Х.Хашбаатар: Оффшорын эсрэг хуулинд гишүүдийг эргүүлэн татах заалтыг оруулж өгсөн
2017 оны 10 сарын 6

Оффшорын эсрэг хууль батлагдаж, Засгийн газар тогтоол баталснаар хамаарах нутаг дэвсгэр тодорхой болсон. Харин одоо АТГ-ын ямар ажил хийх эсэх талаар АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Хашбаатараас тодрууллаа.

-Оффшорын бүсэд хамаарах улс орнуудын жагсаалт саяхан ил боллоо. Одоо АТГ ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ?

-Энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр УИХ-аар Нийтийн болон Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тус хуулийн 10.1.1-т өөрчлөлт оруулсан. Тодруулбал, төрийн сонгогддог болон томилогддог албан тушаалтнууд офшор бүсэд данс эзэмших, хөрөнгө байршуулах, аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг оруулж өгсөн. Мөн Засгийн газар оффшор бүсийг тогтоож, Засгийн газрын 244-р тогтоолоор оффшор бүс гэсэн 49 орныг тодорхойлж, өнөөдөр баталгаажуулаад манайд ирүүлчихээд байна.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны илрүүлсэн нэлээн олон орны төрийн өндөр албан тушаалтан бизнес эрхлэгчтэй холбоотой мэдээллийг илрүүлсэн байгаа. Үүн дотор Монгол Улсын 43 иргэн аж ахуйн нэгж багтаж байгаа юм. Эдгээрээс АТГ-ын албан хаагчид төрийн алба хашиж, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллаж байсан 23 албан хаагчийг шалгаж байна.

-Эдгээр 23 иргэний нэг нь сая мөнгөө оруулж ирсэн. Үлдсэн хүмүүсийн мөнгийг оруулж ирэхэд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Шалгагдаж байгаа 23 нэр бүхий хүмүүсээс нэг хүн 4.3 сая долларыг сайн дураараа оруулж ирсэн. Үлдсэн хүмүүсийг оффшор бүс гэх улс оронд данс эзэмшдэг үү, аж ахуйн нэгжээ татан буулгасан уу гэдгийг шалгаж байгаа.  Мөнгө байна гэдгийг тогтоосон нөхцөлд өөр арга хэмжээ авна. Оффшор бүсэд данс нээлгэсэн, компани байгуулсан болгоныг мөнгөтэй байна гэж ойлгож болохгүй. Цаашид оффшор бүсэд хөрөнгө нуусан байдлыг илрүүлэх чиглэлээр тодорхой хэмжээнд ажиллаж байгаа. Оффшорын эсрэг АТГ дангаараа ажиллах боломжгүй.

-Бусад улс оронтой ямар уялдаа холбоотой ажилладаг вэ?

-Энэ чиглэлээр ажиллахын тулд хил дамнасан үйл ажиллагааг илрүүлэх хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах, түүнчлэн оффшор бүс бүхий орнуудтай Засгийн газар, УИХ-ын хэмжээнд хамтран ажиллаж мэдээлэл солилцох чиглэлээр гэрээ байгуулж  ажиллаж байж үр дүнд хүрнэ.

-Илрүүллээ. Гэтэл төрийн өндөр албан тушаалтан халдашгүй дархан эрхтэй байвал хэрхэн яаж шийдэх вэ. УИХ-ын гишүүн байвал эргүүлэн татах боломж бий юу?

-Өмнө нь УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт зөрчил гарсан бол буцааж татах эрх зүйн үндэс байгаагүй. Шинээр батлагдсан хуульд эргүүлэн татах заалтыг оруулж өгсөн нь давуу тал болж хариуцлагын тогтолцоог бий болгосон. Шалгаж тогтоосон нөхцөлд УИХ-аас хэлэлцээд эргүүлэн татаж болно. Мөн энэ хууль дээр бас нэг тусгаж өгсөн онцлог нь төрийн алба хашиж байгаа албан хаагчдаас гадна түүний хамаарал бүхий этгээд гэж оруулсан. Хамаарал бүхий этгээдийг юу гэж ойлгох вэ гэхээр хуульд зааснаар төрсөн ах эгч, эхнэр нөхрийн төрсөн ах эгч, гэр бүлийн гишүүд мөн нэгдмэл сонирхолтой этгээд гэж орно.

-Нэгдмэл сонирхолтой этгээд гэж хэнийг хэлж байгаа вэ?

-Аж ахуйн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хамтран оролцогч хувь эзэмшигч нарыг гэж ойлгож болно.

-Ер нь оффшор бүсэд мөнгөтэй хүмүүс мөнгөө хэдий хэр хугацаанд оруулж ирэх ёстой вэ?

-Нэмэлт өөрчлөлтөөр хугацаа өгсөн байгаа. Өнөөдрөөс бид төрийн захиргааны төв байгууллага болон аймаг нийслэлийн удирдах байгууллагуудад зөвлөмж хүргүүлж байна. Уг зөвлөмжид оффшор бүс бүхий 49 оронд данс эзэмшсэн аж ахуйн үйл ажиллагаа явуулсан, үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа бол эдгээрийг зогсоох, хаах боломжийг өгч байгаа талаар дурдсан.

Оффшор бүсэд данс эзэмшиж мөнгө байршуулсан бол гурван сарын хугацаанд оруулж ирэх хуультай. Үл хөдлөх хөрөнгө авсан бол үүнийгээ зарах бусдад шилжүүлэх үйл ажиллагаа хийх чиглэлтэй.

Б.Чимэг

One thought on “Х.Хашбаатар: Оффшорын эсрэг хуулинд гишүүдийг эргүүлэн татах заалтыг оруулж өгсөн

  1. Ахмад

    УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг Офшорын тухай хуулиар шийдвэрлэхгүй л дээ!!! Үндсэн хууль, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиар л шийдвэрлэнэ!!!

Хариулт үлдээх

Your email address will not be published.