Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Ш.Дашцэрэнд хүндэтгэл үзүүлэв
2017 оны 1 сарын 3

Он солигдох мөчид Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,гавьяат тээвэрчин Шагдарын Дашцэрэнд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

Уулзалтын эхэнд 30 гаруй жил бааз байгууллагатайгаа холбоотой ажиллаж үнэт сургаалиа хайрлаж ирсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Ш.Дашцэрэн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ыг мэргэжлийн хүн удирдаж байгаад ихэд олзуурхаж, бааз байгууллагууд нэгдэж нийлсэн нь зүйтэй байна. Сайн зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангахгүй бол нийтийн тээвэрт хүндрэл гарч болзошгүй талаар сэтгэл зовнин явдгаа илэрхийлсэн билээ.

Бааз байгууллагадаа 1982 оны 8 дугаар сарын 3-нд томилогдон ирснээс хойш өнөөдрийг хүртэл 30 гаруй жил холбоотой байж, заавар зөвөлгөөгөө өгсөөр ирлээ. Нийтийн тээвэр гэдэг бол тээвэр дотроо хамгийн хүнд салбар. Зорчигч тээвэр бол байнгын цаг, минут тутам хяналтад байдаг нийслэлийн сая гаруй иргэдэд үйлчилдэг, үйлчилгээний байгууллага. Энэ салбарыг мэргэжлийн хүн удирдаж байгаад талархалтай байна. Түүх сөхөөд үзвэл 1986-1988 онд Зорчигч тээврийн нэгтгэл гэж төрийн 3 баазыг хариуцсан автобусны нэгтгэл байгуулагдаж байлаа. Улмаар нийгэм зах зээлд шилжиж, парк шинэчлэлт хийж чадаагүй учраас тарааж байсан. Тэр үед одоогийн кондукторгүй болгох үйлчилгээг ч мөн нэвтрүүлж байсан юмдаг. Ерөнхийдөө миний хувьд 2012 оноос хойш бааз байгууллага дээрээ ирж чадаагүй. Харин шинэ удирдлагууд томилогдож мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй ажиллаж, ахмад настнууддаа хүндэтгэж, ингэж хүлээн авч уулзаж байгаад баяртай байна.

Ингээд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөснөөр энэ удаагийн уулзалт өндөрлөсөн юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.