Х.Булгантуяа: ДАМПУУРАЛ зарлах зүйл байхгүй
2017 оны 1 сарын 16

ШИНЖЭЭЧ: ИРЭХ ХАВАР ГЭХЭД “ДАМПУУРАХ” ЭРСДЭЛ БИЙ

Өнгөрсөн 11 дүгээр сарын байдлаар Монгол Улсын гадаад өр 40.8 их наяд, дотоод зээлийн өрийн үлдэгдэл 12.5 их наяд төгрөг байгаа гэсэн Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээлэл бий. Хэдийгээр УИХ-ын дарга М.Энхболдоос эхлээд “Мэргэжлийн” тодотголтой Засгийн газрынхан асуудалд анхаарлаа хандуулж буй ч тодорхой нааштай үр дүн багатай байгаа  юм.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамцын Монголд хийсэн айлчлалтай холбоотойгоор урд хөрш манайд “амь тариа” шахах мэдээлэл байсан ч харамсалтай нь саатсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажлаа мэдэхгүйдээ ч үү УИХ-ын дарга М.Энхболд “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэдэг шиг энд тэндээс тусламж хүссэн тухай мэдээлэл мэр сэр дуулгаж буй юм. Гэвч боломж хайж, эдийн засгийн нөхцөл байдлыг дээшлүүлэх тэдгээр оролдлогуудын талаар гадна, дотны шинжээч, эдийн засагчид эсрэг байр суурьтай байна гэхэд хилсдэхгүй.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гариг (XII/20)-т Вашигтоны “CNBC” ( www.cnbc.com ) суваг цахим хуудастаа Монгол улс 2017 онд дампуурч болзошгүй гэсэн мэдээлэл байршуулсан нь дэлхийн анхаарлыг татаж байна.

Улс төрийн эрсдлийн асуудлаар зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг “Eurasia” группээс “2016 онд эдийн засгийн өсөлт нь бараг тэг хувьтай гарч, төсвийн алдагдал нь ДНБ-ий 20 хувьд хүрэх төлөвтэй байгаа Төв Азийн Монгол Улс өр зээлээ буцаан төлөхийн тулд ирэх онд гадаад улс орнуудаас зээл авах зайлшгүй шаардлагатай тулгарна. Тус улсад хөнгөлөлттэй зээл олгож магадгүй цорын ганц улс нь БНХАУ болоод байна гэжээ.

Хятад улсын дарга Си Зиньпиний засаг захиргаа энэ асуудлаар өмнө нь хэлэлцээ хийж эхэлсэн боловч хоёр улсын хооронд саяхан үүссэн асуудлын улмаас хэлэлцээ хойшлогдсон. Улмаар энэ оны гуравдугаар сард Монголын Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондын өрийг Улаанбаатар эргэн төлж чадахгүйд хүрэх эрсдэл үүсээд байна хэмээн тус нийтлэлд бичсэн байна.

“Eurasia” группын ахлах шинжээч Эмили Стромкист “Хятадын талаас хэлэлцээг хойшлуулсны улмаас Монгол Улс ирэх хавар гэхэд “дампуурах” эрсдэл бий” гэж хэлжээ. Мөн тэрээр “Монголын тал хятад улс хөнгөлөлттэй зээлийн асуудлаарх хэлэлцээг сэргээнэ гэдэгт найдсан хэвээр байна. Гэхдээ хүлээгээд суулгүй санхүүжилтийн өөр хувилбаруудын эрэлд гарах хэрэгтэй. Тухайлбал, Хятадын санал болгож байсан хүү багатай зээлийг хөөцөлдөх хэрэгтэй” хэмээн зөвлөжээ.

Түүний хэлснээр, Токиогоос Монгол Улс оролцооны стандарт дүрэм журмуудыг дагаж мөрдсөн тохиолдолд зөвхөн Азийн Хөгжлийн банк, ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан тусламж дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ.

Шинжээч Э.Стромкист “Монголын зүгээс тусламж хүсэн холбоо барьсан улсуудын дотор АНЭУ, ОХУ болон Энэтхэг зэрэг улс байна. Гэхдээ эдгээр улс БНХАУ-аас ялгаатай нь Монголд таатай нөхцлөөр зээл олгохгүй байж магадгүй. Мөн эдгээр улс Монголд туслахыг төдийлөн эрмэлзэхгүй байна. ОУВС-тай “Стэнд бай” хөтөлбөрт ирэх хоёрдугаар сараас хамрагдах талаар ярьж байгаа боловч энэ нь зээлийн эргэн төлөлтийг хангаж чадахгүй юм. Хятадтай ойрын хугацаанд хэлэлцээ хийж эхлэхгүй бол өөр улс орнуудаас санхүүгийн тусламж авч чадахгүй бол Монгол өрийн хямралд орж дампуурах эрсдэлд орно” гэж дүгнэжээ.

bulgantuya

Х.БУЛГАНТУЯА: ДАМПУУРАЛ ЗАРЛАХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ

Өнөөдрийн байдлаар Евроазийн сангаас 2017 онд Монгол улс дампуурч болзошгүй гэх ямар нэг анхааруулга ирээгүй байгаа ажээ. Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлэхдээ “Ирэх оны гуравдугаар сараас Хөгжлийн банкны бондын зээлийг төлж эхлэх ёстой. Зээл төлөх график гаргаад явж байгаа. Хэрвээ үнэхээр Монгол Улс дампуурал зарлах гэж байгаа бол УИХ, Засгийн газраар хэлэлцэж байж мэдээлэгдэх ёстой. Тэгэхээр тийм зүйл байхгүй” гэсэн тайлбар хэлэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Хариулт үлдээх

Your email address will not be published.