Нүүрсний тээвэрлэлт 2-3 дахин буурчээ
2017 оны 10 сарын 19

Гашуунсухайтын хилийн боомтоор хоногт 500-600 хүнд даацын машин нэвтэрч байна

Гашуунсухайтын хилийн боомтоор хоногт 1000-1500 хүнд даацын автомашин нүүрс тээвэрлэн нэвтэрдэг байсан бол энэ оны 7-р сараас хойш нүүрсний тээвэрлэлт огцом буурчээ. Сүүлийн 4 сар Гашуунсухайтын хилийн боомтоор хоногт 500-600 хүнд даацын автомашин нүүрс тээвэрлэн нэвтэрсэн байна.

Гашуунсухайтын боомт 14 терминалтай. Үүнээс 6 терминалаар уул уурхайн бүтээгдэхүүнийг урд хөрш рүү нэвтрүүлдэг. Тодруулбал Оюутолгойн зэсийн баяжмалыг 2 терминалаар, Тавантолгойн бүлэг ордоос экспортоор гарч буй нүүрсийг 4 терминалаар гаргадаг. Хилийн нэг терминалын шалган нэвтрүүлэх хугацаа дунджаар 1 минут байдаг байна. Харин БНХАУ-ын тал хоёр теминалаар таталт хийдэг. Өөрөөр хэлбэл Монголын тал хилийн хяналт бүхий 6 замаар нүүрс, зэсийн баяжмалаа урд хөршид нийлүүлдэг боловч хүлээн авагч тал хоёр замаар татан авалт хийж буйгаас 120-140 км урт үргэлжлэх хүнд даацын автомашины цуваа Гашуунсухайтын хилийн боомт орчимд үүсэх болжээ.

Энэ жил нүүрсний экспортоос олох орлого 1 тэрбум ам.долларыг давсан. 2018 онд урд хөршийн зах зээл дээр нүүрсний эрэлт нэмэгдэж ханш хэвээр хадгалагдах таамаглал бий. Тиймээс хоёр улсын Засгийн газрын түвшинд Гашуунсухайтын хилийн боомт дээр үүссэн нөхцөл байдлыг нааштайгаар шийдэх чиглэлд хэлэлцээр хийхийг нүүрсний компаниуд болон Монгол-Хятадын хооронд нүүрс тээвэрлэдэг жолооч нар хүсч байна.

Зовлон нэгт 7090 жолооч

Монгол-Хятадын хооронд нүүрс тээвэрлэдэг албан ёсны бүртгэлтэй 7090 жолооч бий.  Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэдэг жолооч нар захиалагч Хятадын компанид нүүрсээ хүргэж өгөөд 2000-2200 юанийн цалин авдаг. Харин Цагаан хадны дамжин өнгөрүүлэх цэгээс нүүрс тээвэрлэж урд хөрш рүү гаргавал 1000-1200 юань авна. Өмнө нь жолооч нар сард 4-5 удаа тээвэрт явж боломжийн мөнгө олдог байсан бол энэ оны 7-р сараас БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулж үүнийг дагаад тээврийн жолооч нар сард 2 удаа хилээр нэвтрэх болжээ. Тэд Гашуунсухайтын хилийн боомт дээр 10-14 хоног саатсаны эцэст нүүрсээ Хятад руу гаргаж захиалагч талд нийлүүлдэг аж. Хилийн боомт дээр үүссэн түгжрэлээс шалтгаалж тээвэрт явж олдог хэдэн төгрөгөө хүнсэндээ зараад цөөн хэдийг нь ар гэртээ явуулдаг тухай жолооч нар ярьж байлаа. Хилийн боомт дээр дарааллаа хүлээн зогсох жолооч нарын дийлэнх хувь нь Үндэсний их баяр наадмаас хойш гэртээ хариагүй аж.

Нүүрсний татан авалт буурсныг УЛС ТӨР-тэй холбоотой гэж харддаг

Дөрөвхөн сарын өмнө хоногт 1000-1500 нүүрс ачсан автомашиныг ямар нэгэн асуудалгүй нэврүүлж байсан хилийн боомт дээр урт дараалал үүсэх болсон нь УЛС ТӨР-тэй холбоотой гэж жолооч нар харддаг аж. Хятадын эсрэг байр суурь илэрхийлдэг улс төрч ерөнхийлөгчөөр сонгогдож, дипломат харилцааг үл тоосон мэдэгдэл хийснээс урд хөршөөс ийнхүү сануулга авсан гэж үздэг байна. Монголчууд бид нүүрсний баялаг нөөцтэй хэмээн бахархан ярьдаг боловч манай улсын нүүрсний нөөц Хятадын гангийн үйлдвэрүүдийн хэрэглээний дэргэд дэндүү бага гэдгийг анзаарч хардаггүй. Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэгч Тавантолгойн орд БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдийн нийт хэрэгцээг 2-3 сар хангахад л хүрэлцэнэ. Тиймээс нүүрсээ зарахгүй гэж гэдийх бус үнэд хүргэж борлуулах нь эдийн засагт ашигтай. Гашуунсухайтын боомт дээр үүссэн энэхүү асуудлыг хоёр улсын Засгийн газрын түвшинд анхааралдаа авч нааштайгаар шийдэх шаардлагатай байна гэдгийг тээвэрчид ярьж байлаа. Монгол жолооч нар “Мими” гэх мансууруулах бодис хэрэглэж, хилээр мах, эмийн ургамал хууль бусаар нэвтрүүлэх болсон учир хилийн хяналт чангарч, үүнийг дагаад нүүрсний тээвэрлэлт саармагжсан тухай мэдээлэлдэг боловч баримтаар нотолсон зөрчил гарч байгаагүй гэж тээвэрчид хэлж байсан юм.

М.ЦЭЛМҮҮН

Хариулт үлдээх

Your email address will not be published.