Дэмжигчгүй дэвэгчдэд итгэх үү, эсвэл..
2017 оны 6 сарын 14

14967088455935f6ed24feeСонгууль болоход 12 хоног үлдэв. Иймээс нэр дэвшигчдийг халз мэтгэлцээнд ойрын хугацаанд оролцохыг олон хүн шаардах болжээ. Сонгогчдын олонх нь зургаадугаар сард буюу сонгуулийн сурталчилгааны үеэр хэнд саналаа өгөхөө шийддэг гэсэн судалгаа бий. Тиймээс нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн сонгогчдын саналд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тоймчид онцолж буй юм. Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн чухал нь улс төрд шинэ соёл тогтож үлдэнэ. Иргэд мэтгэлцээнээр сонголтоо хийдэг болчихвол өнгө алагласан сонгуулийн сурталчилгаа утгаа алдаж, мөнгө тараадаг улстөрчид адаглаад хааяа ном эргүүлж харахгүй бол авралгүй болно” хэмээсэн нь бий. Хачирхалтай нь, халз мэтгэлцээнээс хамгийн ихээр айж, шалтаг шалтгаан тоочиж байгаа нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулга. Магадгүй мань хүний тухайд хариулж болохооргүй олон асуулттай нүүр тулахаас эмээв үү, эсвэл өөр шалтгаан бий юу гэдгийг хэлэхэд бэрх.

Халз мэтгэлцээнээс гадна Х.Баттулгад шийдэх олон асуудал бий. Түүнд хамгийн түрүүнд сонгуулийн сурталчилгаагаа хийхийн зэрэгцээ өөрийнх нь эсрэг ажиллах намынхнаа ятгаж, “шинэчлэх” хэрэг гарсан. Өнгөн дээрээ АН-ын төв штаб Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааг хийж байгаа мэт ч үнэн хэрэгтээ МоАХ бүх ажлыг гардан зохион байгуулах болсон аж. Яг л 60 тэрбумын асуудлаар АН нэг өдөр гурван хурал хийдэгтэй адил эмх замбараагүй, зохион байгуулалтгүй үйл ажиллагаа тус намд өрнөх болсон гэнэ. Ямартаа л Х.Баттулгыг ганцаардуулах ажиллагаа хэдийнээс эхлэв хэмээн тус намынхан өөр зуураа асуух болжээ.

Н.Алтанхуяг Засгийн эрхийг шилжүүлснийхээ дараахан хуулийн байгууллагынханд боорлуулж, тулж түших хүнгүй үлдэж байсан үе бий. Энэ жимээр Х.Баттулга ч хэд алхаад үзсэн хүн. Түүний тойрон хүрээлэгчдийг Н.Алтанхуягийн нэрлэдэг хонгилоор “чирүүлж”, араас нь түлхсэн үйл явц өнгөрсөн хугацаанд өрнөж байв. Гол нь энэ бүхэн АН Засгийн эрхэнд байхад өрнөсөн үйл явц. Тухайн үед эргийн гадна хаягдсан Х.Баттулга “Шонхор”-ынхны ивээлд багтаж, нэр дэвшсэн гэлцдэг л юм. Юутай ч ил болсон процесс нь дотоод сонгуулийн үр дүн.

Уг нь Н.Алтанхуяг тэргүүтэн “Алтангадас”-аа чирээд тоглоомоос гарч байгаагаа дотоод сонгуулиар илтгэсэн ч энэ удаад нэр дэвшигчээ дэмжиж ажиллахаа мэдэгдсэн нь ардчиллагчдын асаасан түүдэгт түлш нэмэх шиг болсон юм. Гэвч өнөөдүүлээс нь хуруу байтугай хошуугаа ч хөдөлгөсөнгүй. Эцэст нь Х.Баттулга МоАХ фракциа хөдөлгөөнд оруулж, өөрийн тэргүүлдэг Жүдо бөхийн холбооныхноо түшиж өөрийн хүмүүстэйгээ хөтлөлцөн гүйж явна. Аргаа барахдаа мөрийн хөтөлбөрөө танилцуулахаас илүүтэй ардчиллаа аварч үлдэх хэрэгтэйг уулзалт бүр дээр тодотгох нь анхаарал татаж байна. Үүнийг нь намын гишүүд, дэмжигчид нь ойлгох байтугай хавиргаас нь хазаж, боргоох юм.

Х.Баттулгыг Р.Амаржаргалын дэргэд мэдлэг боловсролгүй, төрийн ажлын дадлага туршлагагүй, сөрөг мэдээлэл ихтэй гэж намынхан нь бусадтай харьцуулж, шүүмжлэсээр байгаа. Спиртнээс үүдэлтэй сөрөг мэдээлэл нь төмөр замаар эцэслэгдэж байсан бол одоо оффшор нэмэгдлээ. “Хас”-ын Ч.Ганхуягийн хэлсэнчлэн Х.Баттулгад оффшорт нуусан хөрөнгө бий бол бас л асуудалтай. Монголын тэргүүн баячуудын жагсаалтад эрэмбэлэгддэг эл эрхмийг бид Тавантолгойгоос үүдэлтэй эх оронч гэж дотроо сэм бодох болсон нь нууц биш. Гэтэл цоохор дээлтэй эл эрхэм овт шаар байвал яанам бэ гэх халаглал цухалзах болов. Нам дотроо хүлээн зөвшөөрөгдөөгүй энэ хүн дээд суудалд очсон ч УИХ, Засгийн газар нь МАН учраас үйл хэрэг нь урагшилж, мөрийн хөтөлбөр нь хэрэгжинэ гэхэд хүндрэлтэй. Хоёр ч удаа сайдаар сонгогдохдоо дорвитой ажил хийгээгүй тул дээд түвшинд ойлголцож ажиллахад бэрхшээл тулгарч мэдэх юм.

Амьдралын үндэс нь сонголт, сонголтын үндэс нь боловсрол, мэдлэг, мэдээлэл. Дадлага туршлага ч хэрэгтэй. Энэ үгийг АН-ын нэр дэвшигчээс гадна МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт ч хаягламаар. Оюутолгойгоос өөр ярих сэдэвгүй эл эрхмийг олон нийт төдийлөн сайн мэдэхгүй. Тиймдээ ч сонгуулийн сурталчилгаагаа Н.Энхбаярын далбаан дор явуулж байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч мөн “Намайг дэмждэг хүн бүр С.Ганбаатарт саналаа өгөөрэй” хэмээн хэлж харагдана билээ. Үзэгчдийг хөгжөөсөн “Яг түүн шиг” шоун дээр оролцогч Мээдээ өөрийг нь дэмжигчдийг С.Гантогоод саналаа өгч, шинэ хүнийг урлагийн тайз руу гарахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн шиг.

Уг нь С.Ганбаатар улс төрд тийм ч шинэ хүн биш. Фэнгшүй ярьж, сүлжээ дэлгүүрээр багагүй хөлжсөн тэрбээр гудамжны тэмцэгчийн дүрд хэсэгтээ “тоглосон”. Өнөөгийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нартай нэгдэн иргэний хөдөлгөөнийг байгуулж байв. Гэвч тэдний “нөхөрлөл” удаан үргэлжлээгүй. Гэхдээ С.Ганбаатар гудамжнаас хоосон хоцроогүй юм. 2008 оны сонгуулийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч болж байв.

Мөн Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн байсан ч ажлаа өгч Үндэсний хөдөлмөрийн нам байгуулсан ч намын дүрэм нь хууль зөрчсөн гэж үзсэн тул Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Тухайн үед намчирхлаас хол байна гэдгээ тоть шиг давтаж байв. Гэвч удалгүй парламентын босго давав. Богино хугацаанд олон ч намын хаалга нээж, хаасан хүн дээ. Хачирхалтай нь, түүний элссэн нам бүр сайхан түүхтэй үлддэггүй жишиг тогтох шахаад буй. Хамгийн сүүлд С.Ганбаатар “ХҮН” намыг сүйрүүлчихээд МАХН-д шургалсан гэгдээд байгаа. Ийнхүү улс төрийн амьдралын хувьд тогтворгүй, олон нам сольсон нэгэн гэж товчхон дүгнэж болно.

Мэдлэг боловсролын хувьд эргэлзээтэй. Дээд сургууль төгссөн үгүй нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, диплом нь хуурамч эсэхийг эцэслэсэн баримт байхгүй. Төрийн ажлын дадлага туршлагагүй. Хамгийн сайн чадах зүйл нь уран илтгэж, бусдыг уяраах увидас. Тэр бусдын сонсохыг хүссэн зүйлийг хэлж чадахаас хийж чаддаггүй гэвэл үнэнд ойр бууна. Өдгөө ч түүний уулзалтуудыг харахад уриа лоозонгийн өнгө төрхтэй, амлалтууд төдий ажиглагдах нь бий.

Дээрх хоёр эрхэм ийм үүх, түүхтэй учраас улс төр, төрийн ажлын дадлага туршлагатай нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболд болох нь улам бүр тодорч харагдаад байгаа хэрэг. Мэдлэг, боловсролтой. Дээд сургууль төгссөн. Гол нь парламент, Засгийн газар нь улаан өмсгөлтэй. Иймээс дээр нь цэнхэр, эсвэл улбар шар туг намируулж байхаар ижил өнгөөр будаж, эцэст нь хариуцлагыг бүтэн үүрүүлж, үүрэг хариуцлага тооцох нь хэн хэндээ ашигтай байж мэдэх юм. Нэг нам төрийн эрхэнд гарснаар УИХ, Засгийн газар тогтвортой, зөв бодлогоор ажиллах болно. Ажил ч урагшилна. Төрийн тэргүүний мөрийн хөтөлбөр ч саадгүй хэрэгжинэ. Түүнээс өөр намын нөхөр Төрийн тэргүүн болчихвол парламент, Засгийн газар гээд хаа, хаанаа нэгнийхээ ажлыг гацааж, мөрийн хөтөлбөрөө мөрөөдлийн болгохоос хэтрэхгүй билээ.

Д.ДОРЖ

Хариулт үлдээх

Your email address will not be published.