Нийгмийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллана
2017 оны 1 сарын 6

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

НИТХ-ын тэргүүлэгчид нийслэлд нийгмийн түншлэл хөгжүүлэх баримт бичгийг боловсруулан баталсан байдаг. Тус баримт бичиг нь нийслэлд нийгмийн түншлэлийн тогтлолцоог бэхжүүлэх, иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалал, түүнтэй холбогдсон эдийн засгийн харилцааг зохицуулахад чиглэсэн. Түншлэл нь иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалал, түүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамтран хамгаалахад чиглэгдсэн нийслэлийн хэмжээн дэх ажил олгогч, ажилтны төлөөлөгчид төрийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага хоорондын зөвшлөлцлийн тогтлолцоог бий болгох юм. Уг ажлын хүрээнд хоёр тал нийгмийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Гарын үсэг зурах ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд “Бид нийгмийн түншлэлийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг асуудлаар санамж бичигт гарын үсэг зураад байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 60 гаруй хувь нь үйл ажиллагаа эрхэлдэг. Эдгээрийн хөдөлмөр хамгааллыг сайжруулах, нийгмийн түншлэлийг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Өнөөдрийн санамж бичиг хамтран ажиллах гол чиглэлүүдээ тусгасан. Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр гарсан шинэ хууль, тогтоомжийг сурталчлах, иргэдэд таниулахад МҮЭХ, НЗДТГ хамтран ажиллах юм” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.