Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шинэ ажлаа эхлүүлжээ
2017 оны 8 сарын 8

Долдугаар сарын 9-ний өдөр шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөснөөр  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон билээ. Тэгвэл Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албанаасаа буугаад хаачих вэ гэдэг асуултыг хэвлэлийнхэн ч байнга асуудаг,  олон нийт ч үүнийг  сонирхож байгаа нь гарцаагүй. Түүнийг Ерөнхийлөгчийн албанаас буугуугаад АН-даа буцаж элсч, улстөрд дахин хүч үзнэ, НҮБ руу явна, гадаадын томоохон их сургуульд багшилна гэх яриа олонтаа гарсан.

 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ бүх асуултад хариулт өгсөн. Тэрээр  Ерөнхийлөгчийн албанаас буугаад хаачих вэ гэдэг асуултад хариулахдаа “Ерөнхийлөгчийн албанаас буугаад надад бүх хаалга нээлттэй л гэж хэлээд байгаа шүү дээ. НҮБ болон Олон улсын байгууллага, их дээд сургуулиас санал ирж байгаа. Түүнээс гадна Монголын иргэд, байгууллагаас ч санал ирж байна. Би нэг зүйлийг хэлье. Би Монголдоо байна. Ерөнхийлөгчийн ажлынхаа дараа Монголдоо үлдэнэ. Одоо надад үлдсэн гэх зүйл байгаа бол түүнийгээ Монголдоо л зориулна. Тэр олон улс, бүс нутгийн ажлыг Монголоосоо ч хийх боломж зөндөө байна” гэсэн юм.

Тэгвэл тэрээр Ерөнхийлөгчийн албанаасаа бууссаны дараа шинэ ажлаа эхлүүлжээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэрний үсгээр нэрлэгдсэн шинэ хөтөлбөрийн нээлт өнөөдөр Улаанбаатарт боллоо. Энэ нь олон улсын ирээдүйн Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөр нэртэй юм. “EBI” хөтөлбөрт тэнцэж шалгарсан долоон орны есөн залуус 10 хоногийн турш манай улсын түүх, ёс заншил, ардын урлагтай танилцах юм байна.

“EBI” хөтөлбөрийн гол шалгуур нь “Миний мэдэх Монгол орон” зохион бичлэгийн уралдаан болон ярилцлага байжээ. Хөтөлбөрт шалгарсан оюутнуудын зохион бичлэгийг гар бичмэлийг “Элбэгдорж хүрээлэн”-гийн албан ёсны фэйсбүүк хуудаст тавих аж.

Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан  Олон улсын Монгол Судлаачдын ирээдүйн хойч үеийг бэлтгэх, цаашлаад Монгол судлалыг дэлхийн улс оронд эрчимтэй хөгжүүлэх гарц, гүүр болох зорилт тавьжээ. Түүнчлэн Монгол Судлалд хүчээ сорьж байгаа эрдэмтэн судлаачид дэлхийн энтэй бүтээл туурвих, хэл, соёл, түүх гэх мэт уламжпалт салбарын судалгааг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж төслийн багийнхан онцолж байна.

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны аравдугаар сараас эхлээд 2017 оны тавдугаар сар хүртэлх уулзалтууддаа албанаасаа бууугаад хаачих талаар үг цухуйлгаж иржээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэн Ц.Элбэгдоржийн маргаашийг хэрхэн төлөвлөж ярьсныг эргэн саная.

2017-04-19 МҮЭСТО

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусгаад юу хийх вэ гэж асуусан. Яах вэ, Ерөнхийлөгчийн ажлаа өгчихөөд харь гариг руу яваад өгөхгүй нь ойлгомжтой. Тиймээс идэвхтэй иргэн байна. Нэлээд хэнхэг иргэн байна байх л гэж би өөрийгөө бодоод байгаа юм.

2017-04-13 “Их Тэнгэр” цогцолбор

-Ерөнхийлөгчөөс буугаад та ямар ажил хийх вэ гэсэн байна.Төвлөрч бодоход байгаль орчин, иргэний гэх зэрэг 5-6 чиглэл гарч байгаа юм. Миний фейсбүүк, твиттерээр хамтарч ажиллах олон санал ирж байна. Таны багт ормоор байна гэсэн хандлага их байна. Иргэн гэдэг бол хамгийн бахархалтай, хамгийн том ажил шүү. Сайн иргэн, идэвхтэй иргэн байна гэдэг бол хамгийн чухал гэж би боддог.

2017-04-12 “Блю Скай” зочид буудал

-Энэ долдугаар сараас хойш би иргэн Элбэгдорж болно. Иргэн байх бол хамгийн чухал ажил гэж би хувьдаа бодож байгаа. “Соёлын довтолгоо-2” гэдэг хөдөлгөөн өрнүүлнэ. Энэ талаар ярилцъя гэвэл та бүхэн хэлж байгаарай. Та бүхний бүх нэрсийг энд жагсааж авсан. Би О.Чулуунбилэг зөвлөхөд хэлж байгаа. Энэ улсууд нийлээд сүлжээ ч юм уу болоод, оролцоод, асуудлаа танилцуулдаг байя.

2017-03-29 “Чингис” зочид буудал

-Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад, энэ удаан жил улс төрд явж байгаад цаашаа ямар чиглэлийн ажлууд байна гээд гаргаад үзэхэд 7-8 төрлийн ажил гарч ирж байна лээ. Миний хөгшин аав Монгол гэдэг нэртэй. Монголын Цахиагийн Элбэгдорж гэж би өөрийгөө хэлдэг. Миний улсын нэртэй “Монгол” гэдэг сангаа байгуулаад, энэ чиглэлээр хамтраад, хийж чадаагүй байгаа зарим ажлаа үргэлжлүүлээд явна.

2016-10-07 ГХЯ-ны “Зөвшилцөл” танхим

-Одоо би 2017 оны долдугаар сарын 10-нд дараагийн Ерөнхийлөгчид хадгаа өгнө. Би Ерөнхийлөгч болж байхдаа өмнө нь УИХ-аар нэг шийдвэр гаргуулсан юм. Долдугаар сарын 10-нд Ерөнхийлөгчийн ажил солилцдог өдөртэй болъё гээд тэр өдрийг бий болгосон. Яг тэр өдөр би ажлаа өгөөд энэ ордноос гарна. Хугацаатай юм чинь үнэхээр сайхан юм байна. Тэгээд түүнээс хойш би та бүхний дунд инээмсэглээд, хүмүүсийн өмнө би нүүртэй амьдарч чадна аа.Та бүхэн мэднэ дээ, ажилтай байхаасаа илүү ажилгүй байхдаа тэр рейтинг гэдэг юм чинь минийх өндөр байдаг юм шүү дээ. Одоо асуугаарай, Ерөнхийлөгчийг муулсан, буруу зөрүү ойлгосон хүн зөндөө л байгаа. Би энэ ард түмний төлөө хийх ажил надад зөндөө байна. Улс төрийн салбарт ч хийх ажил байна, зүгээр иргэний хувьд ч хийх ажил байна. Хийх ажлын төлөө л би ирнэ. Түүнээс биш ямар нэгэн хувийн сонирхлын төлөө биш.

Хариулт үлдээх

Your email address will not be published.