Б.Наранжаргал: Голомт банк орон сууцны 4-8 хувийн хүүтэй богино хугацааны зээл олгож байна
2017 оны 9 сарын 19

Голомт банкны үл хөдлөхийн эксперт Б.Наранжаргалтай ярилцлаа.

-80 метр квадратаас илүү хэмжээний талбайтай байр авах хүсэлтэй хүмүүс найман хувийн зээлд хамрагдах боломжгүй.  Харин ийм хүсэлтэй иргэдэд Голомт банкнаас бага хүүтэй зээл олгоод эхэлсэн гэж сонслоо…?

-Орон сууцны найман хувийн зээлийн хувьд  хүрэлцээ нь хязгаарлагдмал байгаа. Үүнээс гадна найман хувийн зээлийн ерөнхий шаардлагад метр квадратын үнэлгээ нь 2.1 сая төгрөгөөс хэтрэхгүй гэсэн босго бий.  Мөн таны сая дурьдсанчлан 80 метр квадратаас хэтрэхгүй гэсэн болзол тавьчихсан. Үүнээс болоод 80 метр квадратаас илүү талбайтай  байр авах сонирхол, хэрэгцээтэй хүмүүст аятай, таатай нөхцөлтэй зээлийн үйлчилгээ одоохондоо алга. Харин манай банкны хувьд  энэ хүмүүст тохирсон зээлийн үйлчилгээ гаргаад байна. 2004, 2005 оны үед найман хувийн зээлтэй холбоотойгоор бараг бүх компани 80 метр квадрат дотор байр барьсан бол сүүлийн үед баригдаж буй байрны талбайн хэмжээ томорч байна.

-Том талбайтай байр авах сонирхолтой хүмүүс ихэссэн учраас барилгын компаниуд орон сууцныхаа талбайг томруулж эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Том талбайтай байрны сонирхол, хэрэгцээ нэмэгдсэн. Харамсалтай нь санхүүгийн боломж, урьдчилгаа нь байхгүй учраас хэрэгцээ нь эрэлт болж чадахгүй байна л даа. Арилжааны банкны эх үүсвэр нэлээд төвөгтэй. Хадгаламж барьцаалж л зээл авч байгаа. Гэтэл өнөөдөр хадгаламжийн хүү, бодлогын хүү ямар байгаа билээ. Сайн хэлцэл хийж чаддаг хүн банкнаас 15, 16 хувийн хадгаламжийн хүү авчихаад байна. Хадгаламжийн дундаж хүү 13 хувь. Ийм хүүтэй хадгаламж байршуулсан банкны зээлийн хүү 17, 18 хувиас буух ямар ч боломжгүй. Өмнө дурдсан зээлийн бүтээгдэхүүний тухайд эдийн засаг уналттай, нийлүүлэлтийн илүүдэлтэй, эрэлт хомс ийм үед яаж ажиллах вэ гэдэг дээр ярилцаж, хэлэлцэж, тооцоолж байж гаргаж ирсэн үйлчилгээ. Одоогоор туршилтын журмаар “Мандала”, “Хадат вилла” гээд хоёр хотхон дээр ажиллаж байна.

-“Мандала”, “Хадат вилла”-гаас байр сонгох боломжтой юм байна. Танай банкны санал болгож буй бага хүүтэй байрны зээлийн хугацаа, хүүгийн хэмжээг олон хүн сонирхож байгаа байх…?

-Богино хугацааны санхүүжилт хэрэгтэй хүмүүст таатай нөхцөлтэй бүтээгдэхүүн юм. “Мандала”  хотхонд гаргаж байгаа зээл гэхэд л нэг жилийн хугацаагаар авбал дөрвөн хувийн хүүтэй. Хоёр жилийн хугацаатай авбал зургаан хувь, гурван жилийн хугацаатай хамрагдвал найман хувийн хүүтэй байх юм. 80 метр квадратаас дээш талбайтай байр авахыг хүссэн хүмүүс өнөөдрийн нөхцөлд  арав гаруй жилийн хугацаатай, жилийн 19, 20 хувийн хүүтэй зээлд хамрагдаж байна. Тэгэхээр манай банкнаас шинээр гаргасан зээлийн бүтээгдэхүүн богино хугацаанд төлбөрөө төлөх боломжтой хүмүүст таатай боломж олгож байгаа гэсэн үг.

-Гадаадад байгаа монголчуудад тохирсон зээл байна. Богино хугацааны орон сууцны зээлийн дотооддоо аль салбарынхан илүү сонирхож байна вэ?

-Манай бүтээгдэхүүнийг амьдрах нөхцөлөө сайжруулъя, чанараа дээшлүүлье  гэсэн хүсэлтэй хүмүүс сонирхож байна. “Оюу толгой”-д ажилладаг хүмүүсээс эхлээд маш олон хүн сонирхож хандсан. Тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай, хадгаламжийн хугацаа нь хараахан дуусаагүй, ажлын гэрээний хөлс нь жилийн дараа орж ирдэг гэх мэт шалтгаантай хүмүүст тохирсон зээл.

-Танай банкнаас санал болгосон энэ зээлийг сонирхсон хүмүүсийн хандалт ер нь хэр байна?

-Хандалт их байсан. Ганцхан төсөл дээр гэхэд 500 гаруй хандалт авлаа. 500 гаруй хандалтыг нарийвчлаад харахаар яг бодит байдал дээр урьдчилгаа байхгүй гэх мэт асуудлууд гарч байна.  Хүмүүс бэлэн юм хүсдэг. Гэтэл “Мандала” төслийн хувьд орон сууцнууд нь баригдаж байгаа юм. Ер нь барилгын компаниудын хувьд байрны борлуулалт муугаас болоод төслөө амжилттай дуусгаж чаддаггүй зовлон бий. Тиймээс бид том талбайтай байранд орох хүсэлтэй иргэдэд зээл өгөхөөс гадна нөгөө талдаа барилгын компаниа дэмжсэн бодлого  явуулж байна гэж хэлж болно.

– Зээл хүссэн иргэдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Мэдээж орлогын эх үүсвэрийг чухалчилна. Орлогын хэмжээ зээлийн хугацаанаасаа хамаарна л даа. Гурваас олон жилээр зээл олгохгүй гэж ойлгож болохгүй. 15, 20 жилээр зээл гаргах боломжтой. Гэхдээ тодорхой хугацаанд л хүүг нь хөнгөлөх бололцоотой.

-Гурван жил дотроо хүү нь бага, гурваас дээш жилд бол яг одоо олгож буй зээлийн нөхцөлөөр явна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. 15 жилээр авна гэвэл эхний гурван жилдээ хүү нь бага байна гэсэн үг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд найман хувийн зээлэн дээр 2.1 саяас  хэтрэхгүй гэдэг бол Голомт банкны шинээр гаргаж буй энэ зээлэнд ийм хязгаар байхгүй.  Банкны хувьд зах зээлийн боломжит бодитой үнэ, чанар, стандарт, орчин гээд бүх талыг нь харж тооцож байж, шалгуурт нийцсэн төслөө сонгож байгаа. Зээлийн хурлаар тухайн гэрээний хэлцлийн үнээр үнийг нь тооцож байна. Өөр нэг онцлох зүйл бий. Нэлээд үнэтэй байр зээлээр авч байгаа иргэдэд сар бүр төчнөөнийг төлөөрэй гээд хатуу хуваарь гаргаад өгчихвөл зээл авсан хүндээ хэцүү. Зээлдэгчийн хувьд орлого өндөр сар байхад зарим сард нь орлого бага байх гэх мэт шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Тэр бүхнийг нь бодолцож үзээд харилцагчтайгаа хуваарь тохирдог хэлбэр бас бий.

-“Мандала”-г сонгосон шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Үнийн хувьд уян хатан зөв стратеги барьсан нь “Мандала”-гийн нэг давуу тал. Барилгын үе шаттайгаа уялдуулаад үнээ тогтоосон юм билээ. Захиалгаа хэдийчинээ эрт өгнө төдийчинээ үнийн хөнгөлөлт эдлүүлдэг гэсэн үг. Гэрээгээ эрт хийчихээр мөнгөө хуримтлуулах сэдэл өгдөг давуу талтай. Манай банкны зүгээс орон сууц нь баригдаад дуусангуут зээлээ гаргаад өгнө. Нэг бол байрны гүйцэтгэл нь  70 хувьтай болоход  зээлийг нь тодорхой нэмэлт барьцаатайгаар гаргаад өгчих юм. “Мандала”, “Хадат вилла” гэсэн хоёр төслийг сонгосон бас нэг шалтгаан нь борлуулалт сайтай байсан. Борлуулалт сайтай байна гэдэг нөгөө талдаа эрэлт ихийг харуулж байгаа хэрэг.

-Танай банкны санал болгож байгаа богино хугацааны бага хүүтэй зээлийн эрэлт огцом өсвөл таслахгүй санхүүжүүлэх боломж бий юу?

-Хангалттай боломж бий.

-Урьдчилгаа хэчнээн хувийг төлөх нөхцөл тавьж байгаа вэ?

-Орон сууцны бусад зээл шиг 30 хувийн урьдчилгаа төлнө. Гэхдээ урьдчилгаан дээр боломж олгож байгаа. 100 хувь зээл авах боломжтой. Урьдчилгааны хуримтлалгүй хэр нь орлого нь боломжийн хүмүүс байдаг. Ийм хүмүүст банкныхаа хүрээнд боломж гаргаж байна. Урьчилгаанд нь өөр хөрөнгө барьцаалаад байранд орох үедээ байраа барьцаалаад явах боломжтой. Өөрөөр хэлбэл төрсөн ээж, аав, ахынхаа байрыг урьдчилгаандаа барьцаалаад зээлд хамрагдах бүрэн бололцоотой. Урьдчилгаандаа автомашинаа тооцуулах боломж бий. Манай банк “Автоланд”-тай хамтарч ажилладаг юм. Үнэлгээ нь тогтчихсон учраас “приус”-ыг шууд тооцоод авна гэсэн. Цөөхөн байдаг машины хувьд зараад өгье гэж байгаа. Энэ мэтээр урьдчилгааны боломжийг нээж өгөх оролдлогууд хийж байна.

-Танай банкны бага хүүтэй, богино хугацаатай байрын зээлд хамрагдсан хүмүүст тавилгын зээлээ давхар авах боломж байгаа гэсэн үү?

-Тийм боломж байгаа. Арай гэж байраа авчихдаг, хуучин тавилгаа тавья гэхээр гологдоод байдаг, шинийг авъя гэхээр мөнгөгүй гэх мэт асуудал бий. Тавилгын зээлийг нь шийдээд өгөх боломжтой. Үүнээс гадна ч өөр боломжуудыг санал болгож байна. Сүүлийн үед хүмүүс их аялдаг болсон. Зун болоод ирэхээр гэр бүлээрээ аялдаг. Зарим нь утааны улирлаар гадагшаа явчихаж байна. Том худалдан авалт хийсэн хүний ард аяллын  гэх мэт гэнэтийн хэрэгцээ нь тасалддаг юм байна л даа.

-Гэр бүлийн аяллыг амралтын мөнгө энэ тэрхнээр шийдчихлээ гэхэд ажил хэрэгч, бизнес эрхэлдэг  хүмүүсийн хувьд түншүүдтэйгээ уулзах, форум, экспод оролцох гэх мэт хөрөнгө мөнгө шаардсан аяллын хэрэгцээ ч гардаг шүү. Ийм хэрэгцээг нь ямар хэлбэрээр шийдэж байгаа вэ?

-Бид орон сууцны зээлийг нь судлахдаа л аяллын зориулалттайгаар кредит картыг нь өгчихдөг байя гэж байгаа юм. Мэдээж ийм карт авсан хүн заавал хэрэглэх шаардлагагүй. Гэхдээ хэрэглээ үүссэн үед хэрэглэх боломжийг нь нээгээд өгнө гэдэг том давуу тал.  Америк, Европын орнуудад их хэрэглэгддэг, дэлхийн нэр хүндтэй Amex картыг өгөх боломжтой. Голомт банк Азидаа илүү нөлөөтэй UNION PAY-тэй хамтраад ган карт гаргаж байгаа. Ган картаа мөн санал болгох боломжтой юм.

– Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.