Х.Булгантуяа: Гадаад, дотоодод Монгол улсын нэр хүнд сэргэж байгаа
2017 оны 6 сарын 27

Сангийн дэд сайд Х.Булгантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Эхний ээлжийн санхүүжилт ч орж ирлээ. Одоо хамгийн түрүүнд хийх алхам юу байх вэ?

-Бид “Жайка”, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг зээлдэгч олон улсын байгууллагуудтай бодлогын матрицаа тохирох яриа хэлэлцээ хийж байна. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар санхүүгийн дэмжлэг авахаас гадна эдийн засгаа төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн үзүүлэлтээ сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад ээлтэй орчин бүрдүүлэх, боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн салбаруудыг бэхжүүлэх үүргийг Засгийн газарт өгдөг.

Жишээлбэл, “Жайка”-тай тохирсон бодлогын матрицын хүрээнд эмч нарын давтан сургалтыг сайжруулахад Эрүүл мэндийн яам, БСШУСЯ-тай хамтран ажиллах, Шинэ нисэх онгоцны буудлын ажлыг эрчимжүүлэхэд Зам тээвэр, хөгжлийн яам анхаарч ажиллах гэх мэтчилэн үүрэг хүлээж байна.

Мөн ОУВС-ийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулан зээлийн ерөнхий гэрээнүүд УИХ-аар батлагдаж байна. Ингэснээр Засгийн газар гарын үсэг зурах эрхтэй болно гэсэн үг. Ерөнхий гэрээ батлагдахад энэ санхүүжилт нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлэх эсэх нь тодорхой болсон байдаг. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эдгээр санхүүжилт зарцуулагдах юм.

-Хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа санхүүжилтийг дан ганц төсвийн алдагдлыг бууруулахаас гадна төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах ёстой гэсэн хүлээлт их байна. Гэтэл Засгийн газарт бэлэн төсөл байхгүй гэдгээ зарлачихсан. Энэ нь Засгийн газарт 5,5 тэрбум ам.долларыг зарцуулах төлөвлөгөө байхгүй байна гэх шүүмжлэл дагуулаад байх шиг байна?

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа санхүүжилт нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх болон төслийн санхүүжилт гэсэн хоёр хэлбэртэй байх болно. Сүүлийн хэдэн жилд алдагдалтай төсөв баталж ирсэн.

Төсвийн алдагдлыг гадаадаас өндөр хүүтэй зээл авч санхүүжүүлж, мөн төлбөрийн зарим үүргээ дараа жилүүд рүү концесс, вексель байдлаар хойшлуулсаар ирсэн. Үүний үр дүнд өнгөрсөн оны төсвийн алдагдал ДНБ-ний 15 хувь, энэ оных 10 хувь байхаар байна. Эдийн засаг ямар байгаагаас үл шалтгаалан төрийн үр ашиггүй зардлыг танах нь туйлын зөв.

Гэхдээ өсч буй хүн ам, хөгжиж буй улсад төрийн үйлчилгээний, чанар хүртээмжийг сайжруулахад бид онцгой анхаарах ёстой. Үүнд шаардлагатай төсвийг төр, засаг нь зарцуулах л ёстой. Сүүлийн 10 жилд гэхэд хүн амын тоо 16,1 хувиар өссөн.

Ялангуяа эрүүл мэнд, боловсрол гэх мэт салбарын зардлыг хэт их танаж, чанарыг нь муудуулбал дараа нь хэзээ ч нөхөж баршгүй сөрөг үр дагавартай байдаг. ОХУ эдийн засгийн хоригт орчихсон хүнд байгаа хэдий ч 2018 он гэхэд эмч нарынхаа цалинг хоёр дахин нэмэхээр ерөнхийлөгч Путин шийдвэрлэсэн байна.

Засгийн газар мэдээж хөтөлбөрийн санхүүжилтээс эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, нийгэмд нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Хэдийгээр жилийн хоёроос доош хувийн хүүтэй, 15-аас дээш жилийн хугацаатай нэн хөнгөлөлттэй зээл авч байгаа ч эдийн засгийн хувьд үр өгөөж байхгүй бол зээлээ төлөхөд бас л хүндрэл үүснэ.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын бүлгээс эрх баригчдыг зээл авч байгаа гэж шүүмжлэхээс илүүтэйгээр маш өндөр хүүтэй зээл авч байна, үр өгөөж муутай төсөл хөтөлбөрт зарцуулж байна, зарцуулалт ил тод, хуулийн хүрээнд биш байна гэдгийг шүүмжилж байсан.

Энэ оны гуравдугаар сард төлсөн Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг зургаан жилийн өмнө авсан. Он гараад төлөх ёстой Чингис бондын 500 сая ам.долларыг таван жилийн өмнө авсан. Мөн 2018 онд төлөх 152 сая ам.долларын Дим сам бондыг 2015 онд авсан.

Бид эдгээр их хэмжээний өндөр хүүтэй гадаад зээлээр төсөвт орлого төвлөрүүлэх томоохон төсөл ч барьж чадсангүй, ядаж хэдэн том төслийн ТЭЗҮ хийж үлдэж чадаагүй нь харамсалтай. Өнөөдөр ингээд дараагийн мөнгө нь орж ирэхэд ТЭЗҮ нь хийгдсэн бэлэн төсөл ховор байгаа. Гэхдээ эхний шатны томоохон төслүүд эхлэх гэж байна.

Сая Ерөнхий сайд БНХАУ-д айлчлал хийхдээ тусгайлсан гэрээг нь байгуулсан Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах шугамын төсөл энэ зундаа ажил нь эхлэхээр байна. Тус шугам нь Оюунтолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг том төслүүдийг цахилгааны дотоодын эх үүсвэрээр хангах юм.

Мөн аймгуудын ашиглалт нь муудсан цэвэрлэх байгууламж, эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэх ажил зэрэг олон ажлыг хойш тавилгүйгээр хийхээр төлөвлөсөн. Саяхан УИХ-аар соёрхон батлагдсан Польш улсын 50 сая Еврогийн зээлийг аль болох үр өгөөж өндөртэй ганц хоёр төсөлд зарцуулах нь зүйтэй гэдэг саналыг гишүүд гаргаж байна.

-Дараагийн ээлжийн хамгийн том санхүүжилт хаанаас орж ирэх вэ?

-ОУВС-гийн хөтөлбөр батлагдсан даруйд эхний 38,6 сая ам.доллар орж ирсэн. Тэр өдөртөө л долларын ханш буурсан. Валютын урсгал нэмэгдэж байна, эдийн засаг хөдлөх юм байна гэсэн дохио бий болчихлоо.

Энэ оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийг авч үзэхэд, импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 39 хувиар, экспортын хэмжээ 35 хувиар нэмэгдсэн, эдийн засгийн өсөлт 4,2 хувьтай гарсан нь эдийн засаг наашилж байгаагийн илрэл. Мэдээж ингэж нэмэгдэхэд олон зүйл нөлөөлсөн.

Дэлхий зах зээл дээр түүхий эдийн үнэ өссөн, ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжихээр болсонтой холбоотой. Өнгөрсөн хугацаанд улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалан Монгол Улсын нэр хүнд гадаад, дотооддоо таатай бус байсан.

Монгол Улсыг улстөржихгүйгээр, төсвийн сахилга баттайгаар, эдийн засгийн үр өгөөжтэй байхаар төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх юм байна, гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих орчныг бүрдүүлэх үүрэг хүлээж байгаа юм гэдэг хандлага бий болсон байна, гадаад зэх зээлд. Тэгэхээр дараа дараагийн хэлэлцүүрүүдийн үр дүнд санхүүжилтүүд орж ирнэ.

-ОУВС-гийн хөтөлбөр ойрын хугацаанд эдийн засгийг тогтвортой байлгах ч цорын ганц найдвар биш гэдгийг хэлэх эдийн засагчид байна. Тиймээс том төслүүдээ хөдөлгөх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр бидний улиг болтол ярьдаг том төслүүд хэзээ хөдлөх вэ?

-Мэдээж ОУВС-гийн хөтөлбөр бол эдийн засгаа хөгжүүлэх цорын ганц гарц биш. Бидэнд маш их потенциал байгаагийн нэг нь том төслүүдээ хөдөлгөх. Холбогдох яамд, байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гарсан, ажиллаж байна.

Миний харамсч явдаг зүйл бол “Тавантолгой” төслийг 2011 онд нүүрсний үнэ өндөр байхад хөдөлгөсөн байсан бол Монгол Улсын эдийн засаг ийм байдалд хүрэхгүй байсан байх гэж боддог. Өмч хувьчлал, том төслүүдийг зайлшгүй ярих ёстой ч яарч хөдөлбөл юу болдгийг Оюутолгойн жишээнээс харж болно.

Тэгэхээр бид өмнөх Засгийн газрын ажлыг үгүйсгэх биш тэдний хийсэн тооцоолол, боломжуудыг судалж, цаашид хэрхэн явах вэ гэдгийг ул суурьтай судалж байж хөдлөх ёстой.

-Гацууртын ордыг ашиглах асуудал яригдаж байгаа ч мөн л тодорхойгүй байна?

-Гацууртын ордыг ашиглах асуудал багагүй хугацаанд яригдсан. Удахгүй шийдвэр гарах байх. ОУВС-гийн зүгээс “Та нар жил бүр том төслүүдээ хөдөлгөнө гэж төсөвт орох орлого, зарлагыг нь тооцсоор ирсэн ч төсөл нь хөдөлдөггүй. Бодит байр сууринаас хандах ёстой” гэсэн шүүмжлэлийг хэлсэн.

-Зөвхөн уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай Монгол Улсын хувьд эдийн засгаа солонгоруулж, бусад салбараа хөгжүүлэх ёстой гэдгийг олон жил ярьсан. Уул уурхайгаас өөр эдийн засагт үр өгөөжээ өгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ямар салбар байна вэ?

-Монголын хувьд уул уурхайгаас гадна хөрөнгө оруулах, эдийн засагт үр өгөөжөө өгөх салбар бол хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар. Монгол Улс 60 гаруй сая малтай, жилд таван сая орчмоор малын тоо нэмэгддэг. Бид ийм их малтай хэрнээ дэлхийн зах зээл дээр гаргахад олон асуудал байдаг.

Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн салбарыг онцгойлон анхаарахаар оруулж өгсөн. Хэдий Атрын-III аян, мах сүүний аян, арьс шир, ноос ноолуурын урамшуулал зэрэгт төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө зарцуулж байгаа боловч энэ нь хүнс хөдөө аж ахуй энэ том салбарыг олон улсын түвшинд хүргэхэд хангалттай биш.

Зоорь, боловсруулах үйлдвэр, нарийн бэлтгэгдсэн боловсон хүчин гээд маш том дэд бүтэц шаарддаг дэлхийн хамгийн нарийн стандартчлагдсан салбар бол хүнс хөдөө аж ахуй. Одоогоор энэ салбарт хийгдсэн бэлэн дэд бүтэц манай улсад бага.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт дээр хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа томоохон төслүүдийг цааш үргэлжлүүлэх, нэмэх асуудлыг хөндөж байсан. Эхнээсээ хэд хэдэн төслүүдийн гэрээ зурагдах шатандаа явж байна. Бид нэг зүйлийг маш сайн ойлгох ёстой.

Гадаадын зээл, тусламжаар төсөл хэрэгжүүлэхэд дан ганц санхүүжилт Монголд орж ирэх буй маш их know how, мэдлэг орж ирдэг. Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүнийг олон улсын зэх зээлд гаргахад юу юунаас илүү бидэнд тэр know how чухал байгаа.

Өнөөдөр бид чанарын асуудлаас болж урд хөршдөө ч бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүй байгаа. БНХАУ-ын дарга Си Зиньпинь анх намын дарга болох хурал дээрээ “Миний тавьж буй маш том зорилтын нэг нь хүнсний аюулгүй байдал” гэдгийг онцолж байсан. Аялал жуулчлалын салбар бол манай улсын эдийн засгийн нэг тулгуур болж чадах салбар.

Жил бүр Монголд ирэх жуулчдын тоо өсч байгаа ч бидэнд аймаг, сум, хотоо холбох зарим нэг замуудыг зайлшгүй засах шаардлагатай байгаа. Тухайлбал, БНХАУ-аас авч буй зээлээр Улаанбаатараас Чойр руу явж байгаа 50 орчим жилийн настай замыг засахаар төлөвлөж байна. Гэх мэтчилэн аялал жуулчлалын салбарт нөлөөлөхүйц тодорхой ажлуудыг хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Гадаад зах зээлд улс төрийн тогтвортой байдал маш чухал. Гэтэл сая Засгийн газар нэг сайддаа хариуцлага тооцож, огцруулсан. Засгийн газар хариуцлагын асуудлыг цаашид үргэлжлүүлнэ гэж байгаа ч нөгөө талдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засгийн газарт тогтворгүй байдал үүсчих вий гэсэн болгоомжлол байна?

-Засгийн газар тогтвортой байх нь маш чухал. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагын төлөөлөл, бусад Засгийн газрын төлөөлөл ирээд нэг ажил яриад дараа ирэхэд өөр хүн сууж байхад санаа зовдог. Нэг хүн солигдож байна гэдэг нь нэг бодлогыг өөрчлөхөд маш амархан гэсэн айдас маш их байдаг.

Монгол Улсын хууль эрх зүйн орчны талаарх, улс төрийн нөхцөл байдлын талаарх ойлголт гадныханд бага байгаа шүү дээ. Боловсролын салбар асуудал ихтэй салбар. Өчүүхэн алдаа гаргахад түүний цаана хэдэн зуун мянган хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байдаг учраас энэ салбарын ажил сайн байх нь Засгийн газар тогтвортой байх гэхээс илүү чухал гэдэг үүднээс хариуцлага тооцсон гэж бодож байна.

Ер нь бол дэмжих үедээ дэмждэг, нэгдэх, ойлголцох үедээ нэгддэг, ойлголцдог, хариуцлага тооцох үедээ тооцох л ёстой. Үүнийг л ард түмэн хүсч 65-ууланг нь сонгосон гэж бодож байна.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсноор МАН болон Засгийн газрын зарим мөрийн хөтөлбөр биелэгдэх боломжгүй нөхцөл үүсч байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Зарим хэсэг нь биелүүлэхэд их хүндрэлтэй болсонтой санал нийлж байна. Бид өнөөдрийг болтол концессыг хэдэн сар цэгцэлж байж нэгтгэлээ. Өмнө нь аймаг, Иргэдийн хурал, яам, ТӨХК гээд дур дураараа концесс хэрэгжүүлж байсан. Намын мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа бид аль болох их тоо баримт, мэдээ мэдээлэл авч байсан ч зарим зүйл нь нууцлагдмал байсан.

Хэр их харанхуй нүхэнд орсон юм бэ гэдэг нь өнгөрсөн оны сүүлээр л тодорхой болсон. Гэхдээ энэ бол намынхаа мөрийн хөтөлбөрөөс ухарна гэсэн үг биш. Бид 2019 он хүртэл ОУВС-гийн хөтөлбөрөө зөв зүйтэй хэрэгжүүлээд явж чадвал боломж байгаа гэж бодож байна.

-ОУВС-ийн хөтөлбөрийг дагаж 5,5 тэрбум ам.доллараас өөрөөр төсөөлж байгаа, зээл, санхүүжилт яригдаж байгаа юу?

-Эхний шатанд 5,5 тэрбум ам.доллараа л ярьж байна. Энэ мөнгийг төсвийн алдагдал, төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулна. Засгийн газрын өр 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар ДНБ-нд эзлэх хувь нь 78 хувь байгааг бид ирэх жилүүдэд үе шаттайгаар бууруулж, ойрын хугацаанд ДНБ-ий 50 гаруй хувьд хүргэж, хурдтай бууруулахаар тооцоолж байна.

Засгийн газрын нийт өр өмнөх оны сүүлээр 22.3 их наяд төгрөг. Тэгэхээр бид эхний ээлжинд төсвийн алдагдлаа бууруулах, өрийн дарамтыг бууруулах тал дээр санхүүжүүлэлтийг зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд төрийн үр ашиггүй зардлыг танахаас гадна эдийн засгаа бүхлээр нь нэмэгдүүлж чадвал богино хугацаанд өрөө төлж, ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулж чадах юм.

Эдийн засгийн хүндрэлээс гарах дэлхий нийтийн жишиг тийм байдаг. Тухайлбал, АНУ-д Обама Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа эдийн засгийг сэргээхэд 190 тэрбум ам.доллар зарцуулна гэж байсан бол Ерөнхийлөгч болсных нь дараа түүний Засгийн газар 2009 онд 787 тэрбум ам.долларын хөтөлбөр баталсан.

Засгийн газрын өр нэмэгдүүллээ гэж их шүүмжлэл дагуулж байсан ч энэ хөтөлбөр нь нааштай үр дүн авчирсан. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжид их төсөв зарцуулснаас гадна төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, барилгын салбарыг дэмжсэнээр 3 сая орчим ажлын байр бий болгосон гэж үздэг.

Дэлхийн гайхамшгийн нэгд тооцогддог Австралийн Сидней гүүр гэхэд 1925 онд ажил нь эхэлж, 1930-аад онд Австралийн эдийн засаг гүн хямарч, ажилгүйдэл 32 хувьд хүрч, картын бараанд орж байх үед ч үргэлжилсээр олон мянган хүнийг ажил, орлогоор хангасан том төсөл байсан. Ийм том зах зээлтэй улс энэ төслийн одоогийн ханшаар 500 сая ам.доллар орчим зээлийг 1988 онд төлж дууссан байдаг.

Бид ОУВС-гаас орж ирж буй санхүүжилтийг эдгээр улс шиг зөв зарцуулж, цаашид ч төсөв, санхүү, мөнгөний зөв бодлого барьж чадвал хурдацтай хөгжих бүрэн боломж бий.

-5,5 тэрбум ам.доллар бол бага мөнгө биш. Тэгэхээр энэ их мөнгийг үр ашигтай зарцуулах хүлээлт маш их байна. Өмнө нь бонд, авсан зээлээ үр ашиггүй зарцуулсан гэсэн шүүмжлэлээс итгэл суларчихсан байх шиг?

-Тийм ээ. 2012 онд 7.6 их наяд байсан Засгийн газрын өр 2016 оны эцэс гэхэд 22.3 их наяд болж, гурав дахин нэмэгдсэн. Үр ашиггүй өр тавьж байна гэдэг шүүмжлэл тасраагүй байхад дахин зээл авна гэдэг хэцүү.

Гэхдээ энэхүү хөтөлбөр нь нэгт бид байрны зээлийн хүүгээр бол бараг 20 хувийн хүүтэй лизингээс 8 хувийн хүүтэй лизинг рүү шилжих боломж бүрдэж, өндөр хүүтэй зээлээ бага хүүтэй зээлээр солих боломж олдож байгаа гэсэн үг.

Хоёрт, эдийн засгаа тэлж, ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хөшүүрэг болж чадна. Гэхдээ хөтөлбөрийн 5,5 тэрбум ам.долларыг гурван жилийн дотор зарцуулж дуусахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Том төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гэвэл цаг хугацаа их орно.

Том төслийн ТЭЗҮ хийхэд нэг жил, барихад 3-4 жилийн хугацаа орно. Тэгэхээр нэг том төсөл хэрэгжүүлье гэвэл дор хаяж таван жил болно. Гэтэл дараагийн Засгийн газар яг энэ байр суурин дээр байж чадах эсэхийг бид хэлж чадахгүй. Аль болох монгол төрийн залгамж халаа, улстөржихгүйгээр цаашаа яваасай гэж найдаж байна.

Тиймээс ч бид өмнөх Засгийн газрын үед бусад улс орон, олон улсын байгууллагатай хийгдсэн яриа хэлэлцээрийг үргэлжлүүлж, төсөл хөтөлбөрүүдийг явуулахын төлөө ажиллаж байна. Мэдээж санхүүжилтүүд ар араасаа шууд орж ирэх зүйл биш.

Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх хэлэлцээрүүдийг УИХ-аар соёрхон батлах, Засгийн газар батлах, төсөл хөтөлбөрийн тусгайлсан гэрээг зээлдэгч талтай байгуулах гээд маш их судалгаа, тооцоо, төлөвлөгөөтэйгөөр, зарим нь биднээс шууд хамаарахгүй их процесстой.

-Засгийн гараас төсөвт хяналт тавих зорилгоор Төсвийн зөвлөл байгуулахаар болсон. Зөвлөл ямар бүрэлдэхүүнтэй байх бас зөвлөл хөндлөнгийн хяналтыг тавьж чадах эсэх нь эргэлзээ төрүүлээд байна. Бүх албан тушаал улс төрөөс хамаарч томилогдож байгаа учраас итгэл төрөхгүй байна л даа?

-Одоогоор зөвлөлд хэн байх, ямар бүрэлдэхүүнтэй байх бодлого гараагүй байна. Гэхдээ эрдэмтэд, судлаачид, мэргэшсэн төлөөллийг багтаахаар зорьж байна. Ер нь бол бидэнд хөндлөнгийн хараат бус хяналт хэрэгтэй байгаа. Үүнийг олон улсын байгууллага ч, гадныхан ч хэлдэг.

Жишээлбэл, ОУВС-тай тохиролцсон бодлогын матриц дээр улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг маш нарийн боловсруулах үүргийг Засгийн газар хүлээж байгаа. Үнэхээр энд соёлын ордон барих зайлшгүй шаардлага байна уу, өөр боломжоор шийдэж болох уу гэх мэт асуудлыг нарийвчлан судалж, оруулж ирэх ёстой.

УИХ-ын гишүүд улсын төсөв, гадаадын зээл олон жижиг цоорхойгоор урсах биш оновчтой, далайцтай төсөл хөтөлбөрт зарцуулагдах ёстой гэж үзэж байгаа нь иргэдийн санаа бодлын илэрхийлэл. Ингэж чадвал л улс хөгжинө.

Ш ОЮУНЧИМЭГ

Хариулт үлдээх

Your email address will not be published.