Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэхгүй байх чиглэл өгөв
2017 оны 6 сарын 16

73bd1978503fb11657ef2a2a9c375293БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар их, дээд сургуулийн захирлуудтай нээлттэй уулзалт хийв. Тэрбээр их, дээд сургуулиудын захирлуудтай сургалтын төлбөрийн асуудлаар санал солилцохдоо энэ жил сургалтын төлбөр нэмэхгүй байх чиглэл өгөв.

Тэрбээр уулзалтын эхэнд “Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн талаар санал солилцож, хамтдаа хэлэлцэх зорилготой та бүхнийг урилаа. БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүйгээр сургалтын хэвийн нөхцөлийг хангах боломжийг урьдчилан судалсны үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн аравдугаар зүйлийн 10.2.1 дэх хэсгийг үндэслэн дараахь зөвлөмж, чиглэл өгч байна. Бид энэхүү зөвлөмж, чиглэлийг та бүхэнд албажуулж хүргүүлнэ гэв. Мөн тэрээр уулзалтын үеэр сургуулийн захирлуудад дараах таван чиглэлийг өгсөн юм. Үүнд:

-2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүйгээр сургуулийн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах асуудлыг судалж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

-2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг, санхүүгийн тусгайлсан хөтөлбөрийг судлан боловсруулж, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх;

-Суралцагчдад сургалтын төлбөр төлөх уян хатан нөхцлийг олгож, өрх, гэр бүл, иргэдийг санхүүгийн дарамтгүй байлгах;

-Суралцагчийн нийгмийн баталгааг хангахтай холбоотой хууль, тогтоомжоор заагдсан буцалтгүй тусламж, тэтгэлэг, зээлийн үйлчилгээний талаарх мэдээллийг суралцагч, эцэг эх, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, тэдгээртэй холбоотой үйлчилгээг түргэн, шуурхай зохион байгуулах.

-Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутан, суралцагчийг хамруулах талаар Боловсролын зээлийн сан, Арилжааны банкуудтай идэвхтэй, үр дүнтэй хамтын ажиллагааг зохион байгуулах;

Дээрх чиглэлийг боломжоороо хангахын төлөө ажиллана, сургалтын төлбөрийг аль болох нэмэхгүй гэдгээ их дээд сургуулийн захирлууд хэлсэн байна. Одоогийн байдлаар Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургуулиудын Удирдах зөвлөл төлбөрийн асуудлаа хэлэлцээгүй байгаа аж. Харин Монгол Улсын их сургууль /МУИС/ хөдөө орон нутагт байрлах салбар, Соёл урлагийн их сургууль төлбөрөө нэмэгдүүлэхгүй гэв.

Б.ЗУЛАА

Хариулт үлдээх

Your email address will not be published.