АТГ-аас зарим яамны ТНБД нарт хатуухан анхааруулга өглөө
2017 оны 10 сарын 11

 Ойрд яамдын төрийн нарийн бичгийн дарга нар АТГ руу нэг нэгээрээ дуудагдан гүйлдэх болов. Засаг солигдох энэ торгон мөчид АТГ-ын урилгыг авсан төрийн нарийн бичгийн дарга нар тэвдүүхэн байгаа бололтой. АТГ өнгөрсөн хавар бүх яам, агентлагт шалгалт оруулжээ.

Энэ шалгалтаар хүний нөөц, боловсон хүчний томилгоо, халаа сэлгээ, дарга нарын тушаал шийдвэр, мөнгө санхүүгийн захиран зарцуулалт, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа гээд бүх бичиг баримттай нь танилцсан байна. Үндсэндээ бол хамаг л гэдэс дотроо уудлуулсан байна.

Шалгалтын дүнгээ дараа нь хэлэлцүүлэх гэтэл сонгууль давхцаад, төдөлгүй улсын баяр наадам, зуны их амралт таараад хойшлуулсаар өнөөг хүргэсэн аж. Шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газар, шинэ бүрэлдэхүүнд АТГ яам, агентлагийн өмнөх алдаа, дутагдал, зөрчлийг нь хэлж өгөхөөр ажиллаж байгаа нь харин ч цагаа олсон байж мэдэх юм. АТГ-ын шалгалтаар олон тооны ноцтой зөрчил илэрсэн байна.

Илэрсэн зарим зөрчлийг АТГ эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шилжүүлж, зориулалтын бусаар зарцуулсан мөнгийг буруутай этгээдээр буцаан төлүүлэх, хууль бус шийдвэрийг цуцлуулах, сахилгын хариуцлага тооцуулах, зөрчлийг дахин гаргуулахгүй байх талаар Төрийн нарийн бичгийн дарга нарт хатуу анхаарууллаа.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.