Гуч дахь Ерөнхий сайд гурван жил тэсч чадах уу?
2017 оны 10 сарын 13

olloo_mn_1507446106_94721bd863c1b12ec9c5a66510d42ef0-624x416Олон ургальч нийгэмд хөрвөн өөрчлөгдснөөс хойш Монгол Ардын (Хувьсгалт) нам анх удаа өөрсдийн босгосон засгаа түлхэн унагалаа. 2016 оны парламентын сонгуулийн дүнд бий болсон үнэмлэхүй олонхи буюу УИХ дахь 65-ын бүлгийн томилсон Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газар ердөө жил гаруйхны дараа огцорч, огцорсон засагт Шадар сайдын албыг хашиж явсан У.Хүрэлсүх шинэ засгаа эмхлэн байгуулах эрхийг  парламентаас авлаа.

Аравдугаар сарын 4-ний өдөр УИХ-аас томилогдсон 30 дахь Ерөнхий сайд хэмээн тоологдож буй У.Хүрэлсүх кабинетаа 14 хоногийн дотор бүрдүүлэх хуулийн заалттай. Өнгөрсөн Баасан гаригт /2017.10.06/ сайдуудынхаа нэрийг өргөн мэдүүлж магадгүй гэсэн шуум тарсан ч тийм зүйл болсонгүй. 65-ын бүлгийнхээ өнгөрсөн жил байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг парламент дахь гишүүдийнх нь тал нь огцруулсан бөгөөд энэ нь тус намын хувьд парламент дотроосоо өөрийн засгийн унагасан анхны тохиолдол юм. У.Хүрэлсүхийг томилогдох өдрийн чуулганы хуралдаанд огцруулагч гишүүд л оролцож дэмжих товчлуураа дарсан.

Кабинетаа бүрдүүлж ч амжаагүй байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг урт насгүй, дэмжлэггүй гэсэн явган яриа өнгөрсөн хоногуудад хөвөрлөө.

Зөвхөн хуулийн хүрээнд, хэнээс эмээхгүйгээр, хэрэгтэй бол амиа золиослоод ч болов бие даан ажиллахаа томилогдсон даруйдаа илэрхийлсэн шинэ Ерөнхий сайд хэлсэн амандаа байж чадах эсэх нь зөвхөн өөрөөс нь хамаарахгүй нь гашуун үнэн. Ойрын өдрүүдэд мэдэгдэх сайд нарын нэрс үүнийг нотлох байх. Мөн энэ нэрсээс түүний Засгийн газар хэр удаан наслах нь тодорхой болно. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хөрөг зургаа Ерөнхий сайд нарын хүндэтгэлийн хананд ч өлгүүлж чадаагүй огцорсон түүх У.Хүрэлсүхийг тосож буйг үгүйсгэх аргагүй.

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжин олон намын оролцоот чөлөөт сонгууль явуулж эхэлснээс хойших 25 жилийн хугацаанд ердөө хоёрхон Ерөнхий сайдад бүрэн эрхийнхээ дөрвөн жилийг гүйцээх боломж олгожээ. Эхнийх нь 1992-1996 онд гүйцэтгэх засаглалыг толгойлсон П.Жасрай, дараагийнх нь 2000-2004 оны Ерөнхий сайд Н.Энхбаяр юм. Өнгөрсөн 25 жилийг огцорсон Засгийн газрын тоонд хувааж үзвэл нэг Засгийн газар дунджаар нэг жил долоон сар ажилласан дүр зураг харагддаг. Мэдээж үүнээс хамгийн олон засаг солигдсон нь 1996 онд парламентад үнэмлэхүй ялалт байгуулсан Ардчилсан холбоо эвслийн үе байлаа. 1996-2000 оны хооронд монголчууд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал гэсэн дөрвөн Ерөнхий сайдын нүүрийг үзсэн юм.

1996 онд үнэмлэхүй ялсан Ардчилсан холбоо эвслийн ялалтын бялуурлыг хувь заяаны тохуурхлаар одоо Монгол Ардын нам амсч байна. Ялгаатай нь 1996-2000 оны Ардчилсан холбоо эвслийн засгуудыг сөрөг хүчин байсан өнөөгийн Монгол Ардын нам хавсайдан унагаж байсан бол энэ удаад 65-ын бүлэг доторх эрх ашгаа багтааж чадахгүйгээс огцорлоо. 1996-2000 оны гишүүдийн эрх ашиг, 2016 оны гишүүдийн эрх ашиг гэдэг тэнгэр газар шиг зөрүүтэй болсон. Мэдээж Ардчилсан намын цөөнхийн дэм байгаагүйсэн бол Ж.Эрдэнэбат хөрөг зургаа зохих газарт нь өлгүүлж амжих л байсан юм.

Ардчилсан нам л засаглаж чаддаггүй гэсэн Монгол Ардын намын суртал ухуулга нь ийнхүү үнэнд гүйцэгдэж, өнгө мөнгөний эрх ашиг нь гарын атганаас нь алдуурлаа. Атгасан шагай шиг эв нэгдэлтэй гэгддэг Монгол Ардын нам цувсан эрх ашгаа эргэн хумьж чадах эсэхийг ирэх арваннэгдүгээр сарын 20-21-нд болох Их хурал нь харуулна.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.