Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн Х.Баттулгын саналаар дахин хойшлов
2017 оны 6 сарын 16

Маргааш буюу 17-ны өдөр товлогдоод байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн дахин хойшиллоо. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга хараат бус телевизээр мэтгэлцээнийг шууд дамжуулмаар байна гэсэн шалтаг хэлж мэтгэлцээнийг хойшлуулах саналтай байгаагаа илэрхийлжээ. Үүний учир дахин хойшилж байгаа нь энэ аж.  Дахин гэхийн учир нь анх товлож тохиролцсоноор эхний мэтгэлцээн энэ сарын 10-нд болох ёстой байсан ч нэр дэвшигч Х.Баттулга татгалзснаар  цуцлагдаад байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг сонгогчдод таниулах боломж нь халз мэтгэлцээн гэж олон нийт үздэг. Ийм мэтгэлцээн нь  олон улсын жишиг. Иймээс Монголын телевизүүдийн холбоо гурван удаагийн халз мэтгэлцээнийг нэр дэвшигчдийн дунд зохион байгуулахаар төлөвлөж, намуудад саналаа хүргүүлсэн билээ.

Ингэхдээ эхний мэтгэлцээнийг хууль эрх зүй, хоёр дахийг эдийн засаг, гурав дахь мэтгэлцээнийг  гадаад бодлогын сэдвээр тус тус хийхээр төлөвлөсөн байв. Энэхүү саналыг нэр дэвшигч М.Энхболд, С.Ганбаатар нар шууд хүлээж авсан бол Х.Баттулгын зүгээс зөвхөн нэг удаа, сонгосон телевизээр мэтгэлцэх боломжтой гэсэн санал тавьсан тухай мэдээлэл байсан юм.

Ямартай ч товлоод байсан эхний хоёр мэтгэлцээн ийнхүү АН-ын нэр дэвшигч Х.Баттулгын санаачлагаар цуцлагдлаа. Одоо гурав гурав дахь мэтгэлцээнийг зургадугаар сарын 24-нд 21.00 цагаас МҮОНТ-ээр дамжуулахаар төлөвлөөд байгаа. Гэвч сүүлчийн энэ мэтгэлцээнд Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга оролцох эсэх нь бас л тодорхойгүй  байна.

Х.Баттулгын ийнхүү халз мэтгэлцээнээс хойш сууж, сугарч үлдэж байгаа  нь ердөө хараат бус телевиз гэсэн ганцхан шалтгаантай. Энэ нь мэдээж шалтгаан бус шалтаг.  Яагаад гэвэл энэ бол телевизийн шууд нэвтрүүлэг бөгөөд хараат хийгээд хараат бус байдлаасаа үл хамааран ямар нэг монтаж, эвлүүлэггүй, хэлсэн ярьсан нь тэр чигээрээ  цаг хугацааны зөрүүгүй үзэгчдэд хүрдэг.  Ийм байсаар байтал хараат бус телевиз гэсэн хань хамаагүй юм яриад байгаа нь дургүйд хүчгүй гэгчийн  үлгэр болоод байна даа.

Угтаа  уг мэтгэлцээнийг Монголын Телевизүүдийн холбооны гишүүн өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар шууд дамжуулахаар болоод байсан юм. Үүнд, Монголын Үндэсний олон нийтийн телевиз, UBS, МN-25,  ETV зэрэг 14 телевиз багтаж байна.

Мэтгэлцээнийг шууд дамжуулаад зогсохгүй ямар хүмүүс оролцох ёстой юм тэр хүмүүсийг нь ч оролцуулах боломжтой гэж байгаа юм. Гэвч Х.Баттулгын ийнхүү дахин дахин шалтаг хэлж зайлсхийж  байгаа нь мэтгэлцээнд орохыг хүсэхгүй байгаагийн илрэл гэхээс өөрөөр юу гэж харах билээ. Мэтгэлцээнд мэдлэг, бодлого хэрэгтэй нь үнэн ч “эх оронч” нэр дэвшигчийн хувьд өөрийгөө таниулах  бэлээхэн боломжоос татгалзаж байгаа нь  нэг л ойлгомжгүй харагдаад байна.

Б.Анир

One thought on “Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн Х.Баттулгын саналаар дахин хойшлов

  1. Зочин

    Арчаагүй новш айж үхлээ наадах чинь

Хариулт үлдээх

Your email address will not be published.