Х.Булгантуяа: Хагас жилийн байдлаар төсвийн орлого давсан үзүүлэлттэй байна
2017 оны 10 сарын 5

Сангийн яамны дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Булгантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ оны төсвийг тодотгох шаардлага байгаа. Хэдийгээр эхний найман сарын байдлаар ашигтай гарсан ч зарим зардлыг нэмж тусгах асуудал яригдаж байна. Ямар ямар зардал нэмж тусгах вэ?

-Энэ оны эхний хагас жилийн байдлаар төсвийн орлого төлөвлөснөөс давсан байдалтай байгаа. Оны сүүлээр төсвийн тодотгол дээр тусгагдах асуудал нь нэг удаагийн шинж чанартай, ялангуяа өвөлжилт рүү тусгагдсан нэлээдгүй зардлууд буюу 110 тэрбум төгрөг тусгагдаж байгаа. Энэ өвөл амаргүй, хүнд байна гэж ХХААЯ, ОБЕГ-аас мэдээлэл өгсөнтэй холбогдуулан улаан буудай гаднаас худалдаж авах, өвс тэжээл худалдаж авах нөөцлөх, улаанбуудай үр  тарианы нөөц, махны нөөц бүрдүүлэх гэх мэт зардлууд төсөв санхүүд суугдаж байна. Мөн сургууль цэцэрлэгийн дулаан, засварын асуудал, уурын зуух эвдэрсэн, өвлийн бэлтгэл гээд тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагатай байна гэсэн. Энэ бүгдийг тусгаад явж байгаа.

-Хүүхдийн мөнгийг тодотголоор нэмж оруулах шаардлагатай гэсэн асуудал яригдаж байна. Ер нь хүүхдийн мөнгийг 2018 онд үргэлжлүүлэн олгох уу?

-Хүүхдийн мөнгийг төсвийн тодотгол дээр суулгаад явна. Энэ оны эцэс хүртэл олгогдоод явна. 2018 оны тухайд ямар ч байсан олгохоор тусгагдсан байгаа. Мэдээж Засгийн газрын хурлаар ороод УИХ-аар хэлэлцэгдээд явах байх.

-Багш нарын цалингийн нэмэгдлийн асуудлыг ирэх жилийн төсөвт тусгах боломж бий юу?

-ЗГХЭГ-аас Сангийн яаманд өгсөн үүргийн дагуу цалингийн асуудлыг судалж байна. Гэхдээ ОУВС-тай цалин тэтгэвэр тэтгэмжийг 2019 оныг дуустал нэмэхгүй гэж тохирсон. Гэхдээ Боловсролын салбар бол маш том салбар. Тиймээс нэлээн тооцоо судалгаатай оруулах ёстой.

-Төсөв 900 тэрбум гаруй төгрөгийн ашигтай гарсан гэж яригдаж байгаа. Ашигтай гарсан орлогыг яаж зарцуулах вэ?

-Нэмж давсан орлогын 50 хувиар хуримтлал үүсгээд ирэх онд гаргах өр зээлийн хэмжээг багасгана. Үлдсэнээр нь зайлшгүй шаардлагатай өвөлжилт болон сүүлийн 3-4 жил хуримтлагдаад ирсэн шүүхийн шийдвэртэй холбоотой зардлуудад тусгаж өгнө. Мөн түрүүн хэлсэнчлэн сургууль, цэцэрлэг гэхчлэн нэн чухал салбарын асуудалд тусгасан байгаа.

Жишээ нь, Эрүүл мэндийн салбарт өндөр өртөгтэй мэс заслыг хувийн эмнэлгүүд ЭМЯ-тай гэрээ байгуулсанаар хийж гүйцэтгэдэг. Энэхүү зардлыг улсаас даадаг болсон. Үүнтэй холбоотойгоор улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөгийг нэмэлт зардлаар тусгаж өгсөн. Мөн аймаг орон нутгийн тулгамдаад буй асуудлууд бий. Тодруулбал, сургууль цэцэрлэгийн халаалтыг энэ сарын 15-наас өгдөг. Тэгэхээр өмнө нь буюу 2017 оны төсөвт тусгагдаагүй зардлуудыг энэ оны төсөвт  тусгаж байна гэсэн үг.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд хэр хэмжээний мөнгө орж ирсэн бэ. Он дуустал хэр хэмжээний мөнгө орж ирэх төлөвлөгөөтэй байгаа бол?

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 3.3 тэрбум төгрөг төсвийн санхүүжилт болон төслийн санхүүжилт хэлбэрээр орж ирэх байгаа. 2017 оны дөрөвдүгээр сард валютын сангийн хөтөлбөр батлагдсан гэхээр одоогийн байдлаар 138 сая  ам доллар орж ирсэн. Азийн Хөгжлийн банкнаас 100 сая доллар орж ирсэн. Эдгээр мөнгийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулсан байгаа. Гэхдээ тодорхой зорилтуудыг биелүүлэх үүрэг даалгавар авсан байдаг.

Дараагийн шатанд орж ирэх санхүүжилт, ерөнхий хэлэлцээрүүдийг УИХ-аар батлуулах ёстой байдаг. Нэлээн урт процесс болдог. Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанаар орно гэх мэтчилэн бүр процесс явагдаад төлөвлөж байснаар энэ оны сүүл, ирэх оны эхээр орж  ирэх байгаа. Гэхдээ энэ мөнгө нэг дор бүгдээрээ орж ирнэ гэсэн үг биш.

-Он дуусахад 100 гаруй сая доллар орж ирнэ гэдэг асуудлыг Сангийн сайд хэлж байсан. Гэхдээ ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар Монголын асуудлыг түр хойшлуулсантай холбоотойгоор мөнгө орж ирэх нь бас хойшлох уу, яах бол?

-Ийм эрсдэл бий. Гэхдээ шинэ байгуулагдах Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлж, хэрэгжүүлэх эсэх талаар мэдээж байр сууриа илэрхийлэх байх. Ер нь Монгол Улсын Эдийн засаг хүнд байгаа. Энэ санхүүжилт Монгол Улсын төр засаг тогтвортой үйл ажиллагаа явуулахад нэн чухал байгаа гэдгийг манай УИХ-ын гишүүд ойлгож байгаа.

-Он гараад мөн бондын 600 гаруй сая  ам долларыг төлнө. Энэ хэмжээний эх үүсвэр байгаа юу?

-Монгол Улсын төсвийн орлого тодорхой хэмжээгээр давж байгаа ч 650 сая орчим доллар гэдэг их тоо. 2018 оны нэгдүгээр сард 500 сая долларыг,  үлдсэн 150 сая орчим долларын өрийг 2018 оны зургаан сард эргэн төлөх ёстой байгаа. 650 сая долларын хуримтлал бол хараахан үүсээгүй. Тэгэхээр энэ асуудалд мэдээж зайлшгүй бонд гаргах ёстой.

-Засгийн газар огцорсоноор олон улсын зах зээлд Монголын Засгийн газрын бондын хүү өсөөд эхэллээ гэж ярьж байна?

-Дараагийн Засгийн газар байгуулагдаад одоогийн Засгийн газрын бодлогыг хэр тууштай хэрэгжүүлэхээс энэ бүх зүйл шалтгаална. Бондын эргэн төлөгдөх хугацаа ойртох тусам энэ мөнгийг босгоход амаргүй хүүгийн зардал ч гэсэн өндөр байхыг үгүйсгэхгүй. Тухайн үеийн олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас бас хамаарна.

Ярилцсанд баярлалаа

Б.Чимэг

Хариулт үлдээх

Your email address will not be published.