ЭЕШ өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ
2017 оны 6 сарын 14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жил их, дээд сургуульд элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн Ерөнхий Шалгалт /ЭЕШ/ орон даяар өнөөдөр 12:00 цагт монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ.

Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх юм.

Тус шалгалтыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй юм. Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 40388 шалгуулагч бүртгүүлсэн байна. ЭЕШ өгөх шалгуулагчид бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай.

ЭЕШ-ын үеэр шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөх юм.

Б.ЗУЛАА

Хариулт үлдээх

Your email address will not be published.