У.Хүрэлсүх 11 сайдаа зарлаж, гурван гишүүнийг нэр дэвшүүлэхээс татгалзжээ
2017 оны 10 сарын 11

МАН-ын бүлэг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахаар өчигдөр хуралдлаа.

Уржигдраас хойш МАН-ынхан хэд гурваараа нийлж, бие биеийнхээ өрөөнд, Төрийн ордны хонгилд, тэр бүү хэл Төрийн ордны ойролцоох кофе, хоолны газруудаар “хуралдсан” юм. МАН-ын бүлэг албан ёсоор хоёр хуваагдаж, тэр нь дахиад хэд ч болсон юм, бүү мэд. Сайд болох сонирхол МАН-ынхныг хоёроос илүү хувааж буй гэх мэдээлэл байна.

МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрийг танилцуулжээ. Тэрээр 11 сайдыг хариуцах яамтай нь танилцуулсан байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ш.Раднаасэд, БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэлийг томилно гэж танилцуулсан гэсэн мэдээлэл байна.

Мөн тэрээр Хотын фракцынхны санал болгосон гурван хүн дээр асуудал байгааг бүлгийнхэндээ дуулгажээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын Шадар сайдад нэр нь яригдаж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг “…”Эм Си Эс”-ийн Л.Энх-Амгалан, “Петровис”-ийн О.Содбилэг нар уул уурхайн сонирхлын зөрчилтэй тул Засгийн газартаа сайдаар ажиллуулахаар нэр дэвшүүлэх боломжгүй. Мөн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат Батлан хамгаалахын сайдад тэнцэхгүй учир нэрийг нь дэвшүүлэхгүй” гэсэн байна.

Эрхэм гишүүд Ерөнхий сайдын энэ үгний дараа “…Ялгаварлан гадуурхлаа” гэцгээж тал талаасаа хэсэг хэрэлдэцгээжээ. Ингээд эцэст нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…Дээрх гурван гишүүний оронд сайдад нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ нэрийг маргааш гэхэд надад өгөөрэй. Хэрвээ өгөхгүй бол би өөрөө мэдэж нэр дэвшүүлэх болно” гэжээ. Ийн МАН-ын бүлэг Ерөнхий сайдаас гарч буй хэдэн сайдын нэрийг сонсоод, хэсэг маргалдаж байгаад таржээ.

Х.ИНДРА

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.