Хүлээх хэрэггүй
2017 оны 9 сарын 30

borgilmaa

-Эрээний зээлээс эрээн оймс бөөндөхөөр бөөнөөрөө гарч одсон тэр үеийнхэн өдгөө 40 настнууд болж, өнөөгийн нийгмийн бүхий л сонголтыг тодорхойлж эхэллээ. Үр дагаварт нь бид ганзагын наймааны үеийн гахайчин явсан удирдагчидтай болж буй хэрэг. Үүнд аль алийнх нь буруу байхгүй. Яагаад гэвэл бидний цаг үеийнхний идеаль нь энэ юм. Түүндээ итгэж найдах ёстой болохоос бус элдэв их, дээд боловсрол, илүү дутуу мэргэжил шаардах нь угаас утгагүй. Бид цаг үеийнхээ л бүтээгдэхүүнүүд-
 

Баабар гуай тээр жил “одоогийн 40 настнууд үхэж байж өнөөгийн нийгэм цэвэршинэ” гэж хэлээд баахан хүний хараалыг идэж байв. Байгалийн хуулиар цаг хугацаа урссаар түүний ад үзээд байсан өнөөх 40 настнууд өдгөө тэтгэврийнхэн болж, дараагийн 40 настнууд нийгмийн бүхий л салбарт ачааны хүндийг үүрэх ээлж өнөөдөр иржээ. Энэ эргэлтийг л хэлээд байсан болохоос бус үнэндээ тэрбээр хэнийг ч харааж ерөөгөөгүйг бүгд л мэднэ.

Тээр жилийн 40 настнуудаас өнөөдрийн 40 настнууд харамсалтай нь бүр дордож орхив. Цаг үеэсээ түрүүлж сэтгэгчдэдээ л гологдоод байснаас биш бас ч нам, засгийн бодлогоор гэнэ үү, буянаар гэнэ үү, юутай ч гадаад, дотоодод дээд сургуульд суралцсан, цаашлаад  шилээврүүдийг нь тухайн салбарт нь лидер болгохоор бэлтгэж байсны үрээр Баабар гуайн үеийн дөчин настнууд чухам “гэгээрсэн сэхээтнүүд” олонтой байжээ. Харин өнөөдрийн 40 настнууд бол яг өнөө Жасрай гуайн хэлсэн тээр үзүүртээ тэмдэгрэх төдий гэгээтэй харанхуй хонгил руу явж орсон шилжилтийн үеийн бүтээгдэхүүнүүд билээ. Дээд сургуульд сурах битгий хэл дунд сургуульд ч сурахгүй байж болох ухааны юм бодсон эцэг, эхчүүд нь томыгоо 10 төгсөнгүүт нь Эрээн рүү, багыг нь мал руу гаргаж байлаа. Мөнгө л олж байвал болох юм гэсэн итгэл үнэмшил тээж, Эрээний зээлээс эрээн оймс бөөндөхөөр бөөнөөрөө гарч одсон тэр үеийнхэн өдгөө 40 настнууд болж, өнөөгийн нийгмийн бүхий л сонголтыг тодорхойлж эхэллээ. Үр дагаварт нь бид ганзагын наймааны үеийн гахайчин явсан удирдагчидтай болж буй хэрэг. Үүнд аль алийнх нь буруу байхгүй. Яагаад гэвэл бидний цаг үеийнхний идеаль нь энэ юм. Түүндээ итгэж найдах ёстой болохоос бус элдэв их, дээд боловсрол, илүү дутуу мэргэжил шаардах нь угаас утгагүй. Бид цаг үеийнхээ л бүтээгдэхүүнүүд.
Нам, засгийн бодлогоор гадаад, дотоодод боловсон хүчнээ бэлтгэдэг үе социализмтэй хамт дууссан тул бидний үеийнхэн дундаас лидер битгий хэл мэргэжилтэн төрөх бололцоо ч бараг 0 хувьтай байсан байх магадлалтай. Тэгээд одоо “мэргэжлийн Засгийн газар” гэдэг хуучин цагийн стандартад л тохирох хүлээлт нэхэх хэрэг байна уу?! У.Хүрэлсүхийн Засгийн газар “Ардын Засаг” гэх стандарттай байвал бараг мэргэжлийн гэдгээс илүү үнэмшилтэй байх болно.
Баабар гуайн үеийнхний 40 настнууд анкетан дээрээ “орос хэлтэй” гэж бичсэн байхад ядаж л үнэмшдэг байв. Яагаад гэвэл ядарлаа ч тэр үеийнхэн Эрхүүгийн багшийн дээд, полийн дээд төгссөн, бүр байг гэхэд Эрхүүгийн хэлний бэлтгэлд жил суучихаад ганзаганд явдаг байв. Өнөөдөр О.Баасанхүү гишүүн бид хоёрыг “орос хэлтэй” гэвэл хэн үнэмших вэ?!
Бидний үеийнхнийг “бэлтгэх”, “боловсруулах” бодлого бүхий нам, засаг байг ээ гэхэд ямар нийгэм рүү орж байгаагаа гадарлах эцэг, эх ховор байсан учраас бид бүгдээрээ оймс зарахаар явцгаасан юм. Бас барууны капиталист нийгмийн тухай анхны мэдээллээ мафитай киноноос олж авсан болохоос бус эдийн засагч А.Смитийн онолыг уншиж судалсан нь үнэндээ цөөнх. Боломж нь 0 хувьтай байсан учраас тэр юм.  Энэхүү 0 хувийн боломжоо бид “бор зүрхээрээ” гэдэг сайхан үгээр орлуулан нэрлээд бүгд азаа үзэж өсцгөөсөн. Дээшээ мацахдаа ч бор зүрхээрээ явсан тэр л үеийнхний маань төлөөлөл “бохь” хочтой гишүүн. Тэр бол манай үеийнхний бүхий л давхаргын бүсгүйчүүдийн бараг л нийтлэг дүр юм. Бид яагаад ийм хүмүүсийг дээшээ гаргачихав гэж баалах, шоолох шаардлагагүй, байгаа цаг үеийн маань л бодит тусгал нь ийм юм. “Ямар ард түмэн байна, яг тийм төр байна” гэдэг үгийн тайлал ердөө л энэ. Бидний идеаль өөр хэн байх гэж?! Сэтгүүлзүйн салбарт л гэхэд Ц.Балдорж эрхлэгч шиг хүн бидний дунд байхгүй. Яагаад гэвэл түүн шиг хүмүүсийг төрийн бодлогоор бүхий л салбарт бэлтгэж байж бий болгосон юм. Бидний 40 настнуудыг /дал, наян оныхныг/ хэн ч бэлтгээгүй, зүгээр л бүгд “бор зүрхээрээ” энэ хүртэл явж ирсэн hero баатрууд.
П.Жасрай гуай “хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэх үг анхны найдварыг төрүүлснээс хойш бид сонгууль бүрээр “хувьсгал”, “шинэчлэл” амласан улс төрийн намуудад, улстөрчдөд найдвараа өгч өнөөдрийг хүрсэн. Бидний 40 настнууд харанхуй бөгөөд урт хонгил дуусах ёстой гэж найдвар тавьж, сэтгэлээ тайвшруулах сайхан зуршилтай. Энэ удаад ч бас өнөөх найдварыг нь гүйцээх эрс шийдэмгий, эр зоригтныг найдвар тавин хүлээсээр, хайсаар байгаа ч бидний үеийнхэн дунд тийм индиго даанч байхгүй бололтой. Бид зүгээр л манай нэг сэтгүүлчийн хэлсэнчлэн “бөөн дурын уран сайханчид” юм. Тэрхүү “бөөн дураа бөөн чадвар” хэмээн андуурсан, цээж зурган дээрээ зангиатай ч рентген зурган дээр зүгээр л пампирстай парламентын гишүүд бол бидний үеийнхний идеаль. Төрийн бодлогоор бэлтгэгдээгүй ч зах зээлийн жамаар бэлтгэгдэж, жинхнээсээ Харвард төгссөн ерээд оныхон эх орондоо эргэж иртэл “МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР”, МАКРОН шиг ЕРӨНХИЙЛӨГЧ энэ тэрийг хүлээх ер нь хэрэггүй шүү дээ…

Хариулт үлдээх

Your email address will not be published.