65 уулаа байж 9 өөр удирдуулж явна
2017 оны 10 сарын 4

Хэлэхэд ч ичмээр зүйлийг улс төр гэдэг бололтой. Монголын улс төр бол үгээр хэлэх нь байтугай бодоход ч ичмээр болоод байна.

2016 оны УИХ-ын сонгуулиар Монголын ард түмэн бид 65 суудлаа МАН-д харамгүй өгч хүн бүхэн шахуу Хайртай Монгол орноо МАНдуулъя хэмээн дуулж байсан боловч одоо эсрэгээрээ УИХ-ын гишүүд нь хоёр хуваагдаж бүхэлдээ АН-ын 9 гишүүний гарт ороод явчихлаа.

Засгийн газар шинээр байгуулах асуудал дээр АН-ынхан “сүүлээ өргөж” чанга чанга “хуцалдаж” байна. Аргагүй. Тэд ил биш ч гэсэн улс төрийн нөхцөл байдлын улмаас ийнхүү эрх баригчид болжээ. Аль ч талд гарч тоглоход бэлэн байна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахад эрчимтэй хамтарч ажилласан бол харин одоо нөгөө талд гарч шуудхан л унасан хүмүүсийн ууран дээр бүжиг хийхэд бэлэн болжээ.

МАНын унасан хэсэгт АН-ын 9 кноп алт эрдэнэс тул шуудхан л хэлсэн бүхнийг нь ёсчлон биелүүлэх нь улс төр юм.

Улс төр цаашаа хэрхэн өрнөх вэ?

Сайд нарыг нэг нэгээр нь АН-ын 9 дуудаж үүрэг даалгавар өгдөг болно. Бүлэг дээрээ дуудна, байцаана, хэвлэлд нээлттэй хэлбэрээр уг байцаалт явагдана. Угаасаа тэдэнд тийм эрх бий. УИХ дээр шийдвэрлэх кноп дарж байгаа эдгээр 9 гишүүний үгнээс сайдууд, агентлагийн дарга нар гарах гарц байхгүй. Хэрэв хэдэрлэж элдэвлэж янз бүр болох аваас Ерөнхий сайдыг дуудаад “Танай энэ сайд дарга чинь хариулж чадахгүй байна. Чи өөрөө хариул” гээд улалзуулахад ч асуудал байхгүй.

Өчигдөр АН-ын бүлэг “дөрвөн яам нэм, дэд сайдуудыг хөөж явуул” гэдэг үүрэг даалгавар өгчээ. Мэдээж энэ бол Засгийн газрын бүтцийг өргөн бариулж байгаад самрах гэсэн тэдний санаа мөнөөсөө мөн.

Засгийн газрын бүтэц хэрвээ өгрөн баригдвал шууд л одоо байгаа 13 яам 9 болон буурч хүрэлцэхгүй ядаж байгаа сайдын суудлын төлөөх дайныг улам өрдөх болно. Дэд сайд нарыг хөөж явуулснаар нам доторх зодоон улам эрчээ авч хүрээгээ тэлнэ.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Дэд сайд нар бол МАН-д олон жил уйгагүй зүтгэсэн улмаар 2016 оны сонгуульд онцгой гавьяа байгуулсан нөхдүүд бий. Тэд ч сөрөг хүчний байнд орохуйц хэмжээний эрч хүчтэй ажилласныг олон нийт хангалттай харж байгаа.

Эдгээр нөхдүүдийг сул тавьбал МАНын гал тогоонд асуудал үүсч ан цав улам ч нэмэгдэх магадлалтай.

Ингээд ЗГХЭГын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбатын хэлдгээр ёстой л “Ерөнхий сайдын зовлонт өдрүүд үүгээр эхэллээ”. Одоо У.Хүрэлсүхийн хувьд МАНын дотоод эв нэгдлийг хангах, Засгийн газар нь бүрэн бүтэн, урт удаан наслахын төлөө өдөр шөнөгүй ажиллах болж байна.

МАН дотроо эв нэгдэлтэй байж “бялуугаа тэгш шударга зөв хувааж”, чоно цатгалан сүрэг бүтэн байлгаж чадваас Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын нэгдсэн бодлого шийдвэр хүчтэй байж, “9-ийн дарлал” -аас гарах арга зам олдох буй за.

Хариулт үлдээх

Your email address will not be published.