АНУ-д амьдардаг Монголчуудад Трампын бодлого нөлөөлж байна уу
2017 оны 4 сарын 20

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран, Йемен, Ливи, Сири, Сомали, Судан зэрэг зургаан орны иргэдийг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхийг 90 хоногоор зогсоох зарлигийг энэ сарын 7-нд гаргасан.

Түүнчлэн дүрвэгсдийг хүлээж авахаа 120 хоногоор зогсоох шийдвэрээ хэвээр үлдээлээ. Түүнээс гадна АНУ-д хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдийг эх орноосоо гаргах бодлого барьж ажиллахаа сонгуулийн сурталчилгаагаа эхэлснээс мэдээлж байсан билээ.

Тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд энэ талаар ямар мэдээлэлтэй байгааг тодрууллаа.

КАЛИФОРНИ МУЖИЙН САН ФРАНЦИСКОД АМЬДАРЧ БУЙ ИРГЭН М.Т:

Одоогоор бичиг баримтгүй иргэдийг хөөж эхлээгүй байна. Тийм шийдвэр гаргасан боловч Трампын зарлигт холбооны шүүх хориг тавьсан. Гэмт хэрэг хийж байсан болон гэмт хэрэгт холбогдож байсан 2-3 сая иргэн байдаг гэсэн судалгаа бий. Эдгээр иргэнийг л буцаах ажиллагаа явагдаж байна. Одоогоор энд ямар ч асуудал алга. Монгол хүн баригдлаа гэсэн мэдээлэл алга. Албадан буцаах үйл ажиллагааг аль ч Ерөнхийлөгчийн үед хийдэг л байсан. Обамагийн үед АНУ-д хоёроос дээш жил амьдарч байгаа бичиг баримтгүй иргэд эндээ хүүхэд төрүүлбэл албадан баривчилгаанд хамруулахгүй гэсэн мэдэгдэл нь хэвээрээ байна.

БОСТОНД АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭН Б.Б:

Албадан гарах захиа авсан гэсэн хүн одоогоор алга байна. Цуурхал болов уу. Монголчууд Мексикчүүд шиг огт бичиг баримтгүй биш шүү дээ. Ямар нэг байдлаар виз аваад ирсэн хүмүүс. Цаашид ямар болохыг бүү мэд, харж л байя. Ерөнхийдөө чангарна гээд л байна. Бичиг баримтгүй олон сая мексикчүүд байгаа учраас Трампын ажлаа тэднээс эхлэх байх. Харин гэмт хэрэгт холбогдож байсан Монголчуудын хувьд хэцүү болж магадгүй юм. Баруун эрэг, Чикаго, Вашингтон ДС хавиар цагдаа нар ихтэй учраас бужигнаж л байгаа сонсогдоно лээ.

ИЛЛИНОИС МУЖ, ЧИКАГО ХОТОД АМЬДАРЧ БУЙ ИРГЭН Н:

Аяллын визээр ирээд суралцах виз болгон солиулж болдог байлаа. Одоо харин болохгүй. Хэрэв тийм хүсэлт гаргавал шууд 30 хоногийн дотор гарах хуудас өгч байна лээ. Трампаас айж байгаа хүн АНУ-д алга. Энд 30 сая хүн хууль бусаар амьдардаг гэсэн тоо бий. Тэр олон хүнийг гаргана гэдэг худлаа гэж ярих хүмүүс байна. Харин гэмт хэрэгт холбогдсон хүнийг өмнөхийн адил хэл үггүй буцааж байна.

ИЛЛИНОИС МУЖ, ЧИКАГО ХОТ, Г.Б:

Ерөнхийлөгч Трамп сарын өмнө мэдэгдэл хийсэн. Гэхдээ одоогийн байдлаар янз бүрийн гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зураагүй. Хүмүүс л дэвэргээд байгаа болохоос яг бодит байдал дээр хүмүүсийг барьж, буцаасан зүйл байхгүй. 700 гаруй хүн буцаасан гэж байгаа боловч хар тамхины наймаа, хүний наймаа, хууль бус бүлэглэлүүдийн хүмүүс байсан тухай мэдээгээр харсан. Түүнээс мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүмүүст хамаагүй.

ЛОС АНЖЕЛЕСТ АМЬДАРЧ БУЙ ИРГЭН А:

Би АНУ-д хууль бусаар таван жил амьдарч байна. Дор бүрнээ болгоомжилж аль болох хэрэг зөрчилд оролгүй явцгааж байна. Цагдаад баригдах зүйл хийж болохгүй. Согтуугаар машин барихгүй байх хэрэгтэй. Бид Солонгос хороололд амьдардаг учраас Азиудад, ер нь дүрвэгсдэд хандах хандлага Трампаас хойш яаж өөрчлөгдсөнийг мэдэхгүй л байна. Шаруудтай бараг харьцдаггүй.

КАЛИФОРНИ МУЖ, САН ФРАНЦИСКОД АМЬДАРЧ БУЙ Г.Г

Хууль дүрэм зөрчөөгүй, хэрэг төвөг хийгээгүй бол айгаад байх зүйлгүй. Надад болон ойр орчныхонд ямар ч бичиг ирээгүй. Хууль ёсоор оршин суудаг учир ирэхгүй байх. Хэрвээ асуудал гарвал Монгол руугаа буцна. Өөрийн гэсэн эх оронтой учир айх зүйлгүй.

Трампын хууль бус оршин суугчдыг хөөх бодлого зарласны дараа нэг хэсэг энэ хавийн монголчууд болгоомжтой байхыг бие биедээ анхааруулж, мэдээ мэдээлэл тарааж байсан. Үүнд зарим нь сандарч, зарим нь дургүйцэж янз бүрээр л хүлээж авч байв. Хууль бусаар оршин суудаг, хэрэг төвөгт орооцолдсон зөрчилтэй хүмүүсийг албадан барьж гаргасан гэсэн. Хүмүүсийн яриагаар нэг, хоёр монгол хүн баригдсан гэж дуулсан.

Гэхдээ энэ үйл ажиллагаа нь Обамагийн үед ч гэсэн жил бүрийн эхний саруудад явагддаг байсан. Хууль бусаар амьдарч буй, гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хамааралтай юм.

One thought on “АНУ-д амьдардаг Монголчуудад Трампын бодлого нөлөөлж байна уу

Хариулт үлдээх

Your email address will not be published.