Эрүүл мэндийн яам төсвийн мөнгийг үргүй зарцуулжээ
2017 оны 10 сарын 11
nnnnnnnnn

АТГ Эрүүл мэндийн яам, түүний харьяа агентлагуудад хяналт шалгалт хийсэн байна. Эрүүл мэндийн яамны төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, төлбөр хураамж, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явц зэрэгтэй танилцаж, дүгнэлт гаргасан абйна.
Эрүүл мэндийн яам хувийн эмнэлгүүдэд магадлан итгэмжлэл олгодог бөгөөд энэ үйл ажиллагааг зохицуулсан журам нь жил бүр өөрчлөгддөг,тусгай зөвшөөрөл олгохдоо хуульд заагаагүй бичиг баримтыг иргэдээс шаардаж байгаа нь мөн хүнд суртал, чирэгдэл, авлига үүсгэх эрсдлийг бий болгож байна хэмээн АТГ анхааруулга өгсөн байна.
Тус яамны удирдлагаас 2015, 2016 онд гаргасан тушаал шийдвэрүүдийг хянан үзэхэд хэд хэдэн нийтлэг зөрчил илэрчээ. Тухайлбал, төслийн 8 ажилтны цалингийн хэмжээг тогтоох, Филиппин, Япон, Бангладеш, Вьетнам улсад туршлага судлах, аялал, хуралд 8 мэргэжилтнийг оролцуулах, санхүүгийн ажилтны сургалтын зардалд 5.3 сая төгрөг олгох, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн хурлын зардалд 1.8 сая төгрөг зарцуулах зэрэг тушаалыг гаргахдаа захиргааны актад тавигдах шаардлага хангаагүй эрх зүйн актаар төсвийн мөнгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн 2015 онд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан яамны нийт албан хаагчдад хавтгайруулан 10.2 сая төгрөгийн урамшуулал олгосон нь төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн шагнаж урамшуулах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Зөвхөн хоол, унааны зориулалтаар 3.3 сая төгрөг зарцуулсан нь төсвийн хөрөнгөөр ой тэмдэглэх, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг даалгасан Засгийн газрын тогтоолыг зөрчжээ.
Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2015 оны А/69, 2016 оны А/2 дугаар тушаалаар тус төвийн харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг, мөн төвийн барилгн ажлыг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг төрийн бус байгууллагын хяналтгүй байгуулж, иргэний хяналт тавих нөхцөлийг бүрдүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Худалдан авах ажиллагааны ил тоод байдлыг хангах зорилгоор Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, … оролцуулна.” гэснийг зөрчсөн байна. Түүнчлэн тус төвийн захирал 2015 оны А/01 дүгээр тушаалаар төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон нь холбогдох хууль болон төвийн дүрмээр өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлснээр Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан хориглолтыг зөрчсөн байна.

Б.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.