Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн АН-ын хүсэлтээр хойшиллоо
2017 оны 6 сарын 11

Монголын телевизүүдийн холбооноос зохион байгуулж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хүсэлтээр энэ сарын 17-ны 20.00 цаг хүртэл хойшиллоо. Мэтгэлцээнийг өнөөдөр зохион байгуулж 20.00 цагт 14 телевизээр орон даяар шууд дамжуулан хүргэх байсан ч ийм шалтгаанаар хойшилжээ. Тодруулбал, өнөөдөр 12.00 цагт АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай хэвлэлийн бага хурал зарлаж, Х.Баттулгыг мэтгэлцээнд оролцох боломжгүйг албан ёсоор илэрхийлсэнтэй холбогдуулан телевизүүдийн холбоо энэ талаар олон нийтэд мэдээлэл өглөө. АН-ын нарийн бичиг хэвлэлийн хурлынхаа үеэр “Телевизүүдийн холбоо мэтгэлцээнийхээ урилгыг долоо хоногийн өмнө бидэнд ирүүлсэн бол оролцох боломжтой байсан. Харамсалтай нь өчигдөр /энэ сарын 9/ урилга ирүүлсэн учир нэр дэвшигч оролцох боломжгүй” гэж тайлбарласанд Телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал А.Энхзул “Мэтгэлцээнд оролцуулах албан ёсны урилгыг зургаадугаар сарын 8-нд АН-д хүргүүлсэн. Зургаадугаар сарын 9-нд 20.00 цагт мэтгэлцээнийг эхлүүлнэ. Дэмжигчдээ 19.00 цагт ирүүлэх ёстой бөгөөд тэдэнд дүрмийг танилцуулна” гэсэн агуулгатай албан бичгийг хүргүүлсэн байна.

Сурталчилгааны хугацаа бага учир нэр дэвшигчдийн сурталчилгаанд хувь нэмэр оруулж, орон даяар мэтгэлцээн зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар TV9 телевизийн гүйцэтгэх захирал Т.Баасансүрэн ярилаа.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс асуух асуулт, санал хүсэлтийг 1950, фэйсбүүк, твитерээр дамжуулан энэ сарын 17-ны 17.00 цаг хүртэл хүлээн авах юм байна. Өнөөдрийн байдлаар 12368 хандалт ирүүлжээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.