Н.Номтойбаяр: 2018 оны нэгдүгээр сараас тэтгэвэр нэмэх шийдвэр гаргалаа
2017 оны 6 сарын 15

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр, тэтгэврийг 2018 оноос, харин цалинг 2019 оноос нэмэх шийдвэр гаргаж буйгаа дуулгалаа. Тэтгэврийг дунджаар 150 орчим тэрбум төгрөгөөр тэтгэвэр нэмэгдүүлнэ гэв.

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсанаас хойш Монгол Улс ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсанаас гадна эдийн засгийн үзүүлэлтүүд тооцоолж байснаас эергээр гарсан. Ингэж төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр тэтгэвэр, тэмгэмж, цалингийн нэмэгдлийг хамгийн чухлаар тавьдаг.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмэх, нэмэхдээ бага тэтгэвэр авч байгаа иргэдэд илүү нэмэх, өндөр тэтгэвэртэй иргэдэд бага нэмэх зарчим барин Тэтгэвэр нэмэх ажлын хэсэг ажиллан, шийдвэрээ гаргалаа.

Хоёрдугаарт цалин нэмэх асуудал чухлаар тавигдаж байна. 2013, 2014 оноос хойш цалин нэмээгүй. Цалин тэтгэврийн худалдан авах чадамж бага байгаа. Энэ нь зах зээлийн худалдан авах чадамжид сөргөөр нөлөөлдөг. Энэ хэрээр зүйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд цар хүрээгээ тэлж чаддаггүй учир нэмэх зайлшгүй шаардлага бий.

Удахгүй Засгийн газар 2018 оны төсвийг хэлэлцэнэ. Засгийн газар 2018 оноос тэтгэвэр нэмэгдүүлсэн байдлаар төсвийг УИХ-д өргөн мэдүүлнэ.

ЦАЛИНГ 2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС НЭМНЭ

Цалин нэмэгдүүлэхэд онцгой анхаарах нэг зүйл байна. Өнөөдөр 186 100 төрийн албан хаагч ажиллаж байна. Тэгэхээр цалин нэмэхийн өмнө манай ажлын хэсэг 3.1 сая иргэнд хэчнээн төрийн албан хаагч үйлчлэхэд зохистой тухай тооцоо судалгаа гаргана. Энэ зохист харьцаа сүүлийн жилүүдэд алдагдсан.

Монгол Улсын хүн ам 2.9 сая байхад 150 мянган төрийн албан хаагч ажиллаж байсан. Хүн амын тоо өнөөдөр 3 хувиар өсөөд байхад төрийн албан хаагчдын тоо 22 хувиар өссөн байна. Монгол Улсын жилийн төсвийн дөрөвний нэгийг төрийн албан хаагчдын цалин эзэлж байгаа нь хэт их жин дарж байна.

Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нэмнэ. 2018 оны эдийн засгийн үзүүлэлт ямар байх талаар урьдчилан хэлэх боломжгүй байгаа.

Хэчнээн төрийн албан хаагч хасагдах вэ? гэж байна. Манай яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг энэ долоо хоногт гарна. Энэ ажлыг яам бүхэн хийх ёстой.

Төрийн албыг цомхон, чадварлаг болгох зорилт тавьсан. Төрийн албанд ч хамгийн үр өгөөжтэй ажилласан хүний цалин илүү байдаг тогтолцоонд шилжихээр судалж байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 оны хоёрдугаар сард буюу Цагаан сарын өмнөхөн нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 орчим хувиар нэмсэн юм.

Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126 500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 мянган төгрөг болсон.

  • 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 22 мянган төгрөгөөр,
  • 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тогтоосон юм.

Х.ОЧ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.