Д.Хаянхярваа: Хөгжлийн банкны шалгалтын материалыг нууцын зэрэглэлээс гаргасан
2017 оны 1 сарын 9

2017-01-09-Улс төр

%d0%b7%d1%83%d1%80%d0%b0%d0%b3nnnnnnnnnnnnnnnnnnnnnnУИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Жавхлан нар мэдээлэл хийлээ.

Бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулсан байна. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийсэн байна. Үүний дараа Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төслийн танилцуугыг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулжээ.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ҮР ДҮНД 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛТЭЙ БАЙГАА АСУУДЛУУДААС ЗЭЭЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ ДАРААХ АСУУДЛУУДЫГ ТУСГАГДСАН БАЙНА

ҮҮНД:
•    Хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх байтал Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчид уг төслөөр бий болсон дэд бүтцийг худалдан авсан буюу төсөл хэрэгжүүлсэн компанид бий болсон эрсдэлийг төр худалдан авах замаар өөрт шилжүүлэн авсан. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК-ийн барьсан авто замыг Эрдэнэс МГЛ ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээсэн.

•   Төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн. Зөвхөн цалингийн зардлад 1,484,800 мянган төгрөгийг давхар тооцон санхүүжүүлсэн.

•  “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан. “Монголын төмөр зам” ТӨХК-ний энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая  төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан.

•  Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан.

•    Эрдэнэс Тавантолгой ХК-д хуульд заасан шаардлагыг зөрчиж нийт 3 удаа гэрээ байгуулан 250 сая ам.долларын зээл олгосон.

•    Амгалан дулааны станцын төсөлд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл хугацаанд 3 удаагийн гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон.

•    Гудамж төслийн хүрээнд зарим ажлууд авто замын барилгын ажлын зураг төсөл хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн дүгнэлтийг аваагүй буюу төсөвт өртгийг баталгаажуулахгүйгээр гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Төсөвт өртөг үндэслэлгүйгээр өссөн.

•    Шинэ Яармаг орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газар, Улсн Их Хурлын тогтоолгүй гаргасан.

•    Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлаар “Монроуд” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г анх 440,0 сая төгрөгөөр байгуулсан боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан дүнг 1,895,550,885 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэрээг нэмэгдүүлэх болсон шалтгаан, тооцоолол байхгүй.

Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэн нэгэн хүн рүү хандаж эзэн биегүй ярихгүй. Болсон юмыг болоогүй мэт, болоогүй зүйлийг болсон мэт яриад яваад байдаг. Өнөөдрөөс эхлээд ийм зүйлд цэг тавина. Яагаад гэвэл Хөгжлийн банкны шалгалтын материалыг нууцын зэрэглэлээс гаргасан. Гэхдээ бүх зээлдэгч нарын мэдээллийг нийтэд цацахгүй. Хамгийн анхаарал татсан асуудлыг дэлгэнэ” гэлээ.

Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийг судлах ажлын хэсэг байгуулахаар болсон байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан. Мөн эмэгтэй гишүүд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Иймд нэгтгээд хэлэлцэх нь зүйтэй гэж шийджээ.

Х.ОЧ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.