“Шийдсэн сайд…”
2017 оны 10 сарын 10

Шинэхэн Ерөнхий сайдад дайх үг хэн бүхэнд мундахгүй байна, би бас юу дутах ингээд ч болов хэлье!

Нударга хочит, ардын хүү гэх Ерөнхий сайд минь дээ.

Та хэлэхдээ, “Надад сэтгэлтэй, зүтгэлтэй сайд нар хэрэгтэй. Миний танхимаас хууль бус зүйл битгий хүсээрэй” гэсэн тэгвэл бүр нэмээд хэлье. Улсад маань эрчтэй-хүчтэй-эрүүл-хуульд баригддаг, нэг ёсондоо “шийдсэн сайд” хэрэгтэй байна. Тэгтэл Ерөнхий сайд маань ирэх сонгууль хүртэлх гурав хүрэхгүй жилийн нас танхимдаа горилон ханаж цаддаггүй “өлөн чоно шиг өлбөлзүүрүүдэд давхар дээл өгье” гээд яваа гэх юм. Нийгмийн баатар, улс орны аврагч гэдэг цаг хугацааны шигшилтэнд ардын хүслээр төрөн гардаг юм гэсэн. Монгол сэрэх цаг нь ирсэн гээд Монголын маань нийгэм, эгэл ард олон чинь улс орны аврагчаа, ардын баатар хэмээн хоёрхон хүнийг харж, шүтэж, илтэд найдан байна. Түмний найдвар тээгч нэг нь шинэхэн томилогдсон Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх.

Тодрон буй гялалзах эр хүний ард халамжит эм хүн бий гэдэг бол, улс төрд хүчийг олсон хэн бүхэнд мөр зэрэгцэн зүтгэсэн нөхөд, итгэлээ харамгүй хайрлагч ард түмэн (олны хүч) байдаг. Өөрийгөө чагнасан тагнасан гэгдэж ачигдахдаа тулж байсан “Халдашгүй бүрэн эрхт хамгаалалт үгүй” түүнийг нөхөд нь болоод олон түмэн нь өнөөдөрт хүргэсэн.

Тэгвэл танхимгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх багаа хэрхэн бүрдүүлэх юм бол. Чөтгөр өөртөө хайртай хүндээ бурхнаас ч илүү үнэнч гэгчээр мөр зэрэгцсэн нөхөд, найдан хүлээх олноо умартаж буруу харах үгүй байгаа гэсэн хар өвчин хөдлөн, чихэнд нь дуулгаж чадахгүй хойно сийрүүлэн сатаарч байна.

Чөтгөртэй зүйрлэх учир нь сүүлийн хэдхэн хоногт шинэ Ерөнхий сайд танхимаа хэрхэн бүрдүүлэх таамаг, таавар тасрахгүй бичигдэн түгэж байна. Олны үг ортой гэдэг. Нэрс нь түгэх зүс бүрийн 15 сайд нарт балагтай нь олон юм. Давхар дээлт ноёд ч олон юм. Саяхандаа бүр хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайдад нэр дэвшин байхдаа “Төрийн ажлыг цалгардуулахгүй ээ, давхар дээлийг хуульд заасан хэмжээнд барина аа, хууль дээдлэнэ ээ, өрийг цэгцлэнэ ээ, тэтгэвэр тэтгэмж нэмнэ ээ, байгалийн баялаг ард түмнийх байна аа, өмнөх танхимын сайд нараас нэгийг ч үлдээхгүй ээ, Монгол төрийг муухай харагдуулахгүй, дэд сайд үгүй ажиллана аа, авилгал хээл хахуультай хатуу тэмцэнэ ээ, ард олныг итгэлийг зүтгэлээр хариулна аа” гээд л дуу хадаан байсанд ард олон сэтгэлдээ алга ташиж, магнай тэнийлгэн хуйларсаар байна.

“Та нар хар даа, давхар дээлгүй танхим (засаг), сэтгэлтэй сайд, зүтгэлтэй ажилласан ажил, шийдсэн сайд гэж үүнийг хэлдэг юм” гээд харуулаач бид үүнийг л хүсч байна.

Ингэж чадвал юун тэр УИХ-ын танхимаас ирэх 76-ын хүч, тэр 76 чинь өөрсдийн үндсэн ажлаа л хийг, тэр нь хууль санаачлах-батлах юм шүү дээ. Энэ л үндсэн ажлаа сайн хийж, төвлөрдөг бол гүйцэтгэх Засгийн газрын ажилд хушуу, хуруу нэмэрлээд байх цаг зав ч байхгүй. Эс үгүй бол “Бууж өгсөн туг ёрог даавуу шиг ёозгүй” гэдэгчлэн ард олон нэг буруу харвал эргэнэ гэж үгүй. Дараагийн баатар цагийн аяс хүлээхгүй шигшигдээд ирнэ. Дутаа нь үгүй Монгол оо.

Н.Содонгоо

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Хариулт үлдээх

Your email address will not be published.