Хэрээ хэрээнийхээ харыг гайхав
2017 оны 7 сарын 28

Хэрээ хэрээнийхээ харыг гайхав

Монгол төрийн эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Ерөнхийлөгчөө сонгох гэж монголчууд хоёр сар талцаж хэрэлдлээ. Олон жил дотно үерхсэн найзууд, ах дүү амраг саднаасаа хүртэл намын сонгуулиа болж харилцаагаа таслахад хүрч байгаа нь эмгэнэлтэй. Тэр ч байтугай иргэдийн хувийн үзэл бодлын талбар болсон фэйсбүүк хуудсыг хаалгах, олон жилийн дурсамжийг нь үгүй хийхээ ч тэд сайн мэдэх юм. байсхийгээд л МАН-ын даргын элдэв янзын бичлэг цацагдаж, түүнийг нь эвлүүлэг хэмээн арилжааны бүх сувгийн оргил цагаар мэдэгдэл хийж аж.
Хамгийн сонирхолтой нь МАН дотроосоо энэ бүх бичлэгийг цацаж байхад АН манай намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцлоо хэмээн мэдэгдэл хийх нь сонирхолтой. Юутай ч сонгуулийн явган сурталчилгаа иймэрхүү ил тодоор явагдаж байна. Уг нь хоёрдугаар шатанд тунаж үлдсэн хоёр нэр дэвшигч ямар нэг байдлаар сонгуулийн сурталчилгаа хийх, иргэдэд бэлэн мөнгө амлах, амлалт өгөх нь хуулиар хориотой. Гэвч энэ хуульд МАН, АН хоёулаа “салаавч” өгч байгаа нь ойрын өдрүүдэд өрнөсөн үйл явдлаас ажиглагдах болов.
Тухайлбал, МАН-ынхан ойрын хэдэн өдөр дандаа мөнгөтэй холбоотой шийдвэр гаргаж байна. Бүр яам агентлагийн дарга нартаа ямар ч хамаагүй сайн мэдээ түгээ гэсэн үүрэг өгсөн гэх яриа ч гараад буй. Олон улсын валютын сангаас зээл авахын тулд хааж боосон хамаг шийдвэрээ тэд нэгхэн сарын дотор бүгдийг нь цуцаллаа. Шүүхийн шатанд яваа Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг ард түмэнд өгнө хэмээн шоудав. Хувийн хэвшлээс хууль бусаар 49 хувийг авсан гэдэг нь шүүхийн шийдвэрээр баталгаажчихсан байхад тэд ард түмэнд тараана гэж амлаж байгааг ойлгох ухаан хүрсэнгүй. Өнөөдрийн сонгуулиар юу ч амласан байлаа гээд тэр нь биелнэ гэсэн үг биш.
Маргааш хэрэв хувийн хэвшил шүүхэд ялалт байгуулж хувиа буцаагаад авахад ард түмний хувьцаа гэсэн үлгэр лөөлөө болох нь тодорхой байгаа юм. Ахмадууддаа ач санаж байгаа хэмээн наадмаас өмнө мөнгө тараасан. Мөн ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгоно, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгнө гэх мэтээр ёстой л шинэхэн баян шиг баруун солгойгүй цацаж байх аж.
Монгол Улсын төсөв хөрөнгө хямарчихсан, татвар нэмж, хүүхдийн мөнгийг хязгаарлахгүй бол болохгүй хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн бүтэн нэг сар чуулганд зовлон тоочиж байсныг ард түмэн мартаагүй. Гэтэл хэлсэн үг нь мартагдаагүй, үсэрсэн шүлс нь хатаагүй байхад МАН ярьсан хэлснээсээ ухарч эхлэв. Валютын сангийн ах нарын шийдвэр, хууль шиг дагаж мөрдөхгүй бол болохгүй хэмээн гоншигонож байсан тэд өнөөдөр зээлээ авчихсан учраас юу ч хамаагүй амлаж, ямар ч үнээр хамаагүй санал авахаар улайрах нь хэрээс хэтэрлээ.
Гэтэл эсрэг талд нь байгаа АН ч зүгээр суусангүй. Ард түмний цалин, тэтгэвэр, малчны зээлийг нэг удаад уул уурхайгаас олсон баялгаар төлөх хүсэлтийг нэр дэвшигчдээ хүргүүлсэн. Гэтэл МАН-ын дэмжигчид үүнийг зууны шилдэг попрол, хэрээс хэтэрсэн тэнэглэл хэмээн дүгнэв. Начир дээрээ тэд нэг тэрэгний хоёр дугуй. Ард түмнээ өнөө хэр тэнэг гэж боддог нь тодорхой байгаа юм. Мөнгөнд хууртаад саналаа өгчихдөг хэмээн санаж буй учраас энэ хоёр нам хоёулаа мөнгө амалж хууль зөрчсөн нь худлаа биш. АН-ын хувьд амлалт өгсөн төдий бол МАН харин хэдийнэ тараагаад эхэлчихэж.
Бүр нийслэлийн утааны голомтод байгаа иргэдийн байрны урьдчилгааг төрөөс өгнө хэмээн попорч байна. АН-аасаа огт ялгаагүй л амлалтыг тэд өгсөн. Тэр бүсэд амьдарч буй 180 гаруй мянган айл өрхийн урьдчилгаа гэхэд хамгийн багадаа л нэг айлд 20 орчим сая төгрөг хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр туйлдсан эдийн засагтай энэ улсад ийм их хэмжээний мөнгө байгаа юу гэдэг нь асуулт дагуулж буй юм. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгчээр МАН, АН хоёулаа л мөнгө амлаж хууль зөрчиж байна.
Б.Эрхэс 

Хариулт үлдээх

Your email address will not be published.