Хонь бүрэн, чоно цатгалан
2017 оны 11 сарын 2

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг чөлөөлж, оронд нь Д.Гэрэлийг томиллоо. Д.Гэрэлийн хувьд өмнө нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан. Түүнийг 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд Ерөнхий сайд Сү.Батболд томилж байв. Харин үүнээс жил нэг сарын дараа буюу 2013 оны тавдугаар сарын 19-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Ариунсанг томилж байсан юм. Д.Гэрэл бол туршлагатай тагнуулч. Түүнийг өчигдөр томилсоны дараа Б.Хурц ч “…Д.Гэрэл бол туршлагатай хүн” гэж мэдэгдсэн байна. Д.Гэрэл нь НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, зөвлөх консулын хэлтсийн дарга, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм.

Тэрээр 2013 онд ТЕГ-ын даргын ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа “…“Намайг ямар үндэслэлээр ажлаас халсаныг мэдэхгүй байна. Засгийн газар хуралдах үед би эмнэлэгт байсан. Одоо ч эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлгээс гараад тушаалтай танилцана. Би ажлаа өгөх хүсэлт гаргаагүй” гэж байсан юм. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ талаар “…ТЕГ-ын дарга бол Монгол Улсын нүд чих болж зөв шийдвэр гаргахад мэдээллээр хангах байгууллага. Гэтэл үүргээ биелүүлж ажиллахгүй байсан. Тухайлбал, Якунины захидал надад ирэхээс өмнө сонин дээр гарсан. Яагаад тэгсэн бэ. Захидлыг задалсан хүнийг олоод ир гэхэд биелүүлээгүй. Солонгосоос шатахуун оруулж ирье гэхэд хэдэн авлигач нь нийлж байгаад Солонгосын компаниас 30 мянган ам.доллар идчихсэн байсан. Мөнгө хүлээж авсан хүнийх нь гарын үсэгтэй баримтыг олж өгөөд энэ хэргийг тодруул гэхэд тэгээгүй. “Роснефть” дээр очоод шатахууны үнээ битгий буулга. Нэмээд бай гэж хэлсэн хүн бий. Тэр хүнийг мөн олоод ир гэсэн ирээгүй. Ийм байхад нь даргыг нь өөрчлөхгүй яах юм бэ” гэж хариулж байсан юм. Энэ бүхний эцэст, дөрвөн жил гаруйн дараа Д.Гэрэл ТЕГ-таа эргэн ирлээ.

Өчигдөр болсон бас нэг томилгоо бол Засгийн газар Б.Хурцыг ТЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөн Б.Ганболдын оронд БНСУ-д суух Элчин сайдаар томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдсэн байна. Хэд хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэлж ярьж байсныг харахад Б.Хурц ч балрахаар дүр зураг харагдаж байсан. Ц.Нямдорж хэлэхдээ Б.Хурцыг тав хоногийн дотор чөлөөлнө гэсэн. Ингээд харахаар Ц.Нямдорж хэлсэндээ хүрч Б.Хурцыг чөлөөлсөн байгаа юм.

Гэтэл Б.Хурцын мэдэгдэл, Ц.Нямдоржийн хариулт бол маш ноцтой зүйл байсан гэдгийг эх сурвалжууд хэлж яриад байгаа. Тэр утгаараа Б.Хурц балрах юм байна гэж харагдаж байв. Б.Хурц балрах байтугай дэвшээд алга болох шиг боллоо.

Ингэхээр Ц.Нямдорж ялагдав уу, ялав уу гэдэг нь тодорхойгүй үлдэж байна.

Нөгөөтэйгүүр ТЕГ-ын даргын томилгоог хэн мэдчихэв гэдэг анхаарал татаж байгаа юм. Өмнөх жишгээр, бас хуулиараа бол Ерөнхий сайд мэдэх ёстой. Харин энэ удаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТЕГ-ын даргаар Д.Гэрэлийг томилоогүй нь тов тодорхой байгаа юм.

Тэгэхээр Д.Гэрэлийг томилсон хүн У.Хүрэлсүхийн цаана нуугдаад үлдэж байх шиг байна. Юутай ч Б.Хурц, бас Ц.Нямдорж хоёрын тухайд хонь бүрэн, чоно цатгалан томилгоо явагдчих шиг боллоо.

Б.ОЧИР

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хариулт үлдээх

Your email address will not be published.