Элсэгчдийн мэргэжил сонголт хаашаа чиглэж байна вэ?
2017 оны 7 сарын 5

19679550_1584375104914953_1134401571_n “Шинэ элсэлт- шилдэг боловсрол 2017” боловсролын үзэсгэлэн энэ сарын 2-6-ны өдрүүдэд СТӨ-нд байрлах Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн яармагийг БСШУСЯ болон “Модерн экспо” агентлагаас зохион байгуулж байгаа бөгөөд магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежууд, гадаадын сургуулийн төлөөлөгчийн газрууд оролцож байна.

Энэ жил Монгол Улсын нийт их дээд сургуулиуд 160 орчим хөтөлбөрийн хүрээнд 300 гаруй мэргэжлээр элсэлт авах бөгөөд БСШУСЯ-наас гаргасан журмын дагуу элсэгчдийн босго оноо 400-гаас дээш байх ёстой юм. ЕБС-ийн ЭЕШ-ыг энэ жил 30757 сурагч өгчээ.

19758342_1584375101581620_1023229320_nСүүлийн үед сурагчдын онлайн хэрэглээ нэмэгдсэн учраас цахимаар мэргэжил, сургуулиа судалчихаад ирдэг болсон тухай үзэсгэлэн яармагийг зохион байгуулагчид ярьж байна.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэн яармагт энэ жил Төрийн өмчийн их дээд сургуулиуд оролцоогүй ч нэг болон түүнээс дээш удаа магадлан итгэмжлэгдсэн, нэр хүндтэй хувийн сургуулиуд оролцож байгаа юм.

Хамгийн эхэнд танилцсан сургууль бол Үндэсний техникийн их сургууль байв. Тус сургуулийн багш Б.Эрдэнэчимэг, “Чадалтай инженер хүн хаа ч газардахгүй шүү” хэмээн хүүхдүүдэд танилцуулж байв. Тэрбээр өөрөө сантехникийн мэргэжлийн хүн бөгөөд барилга, эрчим хүчний чиглэлээр эмэгтэй хүүхдүүд сүүлийн жилүүдэд сурах нь нэмэгдсэн тухай ярилаа. 1997 онд анх байгуулагдаж байсан тус сургууль өнгөрсөн жил салбарын сайдын тушаалаар Үндэсний техникийн их сургууль болж өргөжсөн байна.

Мөн мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг “Хүрээ” дээд сургуулийн багштай ярилцахад монгол хүүхдүүд гадагшаа явж суралцахыг хүсдэг болсон тухай ярьсан юм. Энэ нь магадгүй хүүхдүүдийн гадаад хэлний мэдлэг сайжирсантай холбоотой байх гэлээ. Тус сургуулийн хувьд биотехнологи, мэдээллийн технологи, шим тэжээл судлал, хүнсний инженерчлэл, системийн аюулгүй байдал зэрэг эрэлттэй нарийн мэргэжлээр Монголдоо 3 жил, төгсөх ангидаа Солонгосын их дээд сургуульд дадлага хийж суралцах боломж олгодог байна.

Энэ үеэр 50 дугаар дунд сургуулийг төгсөгч Т.Наранхүү хэмээх хүүтэй ярилцлаа. Тэрбээр, сэтгэл судлаач болох сонирхолтой байгаагаа хэлсэн юм. Төгсөөд ажлын байрны олдоц муу гэдгийг түүнд гэр бүлийнхэн нь сануулсан ч энэ мэргэжил нийгэмд өндөр ач холбогдолтой, ирээдүйд үнэ цэнэ нь нэмэгдэнэ гэж хүлээж байгаагаа хэлж байь. Мөн сэтгэлзүйч мэргэжлийн онцлогийн талаар ярихдаа, “Ихэнх мэргэжил нас ахих тусам карьер нь урууддаг. Харин сэтгэлзүйч хүний хувьд нас ахих тусам карьер нь нэмэгддэг гэж уншиж байсан” хэмээв. Сэтгэлзүйч мэргэжлийн талаар тэрбээр үргэлжлүүлэн “Идэр” дээд сургуулийн багш Ж.Бурмаатай ярилцсаар үлдэв. Ж.Бурмаа түүнд нийгмийн ухааны чиглэлийн өөр мэргэжил санал болгосон юм.

Нийгмийн ухаан тэр дундаа эрхзүйч, сэтгүүлч зэрэг мэргэжлээр элсэгчид сүүлийн жилүүдэд буурч байгаа мэдээ бий. Сэтгүүлч мэргэжлээр дагнан сургадаг “Сэтгүүлч” дээд сургуулийн танилцуулгыг харахад төгсөгчдийнх нь олонх телевизийн сэтгүүлчид болжээ. 2004 онд байгуулагдсанаасаа хойш энэ сургууль нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн 200 гаруй сэтгүүлчийг бэлтгэжээ. Тус сургууль нь барууны сэтгүүлзүйг дадлага давамгайлсан аргаар сургадаг, жилдээ ердөө 30 оюутан сонгон шалгаруулж авдаг ажээ.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.