Д.Гантулга: Х.Баттулга 39 лиценз, 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө 240 мянган га газар эзмшиж байна
2017 оны 6 сарын 19

6aeaa0cd705f676d98bb158d3fbe077f3d3c503bУИХ-ын гишүүн Д.Гантулга мэдээлэл хийлээ. Тэрээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт долоо хоногийн дараа болно. Гэвч иргэд нэр дэвшигчид ямар бодлого, үйл ажиллагаа явуулах вэ зэрэг тодорхой бодит мэдээлэл авч чадахгүй байна. Яагаад гэвэл, өдөр болгон олны анхаарлыг татах хов живийн шинжтэй зүйл шинээр гаргаж байна. Тиймээс иргэд бодитой, баримттай мэдээлэл авч чадахгүй байгаа нь харамсалтай. Харин сүүлийн үед АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд “Баримт ярьцгаая. Баримттай ярилцъя” гэж байгаа. Бид ч бас баримттай ярихаар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын бизнесийн бүлэглэлийн талаар баримт цуглуулсан. Х.Баттулгын бизнесийг төрсөн эгч Х.Цэндбаяр нь хариуцдаг. Харин үл хөдлөх хөрөнгүүдийг нь хүргэн ах П.Моломжамц нь хариуцдаг. П.Моломжацын охин М.Золжаргал бизнесийн үйл ажиллагаанд нь төдийлөн оролцоод байдаггүй ч түүний нөхөр Т.Лхагвадорж бизнесийг нь удирдах үйл ажиллагаанд оролцдог. Мөн Х.Баттулгын бизнесийн гол түнш олон нийтэд ард Батсүх нэрээр  танигдсан Я.Батсүх. Энэ бүлэглэлийн мэдэлд хайгуулын болон олборлолтын 39 лиценз, 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө байна. Эзэмшиж байгаа газрынх нь хэмжээ 240 мянган га газар. 43 компанийнх нь дунд оффшор бүсэд бүртгэлтэй компани нь бий. Нэр дэвшигч Х.Баттулга ихэнх тохиолдолд хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр компани байгуулдаг, лиценз авдаг. Улмаар бизнес нь сайн явж байгаа компанийг нь төрсөн эгчийнх нь хүргэн Т.Лхагвадорж оффшор бүсэд бүртгүүлдэг дүр зураг ажигдагдаж байна” гэв. УИХ-ын гишүүн Д.Гантулга энэхүү судалгаагаа нарийвчлан хийж байгаа бөгөөд компани тус бүрийнх нь байгуулагдсан түүхээр нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэхээр ажиллаж байгаагаа хэллээ. Мөн энэ бүхнийг буруу ташаа мэдээлэл гэж үзэж байгаа бол нэр дэвшигч Х.Баттулга баримтаар няцаалт хийх хэрэгтэй гэдгийг онцолсон юм.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.