Төрийн тогтолцоог өөрчлөхийн төлөө тайван замаар тэмцэнэ гэв
2017 оны 1 сарын 5

“Ардын их хурал” хөдөлгөөнөөс өнөөдөр /2017.01.07/ хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнийхөн улс оронд үүсээд буй нийгэм эдийн засгийн хямрал, ард олны амьдралын хүнд нөхцөл байдал нь өнөөгийн төрийн тогтолцооноос үүдэлтэй гэж үзэж буйгаа илэрхийлээд, ард түмэн засаглаж, эрхээ эдлэх Ардын их хурлыг бий болгох уриалгыг гаргаж байгаагаа мэдэгдлээ. Тиймээс ч хөдөлгөөнөө “Ардын их хурал” игэж нэрлэсэн бөгөөд одоогоос яг нэг сарын өмнө хүмүүст хандан ухуулга хуудас нааснаас болж, хөдөлгөөний зарим гишүүд хүнд байдалд ороод байгаа тухай мэдээлэв.

Тэд ухуулга хуудсандаа өнөөгийн нийгмийн тогтолцоог халж, ард олон засаглах эрхээ эдлэхийг уриалсан байжээ. Ухуулах хуудас наах нь хууль зөрчсөн үйлдэл огтоос биш гэж тэд үзэж байна. “Бид Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан иргэний эрхээ эдэлсэн” хэмээн мэдэгдлээ. Уг зүйл заалтад “Монгол Улсын иргэн хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг юм байна. Гэтэл хөдөлгөөний гишүүдийг ТЕГ, Эрүүгийн Цагдаагийн газрын ажилтнууд барьж, тусгай өрөөнд ганцаарчлан байцааж “Энэхүү үйл ажиллагаа чинь хууль бус. Таван жилийн хорих ялтай” гэх мэтээр айлган сүрдүүлсэн гэнэ. Тиймээс дээрх байгууллагын ажилтнуудыг иргэдийнхээ эрх чөлөөг хангаж ажиллахыг санууллаа.

“Ардын их хурал” хөдөлгөөнийхөн цаашид ард олонд эрх мэдэл олгохын тулд илүү эрчимтэй ажиллаж, өнөөгийн төрийн тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн хүрээнд тайван замаар тэмцэнэ гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Төрийн эрх мэдэл үеийн үед олигархиудын гарт очиж, тэд эд баялаг, эрх мэдлийг хуваан ард иргэдийн эрх хөсөр хаягдаж байгааг Чингис бондоор жишээ татан тайлбарлав. Тиймээс эцэг хууль болсон Үндсэн хуульд нэн даруй өөрчлөлт оруулах, иргэн хүний эрхийг дээдэлсэн, олигархиудын эрхийг хязгаарласан заалт оруулахын төлөө ажиллахаа амлав. Ингэхдээ Үндсэн хуулийг өөрчлөхөөр байгуулагдсан ажлын хэсгийнхэнтэй хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэнэ. Хөдөлгөөний ерөнхий зохицуулагч н.Батсүх , гишүүн Д.Батбаяр, Б.Бадрал, А.Гантулга нар болон хөдөлгөөнийг дэмжигчид хэвлэлийн хуралд оролцлоо.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.