Аян замын тэмдэглэл: Үзэсгэлэнт Жэжү-Цуврал №2
2017 оны 10 сарын 31

Манай багийнхан Ганюун хотоос Жэжү арал руу онгоцоор 1 цаг гаруй ниссэнээр аялал маань цааш үргэлжиллээ.

Бороотой Жэжү

Цэлмэг тэнгэр, цэнгэг далайгаараа алдартай үзэсгэлэнт Жэжү аралд очсон өдөр бороотой байв. Монголд борооны улирал дуусаад өвөл хаяанд ирсэн үед явсан болохоор ч тэр үү бидэнд бороо сонихон байлаа. Харин Жэжүгийн онгоцны буудлаас тосож Жэжүд байх 2 хоногт аялалын хөтөч хийсэн Sanghee Hong хатагтай “толгойгоо норгож болохгүй, хүчиллэг ихтэй учраас үс унадаг” гэж анхааруулснаар бидний бороонд хөөрцөглөх хөг өнгөрөх нь тэр. Жэжүгээс яван явталаа борооны цув, шүхэрнээс салахгүй байсаар буцсан.

Жэжү арал нь 650 мянга орчим хүн амтай, Солонгостоо нэлээд том аймагтаа ордог аж. 1848 м.кв газар нутагтай. Хамгийн өндөр цэг нь Халла уул. Зүүнээсээ баруун тийш 73 км, урдаасаа хойшоо 31 км сунаж тогтсон зууван арал. Өвлийн цагт хасах хэм рүү ордгүй халуун дулаан нутаг. Нийт хүн төрлөхтөний арчлан хамгаалж явах ёстой хүрээлэн буй орчны үнэт өв болсон арал юм. Тиймдээ ч Жэжү аралыг дэлхийн байгалийн 7 гайхамшигийн нэгээр 2011 онд тодруулж батламжилсан байдаг. Жежү арал дээр 368 жижиг галт уул  байдаг гэсэн. Аль хэдийнэ сөнөсөн уулууд болохоор дэлбэрэх эрсдэл байхгүй.

“Энх тайвны цэцэрлэгт хүрээлэн”

Бидний хувьд 2 өдрийн шахуу хөтөлбөртэй явсан тул онгоцноос буусны дараа өдрийн хоолонд орчихоод шууд “Энх тайвны цэцэрлэгт хүрээлэн”-лүү явлаа. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь цэрэг цагдаагийн хүчинд автан амь эрсэдсэн хүмүүсийн гэгээн дурсгалд зориулан бүтээсэн хүрээлэн юм.

Энх тайвны цэцэрлэгт хүрээлэн

Дэлхийн 2-р дайн дуусаад Солонгосчууд Японы дарлалаас тусгаарлахын тулд Америкийн цэргүүдээс тусламж хүссэн байдаг. Америкчуудаас тусламж хүссэн тэр үед Жэжү арал дээр л гэхэд Японы 80 мянга орчим цэргүүд байсан гэдэг. Ямартаа ч Америкчууд Японы цэргүүдийг хөөн гаргаж улмаар 1945-1948 он дуустал Солонгосыг өөрсдийн хараат улсаар байлгаж байсан түүхтэй. Америкчууд давуу эрхээ ашиглан Жэжү арлыг өөрийн мэдэлдээ бүр мөсөн авчих гээд байснаас үүдэн үндэсний тэмцэгчид эсэргүүцэж эхэлсэн гэдэг.

Жэжүгийн иргэд 1948 он

Тухайн үед Солонгосчууд Өмнөд болон Хойд гэж тусгаарлаагүй байсан ч Америкийн хэт их нөлөөлөх оролдлогын улмаас үндэсний тэмцэгчид эсэргүүцэж, тэмцэгчидийг дарахын тулд цэрэг цагдаагийн хүчээр дарсан гашуун түүх үүссэн байдаг. 1948 оны 04-р сарын 03-ны үүрийн 02 цагт Жэжүгийн 300 гаруй тусгаар тогтнолын тэмцэгчид Халла ууланд байсан Америкийн цэргийн 11 цэгийг булаан эзэлж чадсан байна. Харамсалтай нь дайны бус үед эх орныхоо тусгаар тогтнолын төлөө босож тэмцсэн Жэжүгийн нийт хүн амын 10 хувь нь буюу 30 гаруй мянган хүүхэд, эмэгтэйчүүд хөгшид залуусыг Солонгосын засгийн газраас дотоодынхоо цэрэг цагдаагийн оролцоотойгоор хайр найргүй буудан хороосон байна.

Үй олон эх хүүхдийг хороожээ

Энэхүү аймшигт түүхийн талаар дурссан хүнийг барьж хорьж тамлан зовоож байсан учраас аавыгаа ахыгаа ээжийгээ хүүхдээ алдсан Жэжүгийнхэн 1990 он хүртэл амаа хамхиж явсан түүхтэй. Ардчилал сэргэн мандаж, үг хэлэх эрхтэй болсны дараагаас буюу 1992 онд Солонгосын ерөнхийлөгч нийт ард иргэдээсээ албан ёсоор уучлалт гуйж цаашлаад жил бүрийн 04-р сарын 03-ныг улс даяараа гашуудлын өдөр болгон зарлажээ.

Монголын сэтгүүлзүй, Солонгосын сэтгүүлзүй, Жэжүгийн сэтгүүлзүйн хөгжил мандан бадрах болтугай

Энхтайвны цэцэрлэгт хүрээлэнг үзсэний дараа биднийг Жэжүгийн Сэтгүүлчдийн холбооны дарга Dae-whi Kim болон Жэжү хотын орлогч дарга Ким Тэ Гон нар хүлээн авч уулзсан.

Жэжүгийн сэтгүүлчдийн холбооны даргын хувьд өмнө нь Монголд нэг удаа очиж  байсан тухайгаа ярьж “Мэргэжил нэгт нөхөд маань Жэжү аралд ирсэнд маш их баярлалаа. Монголын сэтгүүлзүй, Солонгосын сэтгүүлзүй, Жэжүгийн сэтгүүлзүйн хөгжил мандан бадрах болтугай” гэсэн ерөөлийн үгээр биднийг үдсэн юм. Орой нь бид 5 одтой “Кал” зочид буудалд тухлаж, маргаашийнхаа аялалд бэлдлээ.

5 одтой Кал зочид буудал

Романтик мэдрэмж төрүүлсэн завьтай аялал хамгийн сайхан

Өглөө нь хөтөч маань биднийг усан завины  аялалд урьлаа.

Далайн эрэг дээр очиход хүйтэн салхи нуруу жиндүүлэм сэрүүн ч үзэсгэлэнт цэнгэг далай, шовх Халла уулыг хараад өөрийн эрхгүй уулга алдах болно.

Зах хязгааргүй далайн уудамд тансаг хөлөг онгоцны тавцан дээр зогсон вино шимэн романтик мэдрэмж төрүүлсэн завьтай аялал хамгийн сайхан нь байлаа.

G-Dragon

Завьтай аялалын дараа биднийг дэлхийд алдартай G-Dragon-ы музейгээр зочлуулсан. 25-аас доош насныханы шүтээн болсон энэ хамтлагийнхан дэлхийд СД борлуулалтаараа тэргүүлдэг гэсэн. Channel брэндийн загварыг урилгаар зохиодог гэгддэг G-Dragon-ы өмсдөгтэй ижилхэн хувцаснууд, зүүлтнүүд зардаг дэлгүүр,

сонирхолтой үзүүлбэрүүдтэй видео танхим гээд үзэж харах юм ихтэй театр музейгаас гараад хөтөчийн тайлбарласан амьд музейгээр орлоо.

Музей амьд

Ван гох зэрэг барууны уран зургийн алдартан 50 зураачийн бүтээлийг 3D илэрхийллээр сонирхолтойгоор үзүүлсэн газар. Хүний харааны эндүүрлээр бодит орчинд байгаа мэт зураг татуулах боломжтойгоороо онцлогтой юм.

Үүнийгээ тэд музей амьд гэж нэрлэдэг юм билээ.

Орой нь биднийг Жэжүгийн аялал жуулчлалын газрын ерөнхийлөгч Park, Hong-Bai хүлээн авч оройн зоог барьлаа.

Солонгос улс сүүлийн 70 жилд Жэжү арлыг жилд 15 сая жуулчин ирдэг болтол хөгжүүлсэн байдаг. Түүний дотроос Хятадын жуулчид маш их ирдэг. Тиймдээ ч Жэжү арал дээр Хятад эзэнтэй ресторан хоолны газрууд ихтэй юм билээ. Аялал жуулчлалын газрын ерөнхийлөгч Park, Hong-Bai-гийн ярьсан Жэжү арлын жуулчдыг хамгийн ихээр татдаг газруудаас цөөн хэдийг дурьдвал:

Жэжүгийн морин тойруулга

Морио Жэжүгийнхэн Жура май гэж нэрлэдэг. Монголчуудын Жороо морь гэсэн үг. 13-р зууны үед Хубилай хаан Солонгос улсыг эзлэн түрэмгийлэх үеэр ирсэн морьдын үр төл Жэжү арлыг ийм алдартай болгосон гэхээр монгол морьдоороо бахархагүй байхын аргагүй юм. Жэжүгийн морин тойруулгад монгол залуучууд л ажилладаг. Циркийн үзүүлбэр болон арчилгаа маллагааг нь Монголчууд хийдэг.

Жэжү аралд Солонгосын адууны 90 хувь нь байдаг. Эртнээс нааш адуу маллахад тохиромжтой уур амьсгалтай Жэжү арал нь улсынхаа адууг хариулж маллах үүрэгтэй байжээ. Адууны махаар хоол хийх нь элбэг биш боловч Франц Япон зэрэг орны адууны мах сонирхогчид Жэжүгийн махыг илүүтэй сонирхдог байна. Адууны яснаас гаргасан бүтээгдэхүүнээрээ алдартай.

Хоолны урлаг

Жэжү арлын хоолны соёл нь их өвөрмөц, газарзүйн хувьд битүү далайгаар хүрээлэгдсэн учраас 4 улирлын турш төрөл бүрийн загас загасан бүтээгдэхүүнтэй хоол зонхилдог.

Хүйтэн шөлтэй түүхий загас, галчи загастай шөл, далайн зарааны шөл, далайн арваалжтай халуун ногоотой хүйтэн шөл, шарсан угдум загас гээл загас орсон хоолууд ар араасаа хөвөрч өгнө дөө.

Олон хүмүүс Жэжү арал гэхээр хар гахай санаанд ордог. Хар өнгөтэй Жэжүгийн унаган гахай юм. Дээр үед гэрийнхээ доор гахайн байраа бариад янз бүрийн зүйлсээр хооллодог байсан бол одоо үед тэгэх боломжгүй учраас олноор нь өсгөн үржүүлдэг фермүүд байдаг. Гахай маллахад тохиромжтой байгаль цаг ууртай учраас жэжүгийн гахай бусад нутгийн гахайнаас харьцуулашгүй сайхан амтттай байдаг.

Бидний мэдэх Самгёбсал буюу 3 үетэй гахайн мах бол Угёбсал буюу 5 үетэй гахайн мах нь илүү амттай байдаг юм билээ.

Амтат жүрж

Амтат жүрж бол Жэжүгийн нэр төрийн баталгаа болсон бүтээгдэхүүн юм. Жэжү аралд аялаж явахад шаргалтан боловсорсон амтат жүржийн талбайтай олонтой таарах болно. Шоколад, жимсний шүүс, мөхөөлдөс гээд олон төрлийн амттанаас жүржийн амтыг мэдэрч болно. Жэжүд очоод буцсан хүмүүс заавал амтат жүржээс нь авч явдаг гэхээр л ямархуу гоё амттай нь мэдрэгдэх биз ээ.

Ийнхүү Жэжүд өнгөрөөсөн 2 шөнө 2 өдөр үнэхээрийн мартагдашгүй сайхан байлаа. Сөүл рүү нисэх замдаа “Уртаашаа 70 хан км зайтай энэ жижигхэн арлыг үзэх гэж жилдээ 15 сая жуулчин ирж байхад асар уудам газар нутагтай манай улс 1 сая хүрэхгүй жуулчин авж байх ч гэж дээ. Манай улсын эрх мэдэл, мөнгө төгрөгтэй хүмүүс аялал жуулчлалын салбарт жаахан ч гэсэн хөрөнгө оруулдаг болоосой. Мөнгөтэй бас мэдэлтэй бол Богд хааныхаа музейг музей шиг болгоод, тухайн үеийн орчныг нь бүрдүүлээд, хувцас хэрэгсэлийг нь өмсгөж жуулчдыг ёстой мянга мянгаар нь татахгүй юу” гэсэн хөнгөхөн бодолд дарагдсаар Сөүлд газардлаа.

Үргэлжлэл бий…

Хариулт үлдээх

Your email address will not be published.