“Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадад 1500 дугуйчин оролцов
2017 оны 5 сарын 22

duguiӨнгөрсөн бямба гаригт болсон “Автомашингүй өдөр”-өөр Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад зохион байгуулав. МЗХ-оос санаачлан 2012 оноос дугуй унадаг залуусын тоог нэмэгдүүлэх, нийслэлд унадаг дугуйн замыг бий болгох зорилгоор “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

2016 оны байдлаар унадаг дугуй унадаг залуусын тоо 30 мянгад хүрчээ. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд 2013-2015 онд Бэлхийн зам, Дүнжингаравын зам, 19-р хорооллын арын зам, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн зэрэг 9 газар 45,9 км дугуйн замтай болсон байна. Тус дугуйн парад нь жил бүр зохион байгуулагдаж буй бөгөөд дугуй сонирхогч клубуудын оролцоотойгоор зохион байгуулагддаг билээ.

“Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадын нээлтэд МЗХ-ны дэд ерөнхийлөгч Ө.Шинэхүү, “Залуу Дугуйчин” клубийн тэргүүн Ч.Түвшинжаргал,  Оргил уулын дугуйн клубийн тэргүүн Х.Наранбаатар нар болон дугуй унадаг залуус оролцлоо. Энэ үеэр “Залуу Дугуйчин” клубийн тэргүүн Ч.Түвшинжаргалыг МЗХ-ны “Хөдөлмөрийн Алдар” цол тэмдгээр шагналаа. Түүний хувьд 2013 оноос эхлэн МЗХ-ны дэргэдэх “Залуу Дугуйчин” клубийг амжилттай удирдан явуулж, дугуй унах сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх, дугуйн замыг бий болгоход тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгаа юм.

Энэ жилийн дугуйн парадаар унадаг дугуй унадаг залуусыг хамгаалалтын малгайгаа тогтмол зүүж хэвшихийг уриаллаа. Унадаг дугуй бол хүн хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгсэл. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо дугуйчид зайлшгүй хамгаалалтын малгай өмсөж хэвших хэрэгтэй. Хамгаалалтын малгай өмсөж хэвшсэнээр тархины гэмтлээс бүрэн хамгаалах боломжтой юм. Дугуйн парадын үеэр зориулалтын сайн чанарын хамгаалалтын малгайг 20000 төгрөгөөр худалдаалсан.

Дугуйчид жил бүр унадаг дугуйгаар УДУ, ЗАМ, ХҮҮХЭД гэсэн үгүүдийг бүтээж байсан бол энэ жил дугуйн замыг “НЭМЬЕ” гэсэн уриа үгийг бүтээсэн юм. Энэ жилийн “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадад 1500 гаруй дугуйчид оролцлоо. “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадыг Нийслэлийн Захирагчийн Алба, Монголын Залуучуудын Холбоо, “Залуу Дугуйчин” клуб, “Оргил уулын дугуйн” клуб, “UB Social” клуб, “Meridа”, “I LOVE DH” клуб, дугуйн түрээсийн “Green bike” байгууллагууд хамтран зохион байгуулжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Хариулт үлдээх

Your email address will not be published.