Номын дэлгүүрүүд дампуурч, эмийн сангууд цэцэглэн хөгжиж эхэллээ
2017 оны 10 сарын 12

Номын дэлгүүрүүд дампуурах нь их боллоо. Жишээ нь “Гурван гал”, “Метромалл”, “Минж плаза”, “Ундрам плаза” дахь номын дэлгүүрүүд, “Монгол ном”, “ТОБС”, “Урлах эрдэм”, 3-р хорооллын “Эрдэм” номын дэлгүүр гээд арав гаруй дэлгүүр хаалгаа барьж, олон арван хүний номын тооцоог хийлгүйгээр бултаж алга болоод байна. Дампуурсан номын дэлгүүрүүдийн байранд ямар газар үйл ажиллагаа явуулж байна вэ гэвэл ихэвчлэн гуанз, дэлгүүр, эмийн сангууд мөнгө хүүлэх жишээтэй. Ялангуяа сүүлийн үед эмийн сангууд маш олноороо цэцэглэн хөгжиж байна. Ганцхан жишээ дурдъя. Дэнжийн мянгын “Нарантуул-2” захаас “Хүчит шонхор” зах хүртэл ердөө хоёр зуугаадхан метрийн зайтай. Гэтэл энэ хоёр зуугаадхан метрийн зайд өнөөгийн байдлаар долоон эмийн сан ажиллаж байна. Уг нь дүрэм журмаараа бол 5000 хүн тутамд нэг эмийн сан, хоорондын зай нь 500 метрээс багагүй байх ёстой гэсэн стандарт байдаг юм байна. Одоогоос гурван жилийн өмнө зөвхөн “Нарантуул-2”, “Хүчит шонхор” хоёрт л нэг нэг эмийн сан ажилладаг байлаа. Гэтэл гуравхан жилийн дотор энэ хоёрын хооронд таван эмийн сан үүдээ нээв. Номын дэлгүүрүүд дампуураад, эмийн сангууд ийнхүү олноороо цэцэглэн хөгжинө гэдэг бол яав ч сайны ёр биш, муугийн ёр.

Хүмүүс ном авч уншиж оюун санаагаа цэнэглэхийн оронд элдэв эм тарианд хамаг мөнгөө цацаж эрүүл мэндээрээ улам хохирдог болсон нь гачлантай. Зөвхөн Дэнжийн мянгын хоёр зуугаадхан метр газарт ийм олон эмийн сан ажиллаж байгаа юм чинь дүүргийн хэмжээнд, нийслэл хотын хэмжээнд, цаашлаад улсын хэмжээнд хичнээн эмийн сан ажиллаж байгаа бол гэж бодохоор зүрх өвдөнө. Үнэндээ Монгол улс эмийн сангаар бөөстчихөж. Хүнсний аюулгүй байдал алдагдаж, голдуу л хужаагийн хортой хүнс хэрэглэх болсон монголчууд эм, тариаг ёстой ус шиг ууж, өвс шиг иддэг болжээ. Бидний өвөг дээдэс хүний биеийг судас, хий, дусал, сэтгэл зэргээр шүтэн барилдаж оршино гэж үздэг байсан бөгөөд эдгээр нь барилдан оршихдоо судас нь гэр мэт, дусал нь эд хогшил мэт, хий нь сэтгэлийн эзэн мэт оршино хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс ер нь эм, тариа мэтийг тэгтлээ хэрэглэж байсангүй. Орчин үеийн анагаах ухаан зарим талаараа явцгүй болж байгааг Америкийн эрдэмтэд судлан гаргаж бичсээр байна. Учир нь нэг сая хүнээс хоёр зуун тавин мянга нь эмнэлэгийн буруугаас болж хорвоог орхиж байгаа учир дэлхийн гай гамшигийн нэгэнд анагаах ухааныг оруулах болжээ. Яагаад гэвэл химийн эм бэлдмэл нь хүний биеийн төрөлхийн чанарыг мөхөөж бие организмыг хэврэгшүүлдэг болох нь тогтоогджээ.

                                                                                                                                           Б.ОЙДОВ

Хариулт үлдээх

Your email address will not be published.