“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг баталлаа
2017 оны 8 сарын 11

“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөр баталж, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, мэргэжил арга зүйн удирдлага зохицуулалтаар ханган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа.

Манай орны нутаг дэвсгэрт 60 гаруй төрлийн жимс, жимсгэнэ ургадаг, эрдэмтэн судлаачид олон төрлийн жимс жимсгэнийг тариалж нутагшуулах, үржүүлэх, агротехникийг боловсруулан шинэ сорт гаргах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологийг хөгжүүлж байна. 2016 оны байдлаар жимст цэцэрлэгийн хэмжээ 6,1 мянган га талбайд хүрч, жилд 2560 тн жимс хураан авдаг болсон хэдий ч жимс жимсгэний дотоодын үйлдвэрлэл нь хүн амын хэрэгцээт жимсний 1,5 хувийг хангаж байна. Мөн Япон, БНСУ, Тайвань, Герман, Сингапур, Малайз зэрэг оронд чацаргана экспортолж эхэлсэн амжилтыг бататган үрийн тос, биологийн идэвхит бодис, цай, тэжээлийн зориулалттай хатаасан навч зэрэг шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг үндэслэн боловсруулсан байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр,

·  Жимс жимсгэний тариалалт нэмэгдэнэ

·  Хэрэгцээт жимс жимсгэний 15 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана

·  Орон нутагт ажлын байр бий болно.

·  Импортын жимсний хэмжээ буурч, экспортын бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрөл нэмэгдэнэ.

·  Цэцэрлэгт талбай нэмэгдсэнээр хот, суурин, орон нутгийн байгалийн үзэмж сайжирч, бичил уур амьсгалын орчин, ургамал амьтан амьдрах таатай нөхцөл бий болох, хөрсний элэгдэл, эвдрэл доройтлыг бууруулах, элсний нүүдлийг зогсооход эерэг нөлөө үзүүлэхээс гадна орон нутагт ногоон аялал жуулчлал хөгжиж, тухайн газар нутгийн үнэ цэн, иргэдийн орлого нэмэгдэнэ зэрэг үр дүн гарна гэж тооцжээ.

 

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр нас баралт 10 хувиар буурна

“Орчны эрүүл мэнд” үндэсний хоёр дахь хөтөлбөрийг баталлаа. Хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг тандан судалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх замаар орчны сөрөг нөлөөллийг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх хүрээнд дараах долоон зорилтыг тусгажээ.

Үүнд:

·  Агаарын чанарыг сайжруулах, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах

·  Хүн амын ундны усны аюулгүй байдлыг сайжруулах, хөрсний бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах

·  Орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бүрдүүлэх

·  Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд учирч болох аюул эрсдэлийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх

·  Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох

·  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах

·  Орчны бохирдлоос үүдэлтэй химийн бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тандан судлах гэсэн зорилтыг тусгаж, 2017-2020 онд төлөвлөн хэрэгжүүлэх юм байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүн амын оршин суугаа орчны газар, ундны усны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүд сайжирч, хөрсний бохирдлын түвшин буурч, орчны бохирдлын шалтгаант өвчлөл, нас баралтыг 10 хувиар бууруулахаар зорьж, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх 28 шалгуур үзүүлэлтийг боловсруулжээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.