“Заналтай” зарлигаар хавцал руу түлхчихвэл яана аа!
2017 оны 6 сарын 12

     Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрнөж байна. Гэвч энэ сарын 26-нд саналаа хураалгаад 27-ноос сонгогч та иргэн хэвээрээ үлдэж, өрх гэрт чинь тулгамдсан асуудал хэвээрээ байгаагаа нүдээ нээн “нөлөөтэй толь”-гүйгээр харна. Тиймээс ч УИХ-ын Эдийн  засгийн Байнгын хороо Монголбанк яагаад 3 их наяд төгрөгийн алдагдалтай ажилллав, бодлогын буюу үйл ажиллагааны алдаа нь хаанаа байв гэдэг талаар хэлэлцлээ. УИХ-ын нэр бүхий гишүүд зээл авчихаад  компанийх нь нэрийг зарлахыг шаардахаар “Төрийн нууц” гээд хав дарчихдаг, эсвэл “Танай намын гишүүний ААН ч байгаа шүү гэж барьцаалах мэт эсэргүүцдэг АН-ынхны засгийн эрх барьсан зарчмын өвөрмөц онцлогийг гайхаж ядан сууна. Үндэсний статистикийн хорооноос 2017 оны нэгдүгээр улиралд  нийгэм, эдийн засгийн төлөв байдлын ээлжит судалгааг өнгөрсөн сард сонссон. Судалгаагаар нэг өрхийн сар тутмын орлого дунджаар 893 мянган төгрөг байна гэж танилцуулж байв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 39 мянган төгрөгөөр өссөн дүн гэсэн юм. Орлого өсөхөд

·   Цалин хөлсний орлого 27.6 (5.8 хувь) мянган төгрөг,

·  Тэтгэвэр, тэтгэмжийн орлого 22.8 (14.8 хувь) мянган төгрөг,

·  Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 5.6 (9.2 хувь) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж судалгаанд дурьджээ.

Харин иргэд судалгааны дүнд ихээхэн эргэлзэж хүлээн авсан. Учир нь үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн хаачив, дундаж орлоготой өрхийг нэмэхийн тулд авч хэрэгжүүлсэн ажил яав гэх асуулт өөрийн эрхгүй хариулт нэхэж байна. Энэ бол цэвэр хариуцлагын асуудал. Хариуцлага суларч, хяналт тавих боломжийг боомилсны үр дүн юм.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ талаар хамгийн олон удаа хөндөж ярьсан ч улс төрийн хүрээн дэх “дайсан”-ыхаа тоог л нэмсэн. Гэвч өнөөдөр үр дүнг нь ард түмэн харж байна. Ц.Нямдорж гишүүний хэлсэнчлэн “ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт бид дуртайдаа, сайханд нь болж хамрагдах гээгүй. Өөр даанч гарцгүй болчихоод байна. Бид хавцлын ирмэг дээр ирчихээд “Бүгдээрээ нисч үхэх үү. Бүсээ чангалаад тэсэх үү”  гэдэг дээр тулаад байна гэж телевизээр ярилаа.

Тийм ээ, татвар нэмэхэд, цалин тэтгэвэр нэмэхгүй гэхэд дуртай хэн байх вэ. Гэвч “Уучлаарай, өөр арга алга”. Ингэснээр “Монголчууд, Монголын төр төсвийн алдагдлаа тэвчээр заан багасгаж байна”, “санхүүгийн сахилга бат, хариуцлагад онцгой анхаарч эхэллээ”  гэдэг мессежийг ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөр дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдад тараах юм.

“Өндөр хүүтэй зээлсэн Чингис бондын мөнгөөрөө зам барьчихжээ” гэдэг тэр анекдотыг өөрөөр яаж баллуурдах юм бэ? Ингэж зам тавьсаны дараа тухайн намын дарга,  УИХ-ын дарга нь бахархалтайгаар илүүрхэж сонгуульд “туг болгож” ороод ялагдсан гээд бодохоор манай сонгогчид тэнэг биш байгаа биз. Хэчнээн нэр хүндэд дуртай өрхийн тэргүүн ч өндөр хүүтэй зээлсэн мөнгөөрөө “тоос манараад байх юм” гээд хашаагаа битүү цментээр хучдаггүй. Илүү ашигтай бизнес хийж цэвэр ашгаа цуглуулбал “магадгүй”. АН-ынхан төрийн эрхэнд дуртай ч төсвийн мөнгөнд ингэж л ханддаг улс. “Сайн сум” төсөл хэн гишүүний нутагт хэрэгжив. Аль аймаг “замын компанитай” гишүүнээсээ ичиж сууна, тэр нь Чингис бондоос хэчнээн удаа зам барих мөнгө гаргуулж ямархан зам тавив, “Гудамж” төсөл аль аймгуудад хэрэгжив, иргэд нь сэтгэл хангалуун үлдэж, хэдэн үеэрээ баярлах ирээдүйтэй ажил болж чадсан уу?

Өнөөдрийн хямралын эхлэлийг эндээс л хай.

Ямар сайндаа л иргэн нь өнөөдөр “Төр тогтвортой бол төгрөг тогтвортой” гэж яриад сууж байх вэ. Энэ ямар зүйр үг үү. Гэхдээ л саяхан батлагдсан үнэн үг. Тиймээс төрийг тогтвортой байлгавал өрх гэрийн эдийн засагт хэрэгтэй гэсэн үнэн, бас өрөвдмөөр дүгнэлтэд хүрээд, яриад сууж байна.

Та бод л доо, нэг намын гишүүн нь, бүр нэг танхимын сайд нь Засгийн газраа огцруулахад гарын үсгээ зурсан тухайгаа “Би Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад заналтайгаар гарын үсгээ зурсан” гэж яриад сууж байгаа юм. Түүний “заналтай зурсан”-аас болж иргэний, өрхийн амьдрал сайжирсан гэж үү. Харин ч төр тогтворгүй, төгрөг тогтворгүй, хөрөнгө оруулагчдын тухайд бүр ярихын ч хэрэггүй болсныг санаж байна уу.

Харамсалтай нь энэ өсөрхөг сэтгэл өвөрлөсөн “цор ганц эх оронч” эдүгээ  гэгээнтний дүрээр эргэн ирж улс орноо хөгжүүлэх Ерөнхийлөгч болохоор шийджээ. Та итгэж чадах уу? Түүний ярьж буйд, түүний өс шингээсэн харцанд…?

Хэрэв тэр сонгогдвол хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөнө, урьдын бүтэлгүй төлөвлөгөөнүүд, элдэв “скандал” гээд ямар олон хүнд өс санаж юу гээчийг “заналтайгаар” хийх бол? Нэг ширхэг “заналтай” зарлиг гаргахад л дуусах тийм том эрх мэдэл шүү дээ.

Х.Тэргэл

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.