Ч.Ганхуяг: Монголын эдийн засгийг “Азийн Чоно” болгох мөрөөдөлтэй
2017 оны 6 сарын 14

Олон нийтэд “Хас”-ын гэдгээрээ танигдсан “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал МАН-ын бага хурлын гишүүн Ч.Ганхуяг энэ сарын 12-нд Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгыг оффшорт данстай хэмээн хэвлэлийхэнд мэдээлсэн билээ. Тэрбээр энэ талаар шалгуулахаар өөрийн цуглуулсан материалыг АТГ-т өгсөн юм.

Харин түүнийг “Х.Баттулгыг гүтгэсэн” хэмээн Ардчилсан намаас цагдаад шалгуулахаар өгсөн бөгөөд, өчигдөр тэрээр мэдүүлэг өгчээ. 

Ч.Ганхуягийг оффшорын тухай материал дэлгэж, хэвлэлийнхэнд мэдээлсний дараа түүнийг олон нийт янз бүрээр хүлээж авсан. Зарим нь “Талхны үнэ мэддэггүй, төрийн ордон руугаа салаавч гаргадаг энэ нөхөр юу мэдэхэв дээ” хэмээж байсан юм. Тэгвэл тэр олон нийтэд хандан өөрийн сошл хуудсанд дараах зүйлийг бичжээ.

“Намайг баалах нэг юм байнаа. Түүгээр мөн ч их оролдох юм. Талхны үнэ мэдэхгүй ээ. Мэдэх шаардлага алга. Би 17-тойгоосоо улсад ажиллаж, татвар төлж эхэлсэн. Ганзагын наймаанд явсан. Хувиараа сургуульд сурсан. Төгссөн. Олонтойгоо хамтран олон компани байгуулсан. Намайг Хасын Ганхуяг гэдэг. Бидний байгуулсан банк Топ-100-гийн эхэнд яваа. Бид олон мянган хүнийг ажилтай хоолтой залгуулсан. Олон тэрбумыг татварт өгсөн. Төлсөөр ч байгаа. Монголын эдийн засгийг “Азийн Чоно” болгох мөрөөдөлтэй. Худал хуурмагийг тэвчдэггүй. Айж, дальдчиж, бултаж байгаагүй. Хэлэх үгээ хаана ч хэлээд ирсэн. Дэд сайд хий гэхэд нь очоод хийсэн. Гуйж авч байсангүй. Сонгуульд хоёр ч удаа дэвшсэн. Унасан. Өөрийн буруугаас. Гэхдээ бууж өгөөгүй. Үнэн ялдаг гэдэгт итгэдэг. Монголчууд бидэнд сайхан ирээдүй байгаа гэдэгт би итгэдэг. Надад зорилго бий. Надад зориг байна. Би зогсолтгүй ажиллаж чаддаг. Талхны үнэнээс цааш илүү үнэт зүйл надад бий. Өөр баалах юм ол. Наадахаар чинь намайг дийлэхгүй шүү” хэмээсэн байна.
Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.