Их, дээд сургуулиудын захирлууд сургалтын төлбөрөө нэмэхгүй гэж амлав
2017 оны 6 сарын 21

Жил жилийн намар их, дээд сургуулиудын төлбөр эцэг эхчүүдэд дарамт үүсгэдэг нь үнэн. Элсэлт авч эхлээд л төлбөрөө тодорхой хувиар нэмж, эдийн засгийн хүнд нөхцөлд чангалдаг хэрнээ, сургалтын чанар дээр анхаардаггүй гэсэн шүүмжлэл ч бий. Өөрөөр хэлбэл, улсын эдийн засаг, иргэдийн амьдрал, аж байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх нь олон мянган өрх гэр бүл, иргэдэд санхүүгийн дарамт болж байгаа нь үнэн юм.

Тиймээс ЭЕШ эхэлсэн энэ үед салбарын сайд их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч сургалтын төлбөрийн асуудлаар санал солилцож зөвшилцөлд хүрч, төлбөр нэмэхгүй байх талаар үүрэг чиглэл өгдөг билээ.

Энэ жилийн хувьд албан ажлаа аваад удаагүй байгаа шинэхэн сайд Г.Чулуунбаатар өнгөрсөн долоо хоногт их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч сургалтын төлбөр нэмэхгүй байх талаар чиглэл өгсөн юм. Түүнчлэн дээд боловсролын үндсэн үйлчилгээ болох чанарыг нь бууруулахгүй байх, харин ч зарим шатлалаар сургалтыг ахиулах боломж бололцоогоор хангахыг үүрэгдсэн юм.

Харин их, дээд сургуулиудын захирлууд салбарын сайдын өгсөн үүрэг чиглэлийн хариуд сүүлийн хоёр жил сургалтын төлбөр нэмэгдээгүй гэдгийг онцолж цаашид нэмэхгүй байна гэдгээ амалсан юм.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар “Өнгөрсөн гуравдугаар сард сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийнхөн хуралдаж төлбөрийн асуудлыг шийдсэн. Өнгөрсөн онд сургалтын төлбөр нэмэгдээгүй. Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ үед 4,4-1,1 хувиар төлбөр буурсан. Суурь төлбөрийн асуудлыг хүчингүй болгосон. Төлбөрийн хувьд хэвийн байгаа. Аймгийн харьяа сургуулиудын төлбөр өсөөгүй” гэв.

МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал “Сүүлийн хоёр жил сургалтын төлбөрийн асуудалд өөрчлөлт ороогүй, нэмэгдээгүй. Төлбөрийн хувьд нэг сая 950 мянган төгрөг, суурь кердит 65 мянган төгрөг байдаг. Энэ жил сургалтын төлбөр ямар байх талаар удирдах зөвлөлтөйгээ хуралдаж шийднэ. Гэхдээ төлбөр нэмэгдэхгүй байх талаар бодлого баримтална. Жил бүр 1000 гаруй оюутан элсүүлдэг. 600 дээш оноотой элсэгчид сургалтын төлбөрөө зээлийн сангаар даалгадаг нь эцэг эхчүүдэд дарамт болохгүй” гэсэн юм.

ШУТИС-ийн захирал Б.Очирбат “Оюутны сургалтын төлбөрийн асуудлаар Оюутны зөвлөл болон сургуулийн хамт олонтойгоо ярилцаж ирэх 7 хоногт удирдах зөвлөлийн хурлаар шийдэж хэлэлцэж батална. Сүүлийн хоёр жилийн хувьд төлбөр нэмэгдээгүй, цаашид ч нэмэгдэхгүй байх бодлогыг баримтална” гэлээ

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга “Энэ жил 2500 оюутан элсүүлнэ. Төлбөрийн хувьд нэмэгдэхгүй. Сургуулийн хичээлийн төв байрын барилгын ажил 60 хувьтай явагдаж байна. 2018 онд ашиглалтад орчихвол элсэгчдийн тоогоо нэмнэ. Сайдын тавьж байгаа таван асуудлыг тусгаж ажиллана” гэв.

АШУҮИС-ийн захирал “Тус сургууль 23 мэргэжлээр дээд, дунд, тусгай мэргэжилтэн бэлтгэж гаргадаг. Дундаж төлбөр сая 800 мянгаас дээд тал нь 3 сая хүртэл байдаг. Ер нь сургалтын төлбөр нэмэгдээгүй. Сүүлийн 2 жил 457 сая төгрөгийг оюутны тэтгэлэг болгон олгосон байна. Бүтэн өнчин хүүхдүүдэд оюутны байрын төлбөрөөс чөлөөлдөг. Энэ жил ч гэсэн тэгнэ. Сургалтын эмнэлэг баригдаж байгаа бөгөөд ирэх жил ашиглалтад орно” гэлээ.

СУИС-ийн захирал Э.Сонинтогос “Сургалтын төлбөр хэвийн нэмэгдэхгүй. Энэ жил 1000 оюутан элсүүлнэ” гэлээ.

Энэ намар 31,862 оюутан бакалаврын мэргэжлээр элсэх бөгөөд хичээлийн шинэ жилд их, дээд сургууль коллежид 158,065 оюутан суралцагч сурах юм байна. Тэгэхээр ойролцоогоор 150 мянга гаруй өрхийн амьжиргааны асуудалд яригдана гэсэн үг юм. Мэдээж хүүхдээ их дээд сургуулийн боловсролтой нэгэн болгохын тулд эцэг эхчүүд эрвийх дэрвийхээрээ зүтгэх нь тодорхой. Гэвч сүүлийн жилүүдэд сургалты н төлбөр огцом нэмэгдэж, сургалтын чанар навс муудсан гэх шүүмжлэл үнэн санагдах үе бий.

Сургалтын төлбөрийн хувьд дундаж хэмжээ 1,0-2,9 сая төгрөг байгаа юм. Зарим албан бус эх сурвалжийн хэлдгээр зарим сургууль 3 саяас дээш хүрдэг гэх үнэн ажээ.

Б.ЗУЛАА

Хариулт үлдээх

Your email address will not be published.