30 гэр бүлийг нэрлэж өгнө үү, Ерөнхийлөгч өө
2017 оны 10 сарын 30

150901790959f1c93527618Монголчууд өнгөрсөн жилүүдэд 30 гэр бүлийн барьцаанд орж, хүртэх ёстойгоо хүртэж чадаагүй гэнэ. Сонгууль бүрээр энэ үгийг сонсч байгаагүй гэвэл эндүүрэл болох биз. Монгол төрийг “атгаж” буй энэ 30 гэр бүл хэн юм бол, чухам тэд монголчууд бидний хүртэх ёстойг 30-уулаа хүртэж, улс төр, бизнес, бүр цаашлаад улс орон, төр засгийг хүртэл гацаадаг гэнэ. Хаана мөнгө байна, тэнд алдарт 30 гэр бүл байдаг гэх. Ингэхэд тэд яг хэн юм бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын шийдвэрт хэсэгчлэн хориг тавив. Ингэхдээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг томилсон шийдвэрт хориг тавьж буйгаа товч бөгөөд тодорхой илэрхийлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд яагаад хориг тавьж байгаа, Сангийн сайдаар яагаад тэр хүн ажиллаж болохгүй вэ гэдгийг тайлбарлахдаа дараах тодруулгыг хийсэн байсан юм.

Хориг тавьсан тухай албан мэдээлэлд “Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон 30 гэр бүлийн хяналт, дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг, хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна. Иймд эдгээр 30 гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байна” гэжээ.

Нэгэнт Монгол Улсын Ерөнхийлөгч улсыг маань “атгаж”, ирсэн 30 гэр бүл байдаг гэдгийг цагаан цаасан дээр хараар буулгаж, төрийн тэргүүний сэнтий дээрээс зарласан учраас тэр 30 гэр бүл яг ямар учиртайг мэдэх хүсэл илүү их төрж эхэллээ. Иргэд төдийгүй улстөрчид ч чинээлэг, эрх мэдэлтэй, Монголын төрөөс ч илүү хүчирхэг гэгдэх тэр хүмүүсийг анхаарч байна.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр оруулж ирж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийг төлөөлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцсон. Тус байнгын хорооны хурарлдааны үеэр гишүүд “30 гэр бүл гэж яг хэнийг хэлээд байгаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэдний хэдэд нь үйлчилдэг” талаар тодруулж асуусан. Харин үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Ашигт малтмалын газраас лиценз олгодог жагсаалтыг үзвэл харж болно. Хэн хамгийн их лицензтэй вэ гэдэг нь харагдана. Үндсэн хуулийн 6.1-дэх хэсэгт заасан ард түмний мэдэлд байдаг байгалийн баялгийг лиценз гэх цаасаар авсан хүмүүс байгаа юм. Энэ мэдээлэл бүгд ил тод байдаг” гэсэн тайлбар өгсөн юм.

Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан 2017 оны хагас жилийн тайланд тусгаснаар нийт 3476 зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 1596, хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 1880 байна гэжээ.

Хэрэв Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын хэлснээр тэдгээр 30 гэр хамгийн их лиценз эзэмшдэг нь үнэн юм бол Ашиг малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт сонгогч, олон түмэн бидэнд тэднийг зарлаж өгч болох юм.

Чухам энэ 30 гэр бүл хэзээнээс бий болж, хэний нам нөлөөлж, хэн тэдэнд тийм их эрх мэдэл олгож, үйлчилдэг вэ гэдгийг ч бас Ерөнхийлөгчөөс асууя.

Энэ 30 гэр бүлд цаашид Монголын ард түмэн чинь дарлуулахгүй байх боломжийг олгож,  та олон нийтэд зарлаж өгнө үү гэж иргэн, сонгогч хүний хувиар хүсч байна.

Улстөрчдийн өшөө хонзон мэт үйлдэл, ардаа юу нуугдсан нь ил харагдахгүй ашиг сонирхол бүрт энэ үг хэрэглэгддэг, уураа хүрэхээр чулууддаг үг болсоор бид ч бараг дасчээ. Гэхдээ үнэхээр Монгол төрийн өндөрлөг дээрээс цохон хэлэх хэмжээнд хүртэл тэвчихгүйд хүргэсэн бол бид ч бас тэдний нэрийг улсынхаа иргэний хувьд сонсъё. Сонголтоо хийх эрх, үүрэг, мэдлээ хэрэгжүүлэхэд ийм мэдээлэл л жинхэнэ иргэдэд тустай юм биш үү.

Ш.ОЮУНЧИМЭГ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.