Даншиг наадмын тасалбарыг иргэдэд үнэгүй тараана
2017 оны 7 сарын 31

даншигНаймдугаар сарын 5-нд “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадам гурав дахь жилдээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан НЗДТГ болон Гандантэгчэнлин хийдээс хамтран мэдээлэл хийлээ.

Даншиг наадмын нээлт наймдугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмын арга хэмжээ хурал номын зан үйл болон, хурдан морь, хүчит бөхийн барилдаанаар таван өдөр үргэлжлэх аж. Өмнөх жилүүдэд Хүй долоон худагт зохион байгуулсан бөгөөд асар, майхан байрлуулах зэрэг ажилд төсөв их зарцуулдаг байсан. Харин энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах тул харьцангуй бага төсвөөр зохион байгуулж буй тухай Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэллээ. Мөн энэ жилийн наадмыг 3-4 мянган гадаадын жуулчин ирж, үзэж сонирхох аж.

Даншиг наадмын тасалбарыг наадам эхлэх өдөр үнэ төлбөргүй тараах юм байна. Иймд иргэдийг тасалбарт зааж өгсөн дугаарын дагуу суудалдаа суухыг зохион байгуулагчид уриалав. Өнөө жилийн Даншиг наадмаар хүчит 256 бөхийн барилдаан болно. Барилдаан наймдугаар сарын 5-нд 13:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Харин наадмын хаалтын арга хэмжээ наймдугаар сарын 6-нд 19:00 цагт болж, түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд шагнал гардуулах юм байна.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.