Д.Эрдэнэбат: Засгийн газраа хурдан байгуулах шаардлагатай
2017 оны 10 сарын 10

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр орон тооны бус зөвлөхүүдийнхээ хамтаар өргөтгөсөн хуралдаан хийсэн юм. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Лу.Болд, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар өнөөдөр  мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод сар гаруйн хугацаа өнгөрлөө. Харин шинэ Ерөнхий сайдыг томилоод долоо хонож байна. Үүнээс болж монголын төрийн үйл ажиллагаа зогсож, төрийн бүх шатанд үл үзэгдэх хулгай, дээрэм, хариуцлаггүй үйлдлүүд газар авч байна. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг шиг зүйл Монголд болж байна. Тиймээс Засгийн газрыг маш шуурхай байгуулах шаардлагатай байгаа учраас эрх баригчид дотоод хэрүүл, тэмцэл, зодооноо яаралтай зогсоо. Маш хурдан сандал, суудлаа хувааж аваад, ажилдаа ор гэдгийг Ардчилсан намын бүлэг анхааруулж байна. Засгийн газрыг байгуулахгүй удааширснаас болоод өнөөдөр УИХ ажилласан дүр эсгэж сууна.

Төсвийн тодотгол дээр алдаатай, хууль зөрчсөн олон үйлдэл гарч байгаад бид дүгнэлт гаргах шийдвэрт хүрлээ. Дүгнэлтээ УИХ-д танилцуулаад, шинэ Ерөнхий сайдад өнөөдөр албан бичгээр шаардлага хүргүүлнэ. Төсвийн орлого төлөвлөж байснаас оны эцэс гэхэд бараг нэг их наяд төгрөгөөр давах төлөвтэй байна. Тиймээс шинэ Засгийн газрынхан нийгэмд зохиомол  айдас үүсгэх буюу Монгол Улсын эдийн Засаг дампуурах, дефольт боллоо гэдэг үлгэрээр цаашид явж болохгүй. Төсвийн тодотголоор хөрөнгийн зардал нэмэхгүй, хүнийхээ цалинг нэм гэдэг шаардлагыг бид зайлшгүй тавина. Шинэ Засгийн газар эрч хүчтэй ажиллаж, эдийн засгийн өсөлтийг иргэддээ ээлтэй байлгахыг хүсч л байгаа бол энэ асуудал дээр онцгой анхаарах ёстой. Тиймээс шаардлагатай бол төсвийн тодотголыг буцаан татаж аваад, зарим зүйл заалтуудыг өөрчлөх нь чухал. Зардал талдаа бид гурван зүйлийг зайлшгүй оруулах шаардлагатай. Нэгдүгээрт, хууль нийцүүлэн хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохыг үргэлжүүлэх, хоёрдугаарт, багш, эмч нарын болон бага цалинтай зарим төрийн албан хаагчдын цалин урамшууллыг нэмэх. Гуравдугаарт, илүү гарч байгаа ологыг үр ашиггүй хөрөнгө оруулалтын зардал болгож байхаар тухайн ологоо өр хаахад эсвэл хуримтлалын сандаа оруул гэдэг шаардлага тавих болно. Үүнийг бид зөв шударга шаардлага гэж үзэж байгаа. Ер нь цаашдаа бид жилд 2-3 удаа зардал хэлбэлзэх орлого нэмэгдэх болгонд төсвийн тодотгол хийгээд байх нь зөв эсэхийг зайлшгүй эргэж харах хэрэгтэй байна. Хэрвээ төсвийн сахилга бат, хариуцлагын тухай тодорхой ярих гэж байгаа бол 2018 төсвийг анхнаас нь үл суурьтай зөв боловсруулаад, түүнийгээ сайтар мөрддөг, төсвийн тодотголыг цаашид хийхгүй байх эрх зүйн орчинг шинээр батлах ёстой.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Төсөв зохиох, батлах, хэрэгжүүлэх процест шинэчлэл хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол төсвийн сахилга хариуцлага, үр ашгийн зарцуулалтуудыг цаасан дээр бичиж ярьсаар байгаад таарч байна. Тиймээс үнэхээр үр ашигтай, хариуцлагатай төсөвтэй байхыг хүсвэл жил 1-2 удаа төсвийг тодотгоддог хуулиа өөрчлөөд, тодотголгүй болох хэрэгтэй. Учир нь төсвийг тодотгох болгондоо Төсвийн тогтвортой байдлыг хуулиа өөрчилж, хуулиар заасан алдагдал болоод Засгийн газрын өрийн хэмжээнг нэмдэг. Тиймээс бидний нэгдүгээр шаардлага бол төсөв зохиох, батлах, хэрэгжүүлэх бүх явцын эрх зүйн орчинг сайжруулаад, Засгийн газар төсвийнхөө хуулийг мөрддөг систем рүү оруулах шинэчлэл хийх санал гаргаж байгаа.

Энэ удаагийн тодотголоор төсвийн орлого буураагүй. Харин ч нэмэгдсэн. Тиймээс төсөв дахин тодотгох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Нөгөө талаар одоо оруулж ирж байгаа төсвийн зардлыг нэмэгдүүлэх гэж байгаа 17 зүйл дотроос төсвийг зайлшгүй нэмэх шаардлагатай ганцхан шийдвэр байна. Тэр нь хүүхдийн мөнгө. Тиймээс энэ тохиолдолд хэрвээ төсвийн жилийн дундуур бодлогын шийдвэр гарсан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх шаардлага хуульдаа байгаа. Энэ мэтээр бид бүх шатандаа бүх хуулиа хэрэгжүүлэхгүй байна. бүр тэр нь хувийн үзэгдэл болчихсон байна. Засгийн газраасаа эхлээд, суурь хуулиудаа мөрдөхөө байчихаад байна. Үнэхээр төсвийн орлого нь илүү гараад байгаа бол эрэмбээр нь дарааллаж байж хуваарилах зарчим руу орох хэрэгтэй. Өнөөдөр шинэ Засгийн газрын өмнө тулгамдаж байгаа нэн тэргүүний асуудал нь юу юм бэ. 2018 оны нэгдүгээр сард төлөгдөх 500 сая ам.долларыг өр, зургаан сард төлөгдөх өр л байгаа. Тиймээс эрэмбэ дарааллыг нь харж байж төсвөө зарцуулдаг зарлагаа нэмэгдүүлдэг байх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Лу.Болд “Улс оронд үүссэн улс төр нийгмийн нөхцөл байдлаа юуны өмнө харах ёстой. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод нэг сар болж байхад шинэ Ерөнхий сайд томилогдоод 7 хонож байна. Монгол Улс Засгийн газаргүй маш олон хонолоо. Гэтэл шинэ Ерөнхий сайд томилогдсоноос хойш Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал таамаг явж байна. Бүрэлдэхүүн томилох тухай хуульд заасан хугацааг хамгийн сүүлийнх нь  хугацаагаар нь авч нийгмийн амьдралыг хойшлуулж болохгүй.

Өнөөдөр улс төрийн нөхцөл байдлыг харахад Монголд анх удаагаа нэг намын эвслийн Засгийн газар байгуулагдах гэж байгаа шиг харагдаж байна. Гэтэл нэг намын эвслийн Засгийн газар гэж хаа ч байхгүй. Өмнөх Засгийн газрыг огцруулсан шалтгаануудыг бүгд мэдэж байгаа. Маш тодорхой шалтгаан байсан. Гэтэл огцруулсан  Засгийн газрын оруулж ирж байгаа төсөвт нь  алдаагаа зассан зүйл нэг ч байхгүй. Хууль зөрчсөн асуудлуудаа хуулиар хамгаалуулах гэж орж ирсэн. Ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилохдоо хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан наймаа багц бүрдүүлээд байгаа нь өмнөх Засгийн газрын адил  “насгүй” болгох ирээдүйг бүрдүүлж байна. Дотроо наймаалцаж, бөөн хүмүүсийн нэрсийн  жагсаалтыг харанхуй шөнө бүх албыг унтсан хойно, чоно борооноор гэдэг шиг  хуралдаж, томилдог нь хулгай дээрмийг зогсоох чадваргүй, ард түмний эрх ашгийг уландаа гишгэх байх нөхцөлийг бүрдүүлж байна.

Одоо бид төрийн өмнө ард түмний өмнө хариуцлага хүлээх сайд нарыг  гэгээн цагаан өдрөөр томилмоор байна. Засгийн газрын бүрэлдэхүүн шинээр томилогдох сайд нар ямар байх вэ гэдэгт манай бүлэг  маш тодорхой шаардлагуудыг өгсөн. Монголын ард түмэн Монгол  Улсын Засгийн газар бүрдэхийг хүсч, хүлээж байна.

Мэдээллийн дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шинэ Засгийн газрын сайд нар бүгд “давхар дээл”-тэй байхаар харагдаад байгаа. Хэрвээ “давхар дээл”-тэй сайдуудыг оруулаад ирвэл яах вэ?

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шинэ Засгийн газрыг 100 хувь “давхар дээл”-тэй байна гэсэн мэдээлэл маш их цацагдаж байна. Бид Ерөнхий сайдад энэ сарын 03-нд маш тодорхой саналуудыг өгсөн. Энэ саналуудаас эхний зургаан саналыг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Үүнийг дахиан сануулмаар байна. Тодруулбал, хүүхдийн мөнгийг хуулийн дагуу хүүхэд бүрт олгох, багш, эмч нарын цалинг нэмэх, шүүхээр буцаан томилогдохоор шийдвэр нь гарсан төрийн албан хаагчдыг эргүүлэн томилох, ерөнхий чиг үүргийн сайд нараас бусад бүх сайд “давхар дээл”-гүй байх, дэд сайдгүй байх, ашиг сонирхолын зөрчилтэй нэг ч сайдыг томилохгүй байх гэсэн саналууд дээрээ хатуу байгаа.

-Өнгөрсөн Засгийн газраас үлдэж ажиллах сайд нар байгаа бололтой. Тэгвэл “60 тэрбумын” гэгдээд байгаа хүмүүс явж чадаж байгаа юм уу?

-Сайд нарын тавигдах шаардлага ямар байх талаар би маш тодорхой хэллээ. Тэр “60 тэрбумын”, уурхайтай сайд уурхайн салбарыг хариуцаж ажиллах зэрэг нь  ашиг сонирхолын зөрчил гэдэг нь ойлгомжтой асуудал. Энэ асуудал дээр Ардчилсан намын бүлэг тодорхой байр сууриа Ерөнхий сайдад хүргүүлчихсэн байгаа. Тиймээс ямар нэгэн асуудал үүсэхгүй байх гэж найдаж байгаа.

-ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг уялдуулах боломж байгаа юм уу ?

-У.Хүрэлсүхийн Засгийн газар ОУВС-тай улс орныхоо бодит байдлыг харгалзан үзээд, дахин уулзах ёстой гэж харж байгаа. ОУВС-гийн даалгавараар явах, явахгүй зүйлүүд байх нь ойлгомжтой. Ялангуяа цалинг царцаах асуудлыг анхнаасаа Ардчилсан намын бүлэг эсэргүүцэж байсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Өнөөдрийн дундаж цалин инфляцын өсөлтөөс болж, иргэдийн энгийн хэрэглээг хангаж чадахгүй болсон гэдгийг энэ төр нь ойлгох учиртай. Тиймээс бид цалин нэмэх шаардлага тавьсан. Тэгээд ч ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд цалин нэмэх боломж байгаа.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.