“Хөгжлийн банк хариуцлагатай хяналттай болсон”
2017 оны 8 сарын 3

Өнгөрсөн жил Засгийн газраас Монгол улсын Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрч, улмаар тус байгууллага засаглалын хувьд ч, санхүүгийн бие даасан байдлын хувьд ч дампуурлын ирмэгт ирлээ гэсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ихээхэн цацагдсан. Тухайн үед үүсээд байсан нөхцөл байдлыг засаж залруулахаар Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, удирдлагын багийг шинээр сонгон шалгаруулж томилсон. Ажил авсан баг юунаас ажлаа эхэлсэн, хэрхэн сайжруулж байгаа талаар болон Хөгжлийн банкны бодлого, зорилт, цаашдын үйл ажиллагааны талаар Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбаттай ярилцлаа.

-Юуны өмнө Танд энэ өдрийн мэнд хүргэе. Банкны шинэ удирдлагын баг ажлаа аваад багагүй хугацааг үдлээ. Ярилцлагаа энэ хугацаанд та бүхэн юу хийж амжуулав гэдгээс эхлэх үү?

-Бидний ярилцлагыг уншиж суугаа уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Бид ажлаа 2016 оны есдүгээр сард хүлээн авсан. Үүнээс хойш багагүй ажил амжууллаа. Тухайн үед ажил хүлээн авахад банкны активын чанар, зохистой харьцааны үзүүлэлтүүд алдагдсан байсан. Зарим нэг зохистой харьцааны үзүүлэлт алдагдсанаас болж гадаадаас татсан эх үүсвэр хугацаанаасаа өмнө буцаан татагдах, төлж чадахгүй бол кросс дефольт үүсэх эрсдэлтэй хэмжээнд хүрчихээд байсан. Нөгөөтэйгүүр, батлагдсан хууль тогтоомж, дотоод дүрэм журмаа баримталдаггүй, хэрэгжүүлдэггүй зөрчдөг, зээлийн багцын асуудал нэлээн хүндэрсэн байв. Тодруулбал зээлийн эргэн төлөлт, чанарын асуудал тааруухан байсан.

Шинэ удирдлагын баг хамгийн түрүүнд банкны балансын асуудлыг сайжруулахад анхаарч ажилласан. Үүний үр дүнд гаднаас татсан эх үүсвэрүүдийг хугацаанаас нь өмнө татахгүй байх яриа хэлцлийг эхлүүлж, банкинд хийж буй шинэчлэл, цаашид авах арга хэмжээг танилцуулах, зээлийн багцын чанарыг сайжруулах талаар онцгой анхаарч ажилласан. Бидний үйл ажиллагааг УИХ, Засгийн газраас дэмжиж “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг оны өмнө баталж, Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Түүнчлэн тогтоолоор улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газарт шилжүүлэхээр болж, шийдвэрийн дагуу ажлын хэсэг байгуулан шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн. Мөн хууль эрхзүйн орчныг сайжруулах арга хэмжээ авч, хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулж Сангийн яаманд хүргүүлснээр бусад яамдын саналыг нэгтгэн УИХ-д өргөн барьсан. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан банкны хараат бус, бие даасан байдал, банк санхүүгийн зарчмаар санхүү, эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрөө бие даан сонгон шалгаруулах, хариуцлагатай, хяналттай байх зарчмыг УИХ, Засгийн газраас бүрэн дэмжиж энэ оны хоёрдугаар сарын 10-нд баталсан. Энэхүү хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн.

-Эрх зүйн орчны шинэтгэл өрнөж, хуулиа шинэчилснээр ямар ахиц дэвшил гарав. Өмнөх хуулийн боловсронгуй бус байдал Хөгжлийн банкийг хойш татан үр ашигтай ажиллах боломжийг бууруулсан хэмээн тухайн үед дүгнэж байсан. Харин шинэ хуулийн хүлээгдэж буй үр дүнгийн талаар та юу хэлэх вэ?

-Өмнөх хууль 2011 онд батлагдан зургаан жил хэрэгжсэн. Тухайн үед Хөгжлийн банк улс төрөөс хэт хамааралтай буюу эрх барьж буй нам, засгийн бодлого банкны үйл ажиллагаанд хэт их нөлөөлж байсан. Тус онд Монгол Улсын эдийн засаг түүхэндээ 17 хувиар өссөн нэг үгээр хэлбэл ихээхэн өгөөжтэй жил байсан. Гадныхан тухайн үед манай улсыг ирээдүйн Катар, Кувейт болно гэж харж байлаа. Харамсалтай нь, тухайн үед эрх барьж байсан улс төрийн хүчнүүдийн төсөв, мөнгөний алдаатай бодлого, экспортын гол түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Үүнээс үүдэн хөрөнгө оруулалт гадагшлах, экспортын орлого буурах, улсын валютын нөөц буурах, төгрөгийн ханш ихээхэн сулрах зэрэг сөрөг нөлөө эдийн засагт улам бүр ихэссэн. Эдийн засаг харьцангуй сайн үед тухайн үеийн Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг босгосон. Самурай, Чингис бонд гээд хэд, хэдэн гадны эх үүсвэрийг татан Хөгжлийн банкаар томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэг өгсөн. Гэвч дээрх бондын зарцуулалт төдийлөн үр дүнтэй байж чадаагүй. Тухайн үеийн хуулинд Хөгжлийн банк УИХ-аар батлагдсан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэж тусгасан байсан. Гэтэл Ч.Сайханбилэг, Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар УИХ-аар батлуулалгүй бондын мөнгөний дийлэнхийг гудамж талбай засах, дэд бүтэц, замын төсөлд оруулсан. Үүнээс болж Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн багцын чанарт сөрөг нөлөө үзүүлсэн. Мөн банкны дотоод хяналтгүй, дүрэм журмаа зөрчиж олгосон зээлүүд нэлээд бий. Энэ бүх алдаа, дутагдлыг цаашид гаргуулахгүй байх үүднээс бид хуулийн шинэчилсэн найруулгад төсөл хөтөлбөрт тавигдах шаардлага, хяналт, хариуцлагын механизмыг нарийн тусгаж өгсөн. Нөгөөтэйгүүр, банкны бодлого, дүрэм журмуудыг хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулж илүү хяналттай, хариуцлагатай, төсөл хөтөлбөр хүлээн авах, сонгох, санхүүжүүлэх процессыг ил тод, хүнд сурталгүй байхаар эрх зүйн орчинг бүрдүүллээ. Ийнхүү шинэчилсэн хууль эрх зүйн орчинд явуулж буй бидний үйл ажиллагаа богино хугацаанд маш бодитой эерэг үр дүн авчрах нь дамжиггүй.

-Хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийг дөтлөх томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд нийт 3 их наяд төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжүүлсэн. Эргэн төлөлтийн явц ямар байгаа вэ?

-Улсын төсвөөс санхүүжүүлсэн эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газарт шилжүүлэхээс өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн тооцоогоор өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Хөгжлийн банк нийт 6 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн байдаг. Энэхүү санхүүжилтийн 3.3 их наяд төгрөг нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй. Үлдсэн 2.7 их наяд нь Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн болон Арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлүүд байдаг. Мэдээж улсын төсөвтэй холбоотой зээлийн эргэн төлөлт төсөвт сууж төлөгдөж байсан. Тухайн үед Монгол улс нэгдсэн бус нэлээд олон төсөвтэй болчихлоо гэсэн шүүмжлэлд өртөж байлаа. ОУВС, Дэлхийн банк ч үүнийг шүүмжилж байсан. Сөрөг хүчин байсан өнөөгийн эрх баригч намын зүгээс ч нэгдсэн нэг төсөвтэй байх санхүүгийн хариуцлагыг нэхэж шаардлага удаа дараа тавьж байлаа. Үүний үр дүнд 2015 онд хамтарсан Засгийн газар байгуулагдахад нэгдсэн нэг төсөвтэй болсон. Тодруулж хэлбэл, Хөгжлийн банкнаас санхүүжих төсөл хөтөлбөрүүдийн жагсаалтыг Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн бүрэлдэхүүн болгож баталдаг болсон юм. Улмаар улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлүүдийг Засгийн газарт шилжүүлж хүүг тусгаж өгснөөрөө онцлогтой юм. Холбогдох яам бүрт ажлын хэсэг гарган холбоотой төслүүдийг шилжүүлж хаасан. Харин Хөгжлийн банкнаас шууд санхүүжсэн арван зургаан томоохон төсөл болон арилжааны банкаар дамжуулан олгосон 1600 гаруй хувийн хэвшлийн зээлийн эргэн төлөлт хийгдээд явж байгаа. Мэдээж улс орны эдийн засгийн байдал амаргүй байгаагаас үүдэн аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлж буй асуудлууд бий.

-Ажил хүлээн авахад нэлээн хүндхэн байсан гэж та хэллээ. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг хэдий хэр хэмжээтэй нэмэгдүүлэв. Айдгаа авдартаа хийж чадсан уу?

-Ажил авах үед өөрийн хөрөнгө 240 гаруй тэрбум төгрөг байсан. Харин шинэ удирдлагын баг энэ хугацаанд өөрийн хөрөнгийн хэмжээг 1,1 их наяд төгрөгт хүргээд байна. Банкны өмнөх удирдлагууд эрсдэл болон ханшийн тэгшитгэлийн алдагдлаас хамгаалах арга хэмжээг цаг тухайд нь аваагүйгээс болж банк ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн. Ийм хариуцлагагүй, мэргэшсэн бус, ноцтой байдал цаашид гаргахгүй байх үүднээс арга хэмжээ авч байна. Үр дүнд нь банкны хүлээх алдагдлыг эрс бууруулсан.

-Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн багцыг Сангийн яаманд шилжүүлж өр авлагын тооцоог хаасан. Энэ нь гадаад зах зээлд Хөгжлийн банкинд итгэх итгэлийг сэргээгээд зогсохгүй цаашлаад Монгол улсын Засгийн газрын нэр хүндийг өргөж хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн алхам боллоо гэж байсан. Энэ тухайд?

-Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, амжилттай үйл ажиллагаа явуулж буй гадны олон олон Хөгжлийн банкны жишигт нийцтэй эрх зүйн оновчтой орчинд үйл ажиллагаа явуулах болсон нь өөрөө хөрөнгө оруулагчдад эерэг дохио болсон. Үүнийг нотлох эхний алхам болж өмнөх жилүүдэд Хөгжлийн банкнаас улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжигдсэн төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газарт шилжүүлсэн явдал. Энэ нь мөн банкны зээлийн багц, ашигт ажиллагаанд эерэгээр нөлөөлөх сайн эхлэл боллоо.

-Танай банк хөгжлийн ямар томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна вэ. Шаардлага хангасан төсөл хөтөлбөрүүд бий юу?

-Өмнөх хуулиар Хөгжлийн банк нь УИХ, Засгийн газраас баталсан тогтоол, чиглэлийн дагуу санхүүжилт өгч байв. Харин шинэ хуулиар төсөл хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалтыг Хөгжлийн банк бие даан хийх боломж бүрдсэн. УИХ-аас баталсан Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, экспортод чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр болсон. Хөгжлийн банкнаас урт хугацаатай хүү багатай санхүүжилтийг хийж байна. Монголд бэлэн төсөл хөтөлбөр байна уу гэдэгт холбогдох яамд, МҮХАҮТ, Үндэсний шинэтгэлийн хороотой нягт хамтран ажиллаж улсын хэмжээнд судалгаа хийсэн. Судалгааны хүрээнд 1000 орчим төслийг шүүн хуульд нийцсэн шаардлагуудыг үндэслэн 40 орчим төслийг шалгаруулсан. Үүнээс гадна хувийн хэвшлийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хуулийн шаардлага хангасан, экспортод чиглэсэн, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засаг, санхүүгийн үр ашигтай төслүүдийг судалж шаардлага хангасан төслүүдийн санхүүжилтийг нь шийдвэрлэн ажиллаж байна.

-Аль салбарын төслүүд шалгарав?

-Хөдөө аж ахуй, Уул уурхай, Зам тээвэр, Эрчим хүч гэсэн дөрвөн салбарт хэрэгжих боломжтой төслүүд шигшигдсэн.

-Хөгжсөн орнуудын туршлагаас харахад 30-40 жилийн хугацаатай бага хүүтэй бонд гаргаж дэд бүтцээ барьж байгуулдаг. Харин Монгол улс таван жилийн 5.1 хувийн хүүтэй бондоор зам барьж дэлхийд байгаагүй жишиг тогтоосон. Өөрөөр хэлбэл хөгжилд хаягласан Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын дийлэнх хувийг үхмэл хөрөнгө болох замд зарцуулсан. Үүнийг давтахгүйн тулд шинэ хуульд ямар зохицуулалт хийсэн бэ?

-Арилжааны өндөр хүүтэй, хугацаа богинотой зээлээр зам тавьдаг улс манайхаас өөр хаана ч байхгүй л дээ. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгад тусгай заалт оруулж өгсөн. Хөгжлийн банкнаас санхүүжих төсөл хөтөлбөрийг УИХ, Засгийн газар тусгайлан батлахгүй гэсэн заалт оруулсныг ОУВС ч дэмжсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь улс төрөөс ангид бие даасан байдлыг бэхжүүлсэн явдал юм. Нөгөөтэйгүүр Хөгжлийн банкнаас санхүүжих төсөл хөтөлбөр нь эдийн засаг, санхүүгийн үр ашигтай байх ёстой.

Зээлийн эргэн төлөгдөх нөхцөлийн шаардлагыг бүрэн хангах төсөл байх ёстой гэдгийг тодотгосон. Тэгэхээр эдийн засгийн өгөөжөө 20-30 жилийн дараа өгөх гудамж талбай засах, зам тавихад хөрөнгө оруулахгүй гэсэн үг. Монгол улсын экспортыг нэмэгдүүлэх төмөр зам гэх мэт нэн шаардлагатай тодорхой төсөлд санхүүжилт хийх боломжтой боллоо. Өмнө нь Хөгжлийн банк 100 хувь эрсдэлээ даагаад төслүүдийг санхүүжүүлдэг байсан. Харин шинэ хуулиар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг заавал хамтарч санхүүжүүлнэ гэсэн заалт оруулсан. Энэ нь дангаараа эрсдэл үүрэхгүйгээр хөрөнгө оруулагч, төсөл санаачлагчтай хамтран тодорхой хариуцлага, эрсдэлийг үүрэх нөхцөлөөр хангасан. Түүнчлэн бусад банк санхүүгийн байгууллагатай хамтран эрсдэлээ хуваах замаар санхүүжилт хийх нөхцөл бүрдсэн. Нөгөөтэйгүүр, өмнөх Засгийн үед гарч байсан бас нэг алдаа бол ТЭЗҮ, зураг төсөл нь хийгдсэн бэлэн хэрэгжих томоохон төсөлгүй хэрнээ их хэмжээний мөнгийг гаднаас татсан явдал. Санхүүжүүлэх сайн төсөл хөтөлбөргүйгээс хоосон хүү төлөөд явж байв. Тиймээс энэ алдааг давтахгүйн тулд шаардлага хангасан бэлэн төслүүдэд тохирсон санхүүжилтийг татах замаар ажиллахыг зорьж байна.

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хөгжлийн банкны хүлээх үүрэг, чиглэлд ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

-ОУВС –аас тавьж буй гол шаардлага бол Хөгжлийн банк Засгийн газраас хараат бусаар үйл ажиллагаа явуулах, төсвийн шинжтэй санхүүжилт хийхгүй байх, өөрсдөө эх үүсвэрээ Засгийн газрын баталгаагүй татаж ажиллахыг зөвлөж байгаа. Түүнчлэн 3 жил үргэлжлэх ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй” холбогдуулан төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах зорилгоор Хөгжлийн банкнаас хийгдэх санхүүжилтэд тодорхой хязгаарлалтууд тавигдах магадлалтай байгаа.

-Гадны жишиг бол холыг харсан судалгаан дээр үндэслэн үйл ажиллагаа явуулдаг. Хөгжлийн банк судалгаанд суурилсан ажлыг хэр хийж байна вэ?

-Зөв зүйтэй асуулт тавилаа. Улсын эдийн засагт нөлөө үзүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн тулд үндэслэл сайтай, нарийн тооцоо судалгаан дээр суурилсан шийдвэрүүд гаргах нь чухал. Бид ч мөн энэ тал дээр анхааран ажиллаж судлаач, шинжээчдээс бүрдсэн мэргэшсэн баг төсөл, хөтөлбөрийн судалгаа шинжилгээнд дүн шинжилгээ хийж шийдвэрийг хэд хэдэн үе шат бүхий дүгнэлтэд үндэслэн гаргаж эхлээд байна. Түүнчлэн судалгаа шинжилгээг бүрэн автоматжуулах, үр дүнг нарийн тооцож дүгнэх үүднээс хамгийн сүүлийн үеийн зохих програм хангамж, судалгаа шинжилгээний арга, аргачлалыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа.

Тухайлбал төслийн санхүүжилт нь Монгол улсад цоо шинэ санхүүжилтийн арга хэрэгсэл бөгөөд гаргасан санхүүжилтийн барьцаа хөрөнгөөс илүүтэй төслийн үр ашиг, амжилттай хэрэгжих нөхцөл, эргэн төлөгдөх чадварт голлон анхаарч, эрсдэлийг төсөл хэрэгжүүлэгч болон олон талт санхүүжилтийн байгууллагуудтай хамтран гэрээ, хэлцлийн түвшинд бууруулан ажиллаж байна. Энэ мэтчлэн гадна, дотны байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж тодорхой ажлууд дээр техникийн туслалцаа авах, хамтран санхүүжүүлэх талаар идэвхтэй ажиллаж эхлээд байна.

Өнгөрсөн онд Монгол Улсын Хөгжлийн банк ОХУ-ын Сбербанктай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Олон орны Хөгжлийн банкууд болон Экспорт, Импортын банкуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж байна.

-Монгол Улсын хувьд Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад багагүй хугацааг үдлээ. Гэхдээ Япон руу экспортлох бараа бүтээгдэхүүний хувьд гарын таван хуруунд багатахуйц байгаа. Хөгжлийн банк экспортын баримжаатай төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн санхүүжүүлдэг вэ?

-Хөгжлийн банкны хуулийн дагуу экспортод чиглэсэн, импортыг орлох томоохон төслүүдийг судлан санхүүжүүлэхийг зорин ажиллаж байна. Засгийн газрын бодлогын хүрээнд хэрэгжиж буй “Алт-2”, “Мах-сүүний анхдугаар аян”-ыг дэмжин оролцож байгаа. Дээр дурьдсан дөрвөн салбараас гадна хувийн хэвшлийн хуулийн шаардлага хангасан төслүүдийг судалж, эхнээс нь санхүүжилтийг шийдвэрлээд явж байна. Аж ахуйн нэгжүүд Хөгжлийн банкинд хандаж хамтран ажиллахад нээлттэй болсон. Бид байгууллагынхаа цахим хуудсыг шинэчлэн сайжруулж аливаа төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх хүсэлтийг онлайн хэлбэрээр авах боломжтой болоод байна. Та бүхэн www.dbm.mn хаягаар орж сонирхсон мэдээллээ аваарай.

-Аливаа улс орны Хөгжлийн банкуудын 60 хувь нь жижиг дунд үйлдвэрийн зах зээлийг сонирхож энэ хэрээрээ хөрөнгө оруулдаг. Танай хувьд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон гарааны бизнесийг дэмжих боломж бий юу?

-Хөгжлийн банкны гол зорилго бол арилжааны банкуудын хүрч чадахгүй байгаа урт хугацааны хүү багатай санхүүжилтээр том төслүүдийг санхүүжүүлэх явдал юм. Харин жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих хүрээнд өнгөрсөн жилүүдэд Засгийн газраас баталсан олон хөтөлбөрүүдэд Хөгжлийн банк зээлийн эх үүсвэр гаргаж арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож байсан. Үүний нотолгоо Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд 1,7 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгосон. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд жижиг төслүүдэд хүрч ажиллах боломжийг бүрдүүлсэн. Тодруулбал Хөгжлийн банк бодлогын банкны хувьд эх үүсвэрийг нь бий болгон арилжааны банкинд бага хүүтэй өгч, банк цаашаа гарааны бизнес болон ЖДҮ-үүдэд санхүүжилт хийх юм. Саяхан Кувейт улсад болсон Монгол-Кувейтын Засгийн газар хоорондын анхдугаар хуралдааны үеэр манай банктай 2011 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан Кувейтын сангаас ЖДҮ-ийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдэд зээлийн хямд эх үүсвэр олгох талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцсон.

-Хөгжлийн банкнаас дунд хугацаанд олон улсын зах зээл дээрээс ямар санхүүжилт босгохоор төлөвлөж байна?

-ОХУ, БНХАУ, Ази Номхон Далайн бүс нутаг, Европын холбооны улсуудын Хөгжлийн банкуудтай нягт хамтын ажиллагаатай ажиллаж байна. Улсын зээлжих зэрэглэл, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан гадаад зах зээлээс эх үүсвэр татах, бонд гаргахад хүүний хувьд өндөр байгаа тул аж ахуйн нэгжид очих ашигт хувилбар нь бага байгаа. Өнгөрсөн гуравдугаар дугаар сард Засгийн газраас Хуралдай бондыг жилийн 8.75 хувийн хүүтэй гаргасан. Жишээ нь 9 хувьтай бонд гаргахад үүн дээр зардлаа нэмэхээр аж ахуйн нэгж урт хугацаатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх явцад хүү нь өндөр тусна. Тэгэхээр бонд босгохоос илүүтэй тухайлсан төсөл дээр гадны санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллавал хүү нь бага буюу 4-5 хувьтай байх боломжтой. Энэ утгаараа шаардлагагүй их мөнгө татахаас илүүтэй тухайлсан төслүүдэд хөрөнгө авах нь зээлдэгчид ашигтай байхын зэрэгцээ Хөгжлийн банк гэдэг агуулгаа хадгална. Мэдээж улс орны эдийн засаг сэргэж, зээлжих зэрэглэл сайжирсан үед хэрэгцээ шаардлагадаа үндэслэн бага хүүтэйгээр бонд гаргах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Монгол улс залуучуудын орон учир хуримтлал үүсгэх бүрэн боломжтой. Гаднаас зах зээлийн хүүнээс өндөр хүүтэй зээл авахын оронд тэтгэврийн сангаа зузаатган хуримтлалын мөнгөнөөс зээлэх боломж бий гэж гадны мэргэжилтэн хэлж байсан удаатай. Энэ мэтчилэн шинэчлэлийг хийж хөгжлийн бодлогыг зангидах хэтийн төлөвт хэр анхаарч байна вэ?

-Өмнөх удирдлагын баг 2015 онд Хөгжлийн банкны дунд, урт хугацааны төлөвлөгөө баталсан байсан. Төлөвлөгөөнд авах, гээх ухаанаар хандаж зарим нэг шаардлагатай ажлыг төрийн залгамж халааг үргэлжлүүлэн авч явах, нийцтэй бус олон зүйлийг засаж сайжруулах гээд ажлууд их бий. Байгууллагын ерөнхий төлөвлөгөө шинжтэй болсон гэж бид дүгнэсэн. Тиймээс бид Хөгжлийн банк гэсэн агуулгаа хадгалж, улс орны хөгжлийг харсан томоохон стратеги буюу дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулахаар ажилдаа ороод байна. Ойрын хугацаанд дунд хугацааны төлөвлөгөөг шинэчлэхээр ажиллаж байна. Уг стратеги төлөвлөгөө Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдахаас гадна эдийн засгийг төрөлжүүлэх том агуулгаар харсан төлөвлөгөө байх болно. Нөгөөтэйгүүр, эргээд хэмжигдэхүйц, хийж болохоор зорилтуудыг дэвшүүлэхээр зорьж байна.

-Хөгжлийн банк байгуулагдсанаар улсын ирээдүйд том хувь нэмэр оруулж, эдийн засгийг урагшлуулахад чухал нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлт нийгэмд байсан. Гэвч энэ үүргээ өмнөх жилүүдэд хангалттай биелүүлж чадсангүй. Харин шинэ удирдлагын баг Хөгжлийн банкны үйл ажиллагааг олон улсын жишигт хэр нийцүүлэх бол гэсэн хүлээлт нийгэмд бий? 

-Аливаа зүйлийн үндэс суурийг хэр зөв, бат бэх тавьснаас цаашид хэрхэн хөгжиж бэхжих нь шалтгаалдаг. Хүнээр бол Хөгжлийн банк зургаан настай хүүхэд юм. Өнгөрсөн хугацаанд алдаа, оноо байсан уу гэвэл байсан. Цаашид алдаан дээрээ суралцаж өсөж дэвжих боломж бүрэн бий юу гэвэл бий. Иймд удирдлагын шинэ баг богино хугацаанд банкны үйл ажиллагааг зөв гольдролд оруулахаар хууль эрх зүй болон балансыг сайтар цэгцлээд авлаа. Мэдээж энэхүү үйл ажиллагааг амжилттай хийхэд өнөөгийн УИХ, Засгийн газрын дэмжлэг их байсныг энд онцлон хэлмээр байна. Хууль эрх зүй болон үйл ажиллагааг дагалдан гарах дотоод дүрэм журмуудыг зөв гаргаад тавьчихвал цаашид ямар ч удирдлага ирсэн энэ байгууллагын үйл ажиллагаа ганхахгүй. Үүнийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Хоёрдугаарт бид хяналт шалгалт, эрсдэлийн үнэлгээ, хариуцлагын тогтолцоог бэхжүүлнэ. Тухайлбал өмнөх 6 жилд Хөгжлийн банкны дотоод хяналт маш сул, мөн Төв банкны зүгээс тавих хяналт байгаагүй. Өөрөөр хэлбэл хяналтгүй явж ирсэн гэсэн үг. Харин шинэ хуулинд Монголбанкны зүгээс хяналттай байх заалт оруулж ирсэн. Мөн Засгийн газраас хоёр жил тутамд Монгол улсын бодлогод нийцсэн төсөл хөтөлбөрүүд болон экспорт руу чиглэсэн төслүүдийг санхүүжүүлж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавьж шалгадаг болж байгаа. Мөн ТУЗ-ийн дэргэд дотоод хяналтын алба ажиллаж байна. Шинэ хуулиар Хөгжлийн банк хяналттай, нээлттэй, хариуцлагатай болсон гэж дүгнэж болно.

-Байгууллагын хувьд хэр бэхжиж байна вэ. Аливаа байгууллагын урагшлах гол үндэс нь боловсон хүчин байдаг. Хүний нөөцийн бодлогод хэрхэн анхаарч байгаа вэ?

-Хүний нөөцийн бодлого бол байгууллагын амин сүнс. Тухайн байгууллага хэрхэн амжилттай сайн ажиллах вэ гэдэг чадварлаг боловсон хүчнээс шууд хамааралтай. Энэ ч утгаараа улс орны хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийг судлах, зөв шийдвэр гаргахад мэргэшсэн боловсон хүчин юу юунаас илүү чухлаар тавигдаж байна. Иймд Хөгжлийн банк хүний нөөцийн бодлогодоо ихээхэн анхаарч чадварлаг, мэргэшсэн багаар үйл ажиллагаагаа бэхжүүлэхэд анхаарч байна. Өмнөх удирдлагын багт ажиллаж байсан хэдий ч ажил үүргээ сайн гүйцэтгэдэг мэргэшсэн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Харин ажил үүргээ чанаргүй гүйцэтгэдэг ажилдаа тэнцэхгүй байгаа хүмүүст хугацаатай үүрэг өгч, сургалтад хамруулж байна. Ингээд шаардлага хангахгүй байх тохиолдолд чадварлаг боловсон хүчнээр солих үйл явц явагдаж байгаа. Энэ утгаараа ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулж байна. Ажлын байрны урилгыг www.dbm.mn цахим хуудсандаа тухай бүр байршуулдаг. Хөгжлийн банкны удирдлагыг ч мөн олон улсад нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож байгаа юм.

-Ярилцлагын төгсгөлд Та манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Нийгэмд Хөгжлийн банк байх хэрэгтэй, хэрэггүйн талаар талцал үүсэх явдал гарч байсан. Үүнийг цаг хугацаа харуулах болов уу. Харин бид байх хэрэгтэй гэдгийг батлан харуулахаар цаг нартай уралдан ажиллаж байна. Улсын хөгжлийн зөв алсын хараатай УИХ, Засгийн газрын гишүүдийн дэмжлэгтэйгээр хууль эрх зүйн орчноо бэхжүүлж, үйл ажиллагаагаа жигдрүүлэн улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулахаар зүтгэж байна. Тодруулж хэлбэл, Монгол Улсын Хөгжлийн банк зөв гольдролдоо орлоо гэдгийг дахин тодотгож хэлмээр байна.

Б.АРИУНЗАЯА

One thought on ““Хөгжлийн банк хариуцлагатай хяналттай болсон”

  1. Anonymous

    Яахаараа хариуцлагагүй буруу үйл ажиллагааг мэдсэн ч мэдээгүйч хийсэн хүмүүст хариуцлага тооцдоггүй юм бэ нэг нам нв ялаад гараад ирээд бялуу хүртлээ гээд л мартчихдаг байх юм бол төр засаг солигдоод ч хэрэггүй өиш үү

Хариулт үлдээх

Your email address will not be published.