Хөгжлийн банкны тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив
2017 оны 1 сарын 10
2017-01-10-Улс төр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцэж дэмжлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хөгжлийн банкны үйл ажиллагаа Засгийн газрын нөлөөгөөр явж ирсэн өмнөх жишгийг хэрхэн арилгах гэж байна вэ?

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат:

-УИХ-аас Монгол Улсын 2030 онд баримтлах Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Мөн Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон дунд хугацааны хөтөлбөр зэрэг баримт бичигт туссан экспортыг дэмжиж, импортыг орлох үйлдвэрлэлийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ. Одоогийн хэрэгжиж байгаа хуулиар УИХ-ын хаврын чуулганаар баталсан төсөл хөтөлбөрийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ гэсэн заалттай боловч уг заалт огт хэрэгжээгүй. Үүний оронд Засгийн газрын тогтоолоор төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн байдаг. Шинэ хуулиар эдийн засгийн үр ашигтай, тооцоо судалгаатай хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тусгасан.

Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва:

-Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг оруулж ирэх хэрэгтэй. Банкны тухай болон бусад уялдаа холбоотой хуульд зөрчилдөхгүй байдлаар батлах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байна. Хамгийн түрүүнд уг банкны хараат бус байдлыг хангасан байх ёстой. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд улс төрчид их оролцсон. Ингэснээр улс орны эдийн засгийг дампуурах ирмэгт хүргэсэн гэдгийг анхаарах хэрэгтэй. Хууль батлагдвал улсын хөгжил рүү ажлаа чиглүүлж, хараат бусаар ажиллах нь зүйтэй юм. Энд нэг асуудлыг хэлэхэд, тус банкны өмнөх удирдлагууд 3000 кв.м талбай бүхий байрыг 28 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байсан. Ингэснээр Хөгжлийн банк, цаашлаад улс орон хохирсон. Тиймээс нэхэмжлэл гаргаж, энэ мөнгийг олж авч банкны санд буцаан байршуулах хэрэгтэй.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.