М.Билэгт: Монголбанкны алдаатай бодлого эдийн засаг хямрахад нөлөөлсөн
2017 оны 5 сарын 31

УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Шалгалтын дүнгээс үзэхэд Монголбанкны өр, төлбөр 2016 оны эцсийн байдлаар ямар байна вэ?

-2012-2016 онд Төв банк улсад ямар ч ашиггүй своп, форвард хэлцлийг хэдхэн арилжааны банктай хийсэн, төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан, өндөр дүнтэй интервенц хийж төгрөгийн валюттай харьцах ханш суларсан, зах зээлийн хүүгээс доогуур хүүтэй зээл олгосон, Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийн дор хууль зөрчсөн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн зэрэг олон буруу бодлого явуулсан. Алдаатай бодлогын үр дагавраар Монголбанкны 2012-2016 онд хуримтлагдсан нийт алдагдал гурван их наяд болсон. Харин 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монголбанкны нийт өр, төлбөрийн хэмжээ 4 их наяд 329 тэрбум төгрөг болсон гэж ажлын хэсэг дүгнэсэн. 2012-2016 онд өмнөх эрх баригчдын явуулсан алдаатай бодлогын улмаас эдийн засаг хүндэрсэн. Үүнд Монголбанкны явуулсан алдаатай бодлого тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байгаа.

-Монголбанкны ажиллагсад орон сууц, шагнал урамшуулал зэргээр ихээхэн хэмжээний хангамж эдэлдэг талаарх мэдээлэл ил болж олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөж байсан. Шалгалтаар энэ мэдээлэл батлагдсан уу?

-Өмнө нь иймэрхүү утгатай, тоон дүнтэй мэдээллүүд хэвлэлээр гарч байсан. Харин 2012-2016 онд Монголбанк Нийгмийн хөгжлийн сангаараа 10 тэрбум төгрөгийг хуваарилан удирдлагын явцуу хүрээнд зарцуулсан нь ажлын хэсгийн шалгалтаар олон нийтэд илүү тодорхой болж байна. Тухайлбал, ажилтнууддаа үзүүлсэн  орон сууцны зээлийн дэмжлэгт 4.1 тэрбум, тусламж, тэтгэмжид 3.4 тэрбум, шагналд 0.5 тэрбум, баяр ёслолын арга хэмжээнд 0.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Зарим нэг  ноцтой зардлыг дурдвал өмнөх жилүүдэд орон сууц авсан атлаа их хэмжээний мөнгөн шагналыг зарим удирдлагуудад нийгмийн хөгжлийн сангаас дахин олгосон нь шалгалтаар нотлогдсон. Жишээ хэлэхэд, Монголбанкны ерөнхийлөгч зөвлөхдөө 2012 онд орон сууц худалдан авахад 70 сая төгрөг олгосон байтал, дахиад 2013 онд дээрх байдлаар урамшуулал шагнал хэлбэрээр 180 сая төгрөг олгосон байх юм. Мөн Тамгын газрын захиралдаа эмчилгээний зардалд зориулан 130 сая төгрөгийн мөнгөн тусламж олгосон нь “Монголбанкны ажилтанд тусламж, тэтгэмж, нөхөн олговор олгох журам”-ын заалтуудыг зөрчсөн. Учир нь  жилд нэг удаа олгоно гэж журамд заасан боловч хоёр удаа тусламж өгч, үнийн дүн 10-30 сая төгрөгөөс хэтрэхгүй гэснийг тус тус зөрчжээ.

Үүнээс харахад Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нь нийт ажиллагсад зориулан нийгмийн асуудлыг шийдэх ёстой атал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, үзэмжээр, өрсөлдөөнгүй, шударга бус, нууц хэлбэрээр зөвхөн хэдхэн хүрээний хүмүүст их хэмжээний мөнгөн шагнал, урамшуулал, тэтгэмж, тусламжийг банкны дүрэм журмыг зөрчин олгосон нь ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн.

-Монголбанкны ажиллагсдын цалин 2012-2016 онд нэлээд нэмэгдсэн гэж шалгалтын дүнг хэлэлцэх үеэр яригдаж байсан?

-Монголбанкны 2012-2016 оны хуримтлагдсан нийт алдагдал гурван их наяд гаруй төгрөг болж, үйл ажиллагаа нь туйлын хангалтгүй байсан. Гэсэн хэдий ч 2012-2016 оны хооронд дөрвөн удаа ажилчдынхаа цалинг нэмжээ. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд эдийн засаг хямралтай гээд төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг эрх баригчид бараг нэмэгдүүлээгүй шүү дээ. Харин Монголбанкны ажилчдын нийт цалинг 2012 оныг 2014 онтой харьцуулахад 30, 2014 оныг 2016 онтой харьцуулахад 25, 2012 оныг 2016 онтой харьцуулахад 62.5 хувиар тус тус өссөн байна. Өөрөөр хэлбэл, Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалингийн нэмэгдлүүд, Нийгмийн хөгжлийн сангийн зарцуулалт нь Монголбанкны хуримтлагдсан алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байна. Иймд хуримтлагдсан алдагдлыг барагдуулж дуустал Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалинг нэмэхгүй байх, Монголбанкны Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны дэмжлэг, тусламж, шагнал олгохгүй байхыг цаашид Монголбанкны шинэ ерөнхийлөгч анхаарч ажиллах ёстой.

-Монголбанкны удирдлагын үйл ажиллагааг яагаад хянаж чадсангүй вэ?

-Монголбанкны үйл ажиллагаанд таван субъект хяналт тавьж байгаа мэт харагдах боловч Монголбанкны засаглалын тогтолцоо нь тодорхой бус, хуулиар нарийвчлан зохицуулаагүйгээс хяналтын тогтолцоо нь төдийлөн үр дүнтэй бус, Монголбанкны ерөнхийлөгчид зөвхөн зөвлөх, туслах чиг үүрэгтэй байна. Монголбанкны Хяналтын зөвлөл хуульд зааснаар “… Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын багц болон Монголбанкнаас санхүүгийн тайлангаа Улсын Их Хурал, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдал, Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих эрх бүхий орон тооны бус Хяналтын зөвлөл ажиллана” гэж заасан ч мөн зүйлийн 9 дэх хэсэгт Хяналтын зөвлөл нь зөвхөн “санал гаргах, санал солилцох, тайлан, танилцуулга хүргүүлэх” хэмжээнд эрх олгогдсон байх бөгөөд ажиллах орчин, төсөв, цалин хангамж зэрэг нийгмийн баталгаа нь Монголбанкнаас шууд хамааралтай байна.

-Монголбанкны удирдлагын үйл ажиллагаанд зохистой хяналт тавихын  тулд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй гэж ажлын хэсэг үзэж байгаа вэ?

-Монголбанкны ерөнхийлөгчийн хэт бие даасан, хараат бус, эрх мэдэл төвлөрсөн асууудлыг хуулиар зааглах буюу бодлогын болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нь зааглах шаардлагатай гэж үзэж байна. Мөн мөнгөний бодлогыг боловсруулахдаа Монголбанкинд мөнгөний бодлогын талаар хамтын шийдвэр гаргадаг, харилцан хяналт тавьж ажиллах Мөнгөний бодлогын хороо байгуулж, эрх зүйн байдлыг нь сайжруулах, Монголбанкны Хяналтын зөвлөлийн эрх мэдлийг өргөтгөж, Монголбанкнаас хараат бус ажиллах нөхцөл боломжийг нь эрх зүйн хувьд баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байна.

-Эрх мэдлээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал болон тухайн үеийн эрх баригчидтай хариуцлага тооцож, хохирлыг барагдуулах боломжтой юу?

-Ажлын хэсэг ямартай ч шалгалт хийж баримт нотолгоонд тулгуурлан, алдаа дутагдал, зөрчлийг ил тод болголоо. Шалгалтаар илэрсэн зөрчлийг холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгаж, хуулийн дагуу хариуцлага тооцож, улсад учруулсан хохирлыг барагдуулах биз ээ. Хариуцлага тооцох чиглэлээр УИХ-аас тогтоол гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа.

А.Уян

Хариулт үлдээх

Your email address will not be published.