С.Баяр Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ
2017 оны 8 сарын 9

Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоныхоо дараа хоёр элчин сайдыг эгүүлэн татахаар өнгөрсөн сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарим Элчин сайдуудыг эгүүлэн дуудах тухай зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн.

Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” хэмээсэн.

Уг албан бичгийг УИХ хүлээж авахгүй хэмээн багагүй маргаан дэгдэх зуур Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан талаар хэвлэлүүд шуугиж эхэллээ.

С.Баяр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд гаргасан хүсэлтэдээ “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өмнөх томилгоог цуцлахыг УИХ-тай зөвшилцөхөөр албан бичгээр ханджээ. Энэ нь тэнд хэн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагаас үл хамааран Элчин сайдыг томилдог Монгол төрийн нэг инситуцээс татгалзаж байгаа хэрэг юм. Иймд Элчин сайдын албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлж өгнө үү” гэсэн утга агуулгатай байсан талаар зарим хэвлэлд онцолжээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.