Иргэдийнхээ дунд нэр хүндгүй болсон Д.Пүрэвдаваа Ерөнхийлөгчийн ажлын алба руу санаархаж явна
2017 оны 8 сарын 8

– Тэр “Ялсан Монгол”-ыг муухай харагдуулахаас хэтрэхгүй-

Ардчилсан намын балагтай дарга нарын нэг гэгдэж байсан Д.Пүрэвдаваа сүүлийн үед Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх болно хэмээн цээжээ дэлдэж яваа сурагтай.

2012 оны сонгуулийн дараа  тэр “баарчин”-гаас шууд Засаг дарга болж од нь гийсэн нэгэн.  Засаг дарга болохоосоо өмнө 10 дугаар хороололд караоке, баар ажиллуулдаг байжээ. Урьд нь төрийн алба нэг ч удаа хашиж байгаагүй тэр ийнхүү хууль зөрчин байж Засаг дарга болж байсан түүхтэй. Хууль журмаараа бол төрийн албанд 3-аас дээш жил ажилласан хүн энэ албанд томилогдох ёстой байдаг. Өнгөрсөн хугацаанд түүний нэр сайнаар дуудагдаж байсан нь юу л бол. Тамгын газрынхаа ажилтныг дарамталсан, ажлын байран дээрээ согтуу байдаг, эмэгтэй хүнд гар хүрсэн, төрийн албыг хувийн ашиг сонирхолд ашигласан гэхчлэн  намын удирдлагынхаа чихнээс байнга хонх уяаастай байсан.

Тэрбээр Засаг дарга болонгуутаа нэг  шийдвэрээр 28 хорооны засаг даргыг халж, 216 хэсгийн ахлагч нарыг  “гудамжинд” гаргаж байв. Тэднийг ажлаас халах  үндэслэл нь үгүй  учир төсвийн мөнгөнөөс хагас жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөөр амыг нь тагласан гэх юм билээ. Төсвийн мөнгөөр энэ мэтээр “шал арчсан”-ыг дурдвал ихээхэн но факт цухайх магадлалтай. Энэ бүхэн бол түүний ганцхан л жишээ. Түүнийг Засаг даргаар ажиллах байх хугацаанд Баянзүрх дүүргийн  тэгш ой тохиосон. Дүүргийн 50 жилийн ойн медалийг  140 сая төгрөгөөр  хийлгэснээс гадна  “Гудамж” төслийн долоон хүнийг Европын орноор 10 хоногт 90 сая төгрөгөөр зугаалуулсан гэхчлэнгээр тун өгөөмөр бийлэгжүү загнаж байсан нэгэн.

Дарга болонгуутаа даварч Соната-7-г чамалж, Лексус 470 данхалзуулж дарга хүний имиж илэрхийллээ бүтээж байжээ. Тэр үед хотын дарга Э.Бат-Үүл хүртэл приус машин хөлөглөж байсан гээд харьцуулж нэг хараарай.

Түүнийг Засаг даргын цалингаараа хамгийн богино хугацаанд баяжсан хүн гэлцдэг.  Олон өрөө хувийн хаус, бас бус барилга байгууламжтай гэх. Түүнчлэн газрын наймаанд ч бас нэр хавчуулагдаад  амжсан юм даг. Амралт зугаалга гэхээр уургийн морь шиг уралддаг Засаг дарга өөрийн бүрдүүлсэн багтайгаа нэг удаа 1-2 хоног амралтанд явахдаа л төсвийн мөнгөнөөс 18 саяыг зарцуулж, сонссон болгоны нүдийг орой дээр нь гаргаж байсан удаатай.  Согтуу хөлчүү хүмүүс боодолтой мөнгийг хоол гээд хоолойруу давуулчихсан юм уу, яасан юм. Ямартай ч ийм нэгэн явдал болсон юм билээ.

Д. Пүрэвдаваа төрийн алба хашиж байхдаа асуудлыг нударгаар шийдчих гээд байдаг гэмтэй гэдгээ хангалттай харуулаад амжсан. Сурсан юмыг сураар боож болдоггүй. Одоо ч хэвээрээ байх. Ганц нэг баримтын зах зухаас дурдвал, тус дүүргийн 27-р хорооны ИНХ-ын дарга Ц.Дулмааг өөрийнх нь эсрэг тэрсэлдсэн гэх үндэслэлээр ажлаас нь халж, эсэргүүцэхэд нь хүн хөлсөлж бага насны охинтой нь хамт зодуулсан гэх мэдээлэл хэсэг шуурсан юм даг.  Олон нийтэд хамгийн тодорхой болсон нь  дүүргийнхээ Тамгын газрын хүүхэд, гэр бүл, хөгжлийн төвийн дарга Н.Эрдэнийг  жирэмсэн байхад нь зодож дарамтлаад зогсохгүй, албан тушаалаас нь бууруулж, ажлаас нь хална хэмээн байнга сүрдүүлдэг байсан гэх мэдээлэл юм.  Үүнээс урьд  15-р хорооны Засаг дарга асан Г.Гантуяаг Албан тушаалаа өгөхгүй хэмээн эсэргүүцэхэд нь хүн явуулж, гэрт нь хууль бусаар нэгжлэг хийгээд зогсохгүй 8 настай хүүг нь дарамтлуулж, гэр бүл салахад хүргэсэн, ажлаа тараад харьж явахад нь машинтай хүнээр мөрдүүлсэн гэх асуудлаар тухайн иргэн гомдол гаргаж байсан гэх юм билээ. Энэ бүх явдал тухайн үед хэвлэл мэдээллээр хангалттай явж байсан болохоор илүүг нурших гээд яахав, ингэсхийгээд зогсоё.

Харин дүүргийн Засаг дарга гэсэн төрийн албан тушаалыг тэр дарга хүн шиг зангарагтай, ажил хэрэгч бүтээлчээр хашиж чадаагүй. Тийм ч болохоор дүүргийн иргэд нь энэ хүний талаар сайнаар гэхээсээ илүүтэй саараар ярьдаг. Ерөнхийдөө бол иргэдийнхээ дунд нэр нүүрээ барсан нэгэн гэж тодотгож болно.

Хотын нэгэн дүүрэгт ганцаар юм шиг ганхаж, намайг хэн хэлхэв нохойг хэн саахав гэдэг шиг даргын нүүрээр данайж явсан тэр аливаа хариуцлага сахилга, хууль журмын гадна торойж үлддэг нь бас гайхмаар. Дээрээ крантай, дэргэдээ бурхантай хүн юм шиг байгаа юм. Дуулдаж буйгаар тэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүүтэй найз бааз гэж яригдах юм билээ. Магадгүй, экс Ерөнхийлөгчийн энэрэл хайр түүнийг хаацайлж, таагүй бүхнээс холуур тойруулж байсан байж мэдэх юм. Одоо түүнийг Ерөнхийлөгчийн зөвлөх рүү түлхэж, тэнд өөрийн хүнийг байршуулахаар санаархаж байгаа нь арай экс Элбэгээ биш байгаа гэх хар сэр ч бас яваад байна. Үнэхээр л дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан хүнийг зөвлөхөөр авч ажиллуулъя гэсэн бодлого байгаа бол Д.Пүрэвдавааг  бодвол төрийн албаа хэл үггүй, сэтгэл зүрхнээсээ  болгож бүтээхээр зорьж зүтгэж ирсэн өмнөх Засгийн үеийн дүүргийн Засаг дарга нар өнөөдөр лааз өшиглөөд л явж байгаа биз дээ. Нэр цэвэр, мөр бүтэн талдаа тэд нараасаа яагаад дэвшүүлж болохгүй гэж.

Олон түмний дунд ингэж нэр хүндгүй болсон нэгэн Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхийн албан тушаалд очвол шинэ Ерөнхийлөгчийг маань чимж чадах уу. Яг үнэндээ бол “Ялсан Монгол”-ыг муухай харагдуулна. Д.Пүрэвдаваа хуульч мэргэжилтэй байж болно. Гэхдээ жинхэнэ үү, хуурамч уу гэдгийг нь нягтлах хэрэгтэй байх. Хуурамч диплом худалдаж авсан гэх явган яриа явж байсан удаа бий шүү. Нөгөө талаасаа номыг нь сонсож, ногоотой шөлийг нь уусан бүхэн хуульч болчихдоггүй. Тэр дундаа Пүрэвдаваа шиг төрийн ажлын туршлага нимгэн, хуульчийн хувьд олон нийтэд танигдаж чадаагүй хүнд  Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх дэндүү хол байж мэднэ. Албан тушаалыг хүсч мөрөөдөж болно. Гэхдээ хэм хэмжээ, ажлын дадлага туршлага, чадвар чансаа гэж том шалгуур бий.

Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх өнөөдрийн хүчин төгөлдөр Үндсэн хуулийн хэм хэмжээгээр Ерөнхийлөгчийн саначилсан хуулийн төслийг боловсруулж, нягталж ус тосыг нь  шахах, Улсын Их Хурал дээр хамгаалж батлуулж чаддаг байх гээд ер нь өндөр шалгууртай албан тушаал.  Товчхондоо бол Д.Пүрэвдаваад дэндүү ахадна. Тэр “Ялсан Монгол”-ыг муухай харгдуулахаас хэтэрнэ гэж үү.

Хариулт үлдээх

Your email address will not be published.