зүйлийг багагүй ярилаа. Одоо таны тогоон дунд нь байдаг хэлний салбарт байгаа бэрхшээл, ололттой талын тухай ярилцъя. Монгол хэлний салбарын сүүлийн үеийн ололт амжилт юу байна вэ?

-Монгол хэл судлалд эрс шинэчлэл хэрэгтэй гэж үздэг хүний нэг нь би. Дэлхийн хэл шинжлэлийн өнөөгийн чиг хандлагаас монгол хэлийг судлах, монгол хэлний судалгааг тооноос чанарт шилжүүлэх хэрэгтэй. Зарим талаар би наргиа маягаар “Одоо хэдүүлээ өгүүлэл нэртэй олныг бичих биш онцгой ганцыг бичихэд анхааръя” гэж хэлдэг юм. Энэ нь өгүүлэл бичихээ больё гэж байгаа юм биш, шинжлэх ухаанчаар, чанартай зүйл хийе гэсэн санаа. Ирэх онд “Орчин үеийн хэл шинжлэл ба Монгол хэл” гэсэн цуврал судалгаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Үүндээ монгол хэл судлаачдаас гадна гадаад хэлний мэргэжилтэн нарыг урьж оролцуулна.

-Монгол хүн гэж хэн бэ гэдгийг яг нарийн тодорхойлсон зүйл бий юү?

Монгол үндэстнийг бусад үндэстнээс ялгаж байгаа онцлогийг илүү тодотгох зүйл нь монгол судлал. Монголчуудыг бусад үндэстнээс ялгаруулж байгаа мөртлөө монголчуудыг хооронд нь ижилсүүлж байгаа зүйл бий. Түүнийг төрсөн цагаас нь гэр бүлийн хүмүүжлээр бий болгох, олгож байдаг. Гэхдээ үүний тогтолцоог зөв гаргах хэрэгтэй, түүнийгээ хэрхэн суулгах талаар зөв бодлого хэрэгжүүлэх ёстой. Бид монгол хүнийг бусдаас ялгаруулж байгаа зан үйл, сэтгэлгээний онцгой зүйл юу байна вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Түүнийгээ үр хойчдоо өвлүүлэх гэдэг нарийндаа монгол судлалын нэг чухал асуудал юм шүү. Одоогоор бол энэ тал дээр дорвитой хийгдэж байгаа зүйл алга.

Нэг зүйл тодотгож хэлье. Монгол үндэстний уугуул зан чанар, бусдаас ялгарах онцлог гэж бий. Гэхдээ сүүлийн таван жаранд энэ онцлог саармагжиж, суларсан. Тодруулбал, Манжийн дарлалын 200 жил, социализмын 70 жил, сүүлийн 20-30 жил бол өрнөдийн хэв маягтай он жилүүд гээд бодохоор 300 жил бид оюун санааны сэтгэлгээний хувьд ихээхэн эрлийзжилтэд орсон нь бодит үнэн. Тэр хэмжээгээр биднийг нэгтгэдэг, бусдаас ялгаруулдаг онцлог шинж чанар нь алдагдсан. Түүнийгээ бид сэргээх хэрэгтэй.

-Үүний тулд хэн юу хийх ёстой юм  бэ?

Мэдээж олон зүйл хийж таарна. Мэргэжлийн талаас гэвэл бид монгол хүүхдийн үгийн сангийн бодит чадамжийг тогтоохоор ажиллаж байна. 6-12 насны хүүхэд хэчнээн үг эзэмших ёстой вэ гэдгийг судалж, тогтоогоод түүнд тохирсон сурах бичиг, толь бичиг гаргахыг зорьж байна.

-Яаж тогтоох юм бэ?

-6-12 насны хүүхдүүдээс ярилцлага авах, зохион бичлэг бичүүлэх гэх мэт аргаар үгсийн сангийнх нь баялгийг тогтоож байна. Нийслэл, орон нутгийн сургуулиуд, хүүхдүүд, тэр дундаа жирийн сургалттай болон гадаад хэлний сургалттай мөн аймгаар нь бүсчилсэн гэх мэтээр ангилж, хүүхдүүдээс түүвэрлэн судалгаа хийж байна. Тэгээд нас насанд нь үгийн сангийнх нь сан үүсгээд явж байна. Хүмүүс ном уншдаг хүүхэд алга гээд байдаг. Гэтэл үнэндээ хүүхдийн оюун ухаанд тохирсон хүүхдийн сурах бичиг алга байна шүү дээ. Хүүхдийн зохиолын дийлэнх нь хүүхдэд тохирсон агуулга сэдэвтэй боловч үг илэрхийлэл нь том хүний үгсийн сан, өгүүлбэрийн хэл найруулгаар л явж байдаг. Тэгэхээр л тэр ном хүүхдийн хэл, сэтгэхүйн онцлогт нийцэхгүй байна гэсэн үг. Хүүхэд ойлгодог юмаа л сонирхоно. Тиймээс тэдний сэтгэлгээд нийцсэн сурах бичиг, зохиолыг бичих ёстой гэсэн үг.

Үүний дараа мэдлэгийн үгийн сан дээр бид ажиллана. Жишээ нь: Зургаан настай хүүхэд ойролцоогоор 700 үгээр ярьж, уншиж, ойлгодог юм байна. Үүнийг 900 болгохын тулд энэ үгийг ингэж нэмье гэх мэтээр хүүхдийн үгийн сангийн толь бичиг гаргахаар төлөвлөж байна.

-Одоо байгаа сурах бичгүүдэд эцэг, эхчүүд шүүмжлэлтэй ханддаг. Бага ангийн сурах бичиг дээр элдэв зүй бус үг, хэллэг их хэрэглэсэн байна гэх мэтээр?

-Сурах бичгийг мэргэжлийн хүн бичих ёстой. Мөн бүх сурах бичиг монгол хэлний редактортой байх ёстой. Миний дээр ярьсан хүүхдийн насны онцлогт тохирсон үгийн сангийн чадамж одоо хэрэг болно. Энэ үгийн сангийн чадамжийг ашиглаж сурах бичгийг нас насанд нь тохируулан хийх ёстой юм. Одоо бол ямар ч хяналт, судалгаа шинжилгээгүйгээр дурын үг, найруулгаар л бичиж байна. Хариуцлага, хяналтыг сайжруул, хэвлэхээс өмнө монгол хэлний редактороор хянуул.

-Таны хамгийн ойрын төлөвлөгөө юу вэ. Судлаач хүний хувьд үүнийг л хийчих юмсан гэж бодож, шатаж явдаг зүйл тань юу вэ?

-Мэргэжлийнхээ үүднээс хийх юмсан гэж зорилгоо болгож байгаа зүйл бол “Орчин үеийн хэл шинжлэл ба Монгол хэл” гэсэн сургалт, судалгааг маш сайн зохион байгуулчих юмсан гэж бодож явна. Энэ л миний ойрын үед хийх хамгийн том зорилго болоод байна.  Багаа маш сайн бүрдүүлж, монгол хэлний судлалыг өөр түвшинд гаргаж, бүтээлч, шинэлэг орчин бий болгохыг зорьж байна. Мөн монголч эрдэмтдэдээ  судалгаа шинжилгээ хийх илүү таатай боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Гурав дахь том зорилго бол Монгол судлалд хүчээ сорьж байгаа дотоодын эрдэмтэн судлаачид дэлхийн энтэй бүтээл туурвих, хэл, соёл, түүх гэх мэт уламжлалт салбарын судалгааг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юмсан гэж зорьж байна. Багш хүний хувьд санаандаа хүртэл бэлтгэсэн гарын шавьтай болно гэж бодож байна даа.

-Та багадаа ямар мэргэжил эзэмшинэ гэж боддог байсан юм. Ер нь л монгол хэлний багш болно гэж боддог байсан юм уу?

-Би багадаа түүхийн чиглэлээр суралцана гэж боддог байлаа. Гэхдээ хэл шинжлэлийг сонгосон. Гэсэн ч миний мэргэжил түүхтэй салшгүй холбоотой. Тэгэхээр багадаа бодож байсан мэргэжлээ давхар эзэмшсэн гэсэн үг.

-Та хамгийн сүүлд хэзээ нутагтаа очсон бэ?

-Үнэнийг хэлэхэд 2010 онд хамгийн сүүлд очсон. Хүмүүсийн амарч байх цаг буюу зун, намрын улиралд би хамгийн их ажилтай байж таардаг.

-Тэгвэл хамгийн сүүлд хэзээ эхнэртэйгээ жүжиг ч юм уу, үзвэр үзсэн бэ?

-Энэ тал дээр бас л муу дүн авах нь дээ. Гэхдээ эхнэр маань миний ажлыг ойлгож, дандаа дэмждэг.

-Та магадгүй нэг зүйл эхлүүлбэл дуустал нь толгой өндийлгөдөггүй бололтой. Өнгөрсөн хугацаанд олсон хамгийн том амжилтаа дурдаач гэвэл та юуг хэлэх вэ?

-Яг үнэндээ би өөртөө баярлаж явдаг нэг зүйл бий. Би яг нэг чиг шугамаар л явсан. Миний ажил амьдралын тойрог бол монгол хэл, монгол судлал. Би энэ ажилдаа л дурласан, хичээсэн. Амьдралын үнэ цэнэтэй бүх зүйл минь энэ мэргэжлийн үр шимээр л бий болсон. Хүний амьдралын утга учир бол хүн дуртай юмаа хийгээд, түүнийхээ үр дүнг мэдрэх явдал. Амьдралаас авдаг хамгийн сайхан мэдрэмж бол миний эзэмшсэн мэргэжил, мэргэжлийнхээ буянаар танилцсан найз нөхөд, хамт олон минь. Бас би энэ мэргэжлийг эзэмшихээр суралцаж байхдаа эхнэртэйгээ танилцаж, хоёр сайхан хүүтэй болсон. Үүнээс өөр хүнд юу хэрэгтэй гэж.

Б.ЭНХМАРТ

Хариулт үлдээх

Your email address will not be published.