Монгол Ардын Намд итгэлээ бүрэн өгч хариуцлагаа бүтнээр нь нэхье!
2017 оны 6 сарын 13

      УИХ-ын 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан Монгол Ардын Нам өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэх нэг гол үзүүлэлт нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. УИХ, Засгийн газрын хийсэн ажлын үр дүн улс орны өнөөгийн нөхцөл байдал, өрхийн амьжиргааны эерэг үзүүлэлт , ялангуяа эдийн засгийг “сэхээн амьдруулах тасаг”-аас гаргаж сэргэн мандах зүгт хөтөлж байгааг олон судалгаа, шалгуур үзүүлэлтээс харж болно.

Энэ эрчээрээ төр, засгийн үйл ажиллагаа төвлөрч, түмэн олноо амгалан байлгах нөхцлийг бүрдүүлэхийн тулд одоогийн эрх барьж буй туршлагатай улс төрийн цөм хүч болсон Монгол Ардын Намаа дэмжсэн шиг дэмжих нь туйлын зөв алхам юм. Дэлхийн улс орнуудаас  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар таамаглахдаа ч энэ өнцгийг онцолж байна. Тэдэнд мэдээж Монголын ард иргэдийн амьдрал сайжрах эсэх нь биш, харин Монголын төр засагтай харилцахад тогтвортой, найдвартай, хариуцлагатай  байх нь хөрөнгө оруулалт, гадаад харилцааны чухал үзүүлэлт билээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг сонгож Монгол Ардын Намд 100 хувь итгэл хүлээлгэж, хариуцлага үүрүүлснээр Монгол өрх бүрт, бизнес эрхлэгч бүрт эдийн засгийн нөлөөллөө үзүүлэх хөрөнгө оруулалт хийх итгэлцэл сэргэх, Монгол Улсын нэр хүнд өсөх реформ хүлээж байна.

   Монгол Ардын Намын өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажил нь өндөр хүүтэй зээлийн хөрөнгө оруулалтыг үрэн таран хийх явдалтай тэмцэж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож эхэлсэн. Төсвийн сахилга бат алдагдаж Монгол Улс таван салаа төсөвтэй болчихоод байсан завхарлыг зассан. Цаашилбал,  улс төрийн талцлаас үүдсэн дотоод зөрчилдөөний улмаас Монгол Улсын хууль тогтоомжууд, олон улсын гэрээ конвенцуудыг зөрчиж хөрөнгө оруулагчдыг хохироосон алдааг арилгаж алдагдсан итгэлийг эргүүлэн олж авахын тулд зоримог, шийдмэг алхмуудыг хийлээ. Энэ бүхэн улс төрийн өнцгөөс нь харвал эрсдэлтэй, “гал дуудсан” алхам гэж болохоор байсан ч хэрэв эдгээр ажлыг хийгээгүй бол Монгол Улсыг “сэхээн амьдруулах тасгаас” зөв оношилж эмчлэн сэргээх , эдийн засагт ногоон гэрэл асаах бус улс орныхоо нэр хүндийг ч, эдийн засгийг ч “Моргоос” гаргаж авах дээрээ тулаад байв.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын давуу тал нь өндөр боловсролтой, төрийн албаны арвин туршлагатай, Монгол төрийн өндөр албан тушаалуудыг шат дараалан нэр төртэй хашиж байсан гэдгээр нь ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын тавцанд судлагдсан, зохих ёсоор үнэлэгдсэн фигур гэдгээрээ өрсөлдөгчдөөсөө эрс ялгарч байна.

Түүний өрсөлдөгч АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хувьд дэлхийн хэд хэдэн оронд танилцуулсан, ямар нэг хэмжээгээр баталгаажуулсан төслүүд нь бүтэлгүйтсэн гэдгээр нь гадныхан гадарлана. Мөн энэхүү үйл ажиллагаанаасаа болж сэжигтнээр болон яллагдагчаар татагдсан тухай мэдээлэл цацагдаж байсан ч эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд ямар статустай яваа нь тодорхойгүй хэвээр нэр дэвшсэн. Ийм нэр дэвшигчийг Төрийн тэргүүнээрээ сонгоход олон улсын хэмжээнд бол гайхаж бэргэнэ, дотооддоо бол нэлээд хардлага сэрдлэгтэй, сэтгэл дундуур сонгууль болж үлдэх биз ээ.

Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын тухайд гадаадын хөрөнгө оруулагчдыг бараг л “үзэн ядагч” гэдгээрээ имижээ тогтоож сонгуульд оролцож буй ч энэ нь хилийн чанадад байтугай дотооддоо ч бүрэн танигдаагүй хэзээ ч сэтгэл хангалуун байж үзээгүй мөнхийн эсэргүүцэгч л гэж харагддаг. “С.Ганбаатарын цаана Н.Энхбаярыг бий” гэсэн ч, “байхгүй” гэсэн ч адилхан л Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Төрийн албаны туршлагагүй, “Надад л  ашиггүй бол таалагдахгүй байна” гэдэг бизнес сэтгэхүйтэй, хувийн ашиг сонирхлоо эн тэргүүнд тавьдаг Х.Баттулга, С.Ганбаатар хэзээ МАН-тай нийлж, салж байсан түүх нь тэднийг хэн бэ гэдгийг хэлээд өгдөг. Ийм туйлбаргүй, арилжааны сэтгэхүйтэй хүнийг Ерөнхийлөгчөөр сонгоод дөрвөн жилийг туулна гэдэг үнэхээр харамсалтай, хариуцлагагүй алхам болно.

УИХ-ын 65 гишүүн нь МАН-ынх, шилдэг эдийн засагчаар толгойлуулсан мэргэжлийн багаас бүрдсэн Засгийн газар төлөвлөсөн ажлаа хийгээд, алдаа гаргасан албан тушаалтанд зохих  хяналттаа тавьж хариуцлага тооцоод ажиллаж байгаа энэ цаг үе бол тийм ч олон таарахгүй “Алтан үе” юм. Энэ он жилүүдийг, зөв сонголтыг ашиглаад Монгол Улс,

 Монголын ард түмэн хожих ёстой.

      Өнөөгийн энэ нөхцөлд хувийн ашиг сонирхол, улс төрийн өс хонзонгоос үүдсэн талцал хагарал дуусч эцсийн цэгээ хатгаад байна. Талцал, хагарал иргэдийг, эдийн засгийг туйлдуулсан болохоор хэн ч тийм турхиралтыг хүсэмжлэхгүй, харин ч сэргэх вий, эргэн амилах вий гэж айж буй. Тиймээс улс орноо сэргээн мандуулах, эрчимтэй хөгжүүлэх, үндэсний эв нэгдлийг хадгалах ганц арга үлдсэн маань төгс зөв сонголт. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг сонгож, Монгол Ардын Намд итгэлээ бүрэн өгч хариуцлагаа бүтнээр нь нэхье! Итгэлийн хариуд задарсан Монголоо нэгтгэж, зүдэрсэн эдийн засгаа өөд татахыг шаардъя!

Х.Тэргэл

Хариулт үлдээх

Your email address will not be published.